Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2018.09.22,23/ Тээврийн цагдаагийн алба нийт 645 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 473 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэлээ.
Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас 14 хүн гэмтэж бэртсэний 3 нь бага насны хүүхэд осолд өртсөн байна. Мөн Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 99 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллалаа.
Амралтын өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдал өмнөх өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад харьцангуй тайван байсан бөгөөд "Автомашингүй өдөр”-өөр зам тээврийн ослын дуудлага мэдээлэл 40 хүртэл хувиар буурсан байна.
Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:
- 09.22-ны өдөр Баянчандмань явах зам, "Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн хойд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 32 настай Б-г мөргөж гэмтээгээд ослын газрыг орхиж явсан хэргийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж Sonata-6 маркийн автомашин болохыг тогтоож шалгалтын ажиллагааг явуулж байна.
- Мөн 2018.09.23-ны өдөр СБД-ийн нутаг Ногоон нуурын гудамжны замд Pruis маркийн автомашины жолооч явган зорчигч С,Н нарыг мөргөж гэмтээсэн бөгөөд тухайн үед явган зорчигч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан байна.
Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 8 осол, унадаг дугуйтай холбоотой 2 осол, мөргөлдөх хэлбэрээр 2 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэн байна.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулга 11-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд уг дүрэмд Явган зорчигчийн амь насыг хамгаалахад чиглэсэн дараах нэмэлт, өөрчлөлтүүд орсон байна. Жишээ нь:
Явган хүмүүс харанхуй үед зам тээврийн осолд өртөх явдлыг бууруулах үүднээс дүрмийн 5.2-т "Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино" гэсэн зөвлөмжийн чанартай заалтыг нэмж тусгасан бөгөөд энэ шаардлагыг гадаадын олон улс орон, ялангуяа европын ихэнх орон замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомждоо тусган хэрэгжүүлж байна.
Мөн дүрмийн 27.2-ын "б"-д "өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан, мансуурсан байдалтай буюу сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх"-ыг иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон бөгөөд энэ нь тэдгээр хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой заалт болно.