|

ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ МӨРӨӨ ГАРГАХ ЗАН ҮЙЛ

tonshuul 2015/02/16 118580 0
Монголчуудын зүг чигийн бэлгэдэл бол нэн эртний байгалийн шүтлэгээс улбаатай. Дөрвөн зүг, дөрвөн зовхис буюу "дөрвөн зүг найман зовхис” хэмээн хэлж заншсан зүг чигийг  бэлгэдэл болон 12 жил, 28 од лугаа хамтатгасан бондхорол хэмээх зурагт дүрслэл бол бүр бөө мөргөлийн зан үйлээс улбаатай билээ. Бондхорол гэдэг нэрнээсээ л ил тодорхой харагддаг. Бондхорло нь төвд үг бөгөөд "бон” нь бонбо (bon po/), до (gto/) нь засал хорло (‘khor lo/) нь хүрд гэсэн үг бөгөөд хамтатгаваас "бонбын заслын хүрд (bon gto ‘khor lo/)” гэсэн үг ээ. Энэхүү найман зүгийг хөлөл гэнэ. Монголчуудын найман суудлын зан үйл нь бонбын шашнаас гаралтай бөгөөд Бурханы шашин  монгол оронд дэлгэрэх явцад улам агуулга нь дэлгэр болж шашин соёлын гүн гүнзгий агуулгатай болжээ. Чингээд найман зүг буюу найман суудал нь арга, билиг таван махбодын харилцаагаар зохицуулагддаг болжээ.

 ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ МӨРӨӨ ГАРГАХ ЗАН ҮЙЛ

 


Монголчуудын зүг чиг нь баруун, зүүнээрээ ялгатай байдаг. Баруун талын халхууд буюу ойрад монголчууд нар урдаас гарна хэмээх үздэг. Харин төв халхууд наран зүүнээс мандна гэх тул тэдний зүг чигийн баримжаа бүтэн ерэн градусын зөрөөтэй байдаг. Чингэж хоёр янзаар зүг чигийн баримжааг гаргах боловч зүгүүдийн махбод ба арга билгийн харьцаа тэргүүтэнд зөрөх зүйл үгүй. Энэ нь "Зүгийн хөлөл зүг лүгээ тохирно. Завсрын хөлөл шороо болой” гэсэн томъёоллоор таван зүйл махбодад хуваагдддаг. Тэр таван зүйл махбод нь могой, морь  буюу гал махбодтой урд (баруун Монголын баруун зүг) зүг, бич, тахиа буюу баруун (баруун Монголын хойт зүг) зүг нь шороон махбодтой, гахай, хулгана буюу хойт (баруун монголчуудын зүүн) зүг нь усан махбодтай, бар, туулай буюу зүүн (баруун Монголын урд зүг ) зүг модон махбодтай бөгөөд зовхист орших хонь, нохой, үхэр, луу жилүүд нь шороон махбодтой болно. Махбодын энэхүү харгалзааг арван хоёр жилийн амин махбод гэж хэлэх нь ч буй.
Монголчуудын байнгын хэрэглээ болсон эсгий гэр нь тэр чигээрээ наран цаг мөн бөгөөд зүг чигийн гол бэлгэдэл болдог. Гэрээ нар уруу буюу могой морины амин зүгт хандуулан барьдаг.

Чингээд баруун хатавчнаас нар зөв тойруулан зэргэмжээр  морины эдлэл, хэрэглэл, чигээ, лимбэ морин хуур (баруун монголд бол цуур, икл, товшуур) тэргүүтэн хөгжмийн зэмсэг, дээл хувцас хийгээд нум, саадаг, буу зэвсэг, зодог шуудаг, далллагын сав тавьж хойморьт хийморь, сүлдийг дээш татагч бурхан тахил, ном судраа тавьж байруулаад зүүн тийш зэргэмжээр айраг, архи, дарс, заслын зэмсэг, зүү утас зэрэг үйлийн хэрэглэл, идээ будаа, аяга шанага дараалсаар зүүн урд хатавчны тус газар саалийн хувин, сав суулга тэргүүтэн цагаан идээний хэрэгсэл байрладаг. Эдгээр байрлал бол бас л зүг чигийн бэлгэдэл бөгөөд арга, билиг таван махбодын сургаал онолтой шууд холбоотой байдаг билээ.

Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлаач мөрөө гаргах зан үйлийг хийнэ. Тэр үес хот айлын ахлаачид өрх  бүрийн тэргүүлэгч, нуган үрс бараа болох нь буй. Ахлаач бээр нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морь хүлгэлэн цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд эзэн сүлдэнд мөргөж, буян хишигийн зүгээсээ гэр үрүүгээ хандан ирнэ. Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ашиг хонжлого, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой эргэн ирж байхыг зөгнөсөн утгатай байдаг. Зүг мөрөө гаргангаа хийдэг нэгэн зан үйл нь жилийн  цээр гаргах дом засал байдаг.
Монголчууд бүгд эсгий гэртээ малжин амьдарч байсан тэр эрт цагт ихээхэн сонирхолтой дом засал хийж байсан гэдэг.

Галд суусан хүмүүн нэгэн шанага галын цогийг авч гэрээсээ зүүн өмнө зүг есөн ес наян нэгэн алхам газар нүх малтаж булаад урд талаасаа буцаж ирнэ.
Шороонд суусан хүмүүн гэрийн хүрээний шорооноос нэгэн хэсгийг авч баруун зүг чиглэн мөн есөн ес наян нэгэн алхам газар очиж овоолон асгаад, баруун урдаас эргэж ирнэ.

Төмөрт суусан хүмүүс есөн хэсэг төмрийн үртэс өөдөс авч гэрээсээ баруун урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар цацаад баруун талаасаа ирнэ.
Огторгуйд суусан хүмүүс хөх бөс даавууны өөдөс, цуудсыг модон торгож бариад гэрийн зүүн хойт зүгрүү есөн ес наян нэгэн алхам газарт хатгаад баруун хойноосоо ирнэ.

Усанд суусан хүмүүс нэг аяга ус авч гэрээсээ зүүн тийш есөн ес наян нэгэн алхам газарт цацаад гэрийн хойноос ирнэ.
Ууланд суусан хүмүүс гэрээсээ баруун хойт зүгрүү гарч есөн ес наян нэгэн алхам газар хэсэг чулуу овоолж, зүүн хойноос ирнэ.
Модонд суусан хүмүүс таван зүйлийн өнгийн даавууны өөдөс, цуудсыг утсаар хэлхэж гэрийн хойт зүгт есөн ес наян нэгэн алхам газар бут сөөгөнд уяад гэрийнхээ зүүнээс хойноос ирнэ.

Хийд  суусан хүмүүс шувууны өд тэргүүтэн хөнгөн хийсдэг эдийг авч гэрийнхээ урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар очиж хийсгээд зүүн урдаас ирдэг байсан ажээ.

Хожуу бурхны шашин дэлгэрч, нүүдэлчдийн дунд хийд, дацан тэргүүтэн суурин газрууд буй болсон үед энэхүү дом заслыг хийх аг тарнийн арга ч буй болжээ. Бас суудлын махбодоос хамааруулж хийх тэр махбодын засал нь галд суугсад гал гаргадаг, модонд суугсад мод хугалж хөдөлгөдөг, төмөрт суугсад төмрийн үртэс хаядаг, усанд суугсад ус, цасны дээгүүр гардаг, харин шороо, огторгуй, уул, хий хэмээх дөрвөн зовхисын хөлөлд суугсад чулуу, шороо хөдөлгөж, салхинд цаас хийсгэх тэргүүтнээр өөрчлөгджээ.

Огт өөрчлөгдөөгүй зүйлс нь хийморийн зүг рүү гарч, буян хишгийн зүгээс ирдэг тэр уламжлал юм. Бас зүг чиг нь зурхайн махбодын онолоор баяжигдаж, тухайн морилон ирж буй шинэ жилийн амин махбод руу хар нохойн ам хардаг хэмээн сэтгэж, тэр зүгтэй тухайн бодагалын цог хийморийн зүг таарч байвал хар нохойн амнаас цээрлэж эмх хэмээх өөр нэгэн сайн зүг рүүгээ мөрөө гаргадаг ёс журам тогтжээ.
Мөр гаргах зан үйл тэргүүтэн эдүгээ бараг бүх нийтийн анхаардаг зүйл болсон тул энд олныг эс нуршив.

 ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ МӨРӨӨ ГАРГАХ ЗАН ҮЙЛ

 



ЖИЛИЙН БҮХ ХАРШИЙГ ЗАСАН МӨРӨӨ ГАРГАХ ЁСОН

1. Билгийн тооллоор 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105, 113 настай эрчүүд, 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109, 117 настай эмэгтэйчүүдийн зүүн урагш гараад, гал махбодын засал болгон, галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, гал гаргаад (шүдэнз зурж хаях зэргээр) урдаас ирнэ.

2. Билгийн тооллоор 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106, 114 настай эрчүүд, 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108, 116 настай эмэгтэйчүүд баруун тийш гараад, шороон махбодын засал болгон, шороо чулуу хөдөлгөн, агаарт цаас хийсгэн, салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж баруун урдаас ирнэ.

3. Билгийн тооллоор 3, 11, 19, 27, 35, 43, 51, 59, 67, 75, 83, 91, 99, 107, 115 настай эрчүүд, мөн насны эмэгтэйчүүдийн хийморь махбодын зүг рүү энэ жилийн хар нохойн ам харж буй тул тэр зүг рүү гарахыг цээрлэн, зүүн хойт зүг рүү гарч, төмөр махбодоос үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөр хөдөлгөөд баруунаас ирнэ.

4. Билгийн тооллоор 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108, 116 настай эрчүүд, 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106, 114 настай эмэгтэйчүүд зүүн хойш гаран огторгуй махбодын засал болгон агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөөд, салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж, баруун хойноосоо ирнэ.

5. Билгийн тооллоор 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109, 117 настай эрчүүд, 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105, 113, 121 настай эмэгтэйчүүд зүүн тийш гарч, усан махбодоос гэмтэхгүй хэмээн сэтгэж, цас, усан дээгүүр гараад, хойноос ирнэ.

6. Билгийн тооллоор 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102, 110, 118 настай эрчүүд, 8,  16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 104, 112, 120 настай эмэгтэйчүүд баруун хойш гаран салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, шороо чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгээд, зүүн хойноос ирнэ.

7. Билгийн тооллоор 7, 15, 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87, 95, 113, 121 настай эрчүүд, мөн насны эмэгтэйчүүд хойшоо гарч модон махбодоос гэмтэхгүй хэмээн сэтгэж, мод хөдөлгөөд зүүн зүгээс ирнэ.

8. Билгийн тооллоор 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 114 настай эрчүүд, 6, 14, 22, 30,  38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102, 120 настай эмэгтэйчүүд  урд  зүг рүү гарч, салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн, шороо чулуу хөдөлгөөд,  зүүн урдаас ирнэ.


МӨР ГАРГАХДАА УНШИХ ТАРНИ НЬ:

1. Энэ жил гал хөлөл дээр суусан билгийн тооллоор 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97 настай эрчүүд, 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93 настай эмэгтэйчүүд Цагаан сарын шинийн нэгний өглөө "Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа суухаа”

2. Энэ жил шороо хөлөл дээр суусан билгийн тооллоор 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98 настай эрчүүд, 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100 настай эмэгтэйчүүд цагаан сарын шинийн нэгний өглөө "Ум бадма дагиний хум ма маа бизаяа суухаа”

3. Энэ жил төмөр хөлөл дээр суусан билгийн тооллоор 3, 11, 19, 27, 35, 43, 51, 59, 67, 75, 83, 91, 99 настай эрчүүд, мөн насны эмэгтэйчүүд Цагаан сарын шинийн нэгний өглөө "Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа”

4. Энэ жил огторгуй хөлөл дээр суусан билгийн тооллоор 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100 настай эрчүүд, 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98 настай эмэгтэйчүүд Цагаан сарын шинийн нэгний өглөө "Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа”

5. Энэ жил ус хөлөл дээр суусан билгийн тооллоор 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93 настай эрчүүд, 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97 настай эмэгтэйчүүд Цагаан сарын шинийн нэгний өглөө "Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухаа”

6. Энэ жил уул хөлөл дээр суусан билгийн тооллоор 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94 настай эрчүүд, 8,  16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96 настай эмэгтэйчүүд Цагаан сарын шинийн нэгний өглөө "Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа”

7. Энэ жил мод хөлөл дээр суусан билгийн тооллоор 7, 15, 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87, 95 настай эрчүүд, мөн насны эмэгтэйчүүд Цагаан сарын шинийн нэгний өглөө "Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа”

8. Энэ жил хий хөлөл дээр суусан билгийн тооллоор 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96 настай эрчүүд, 6, 14, 22, 30,  38, 46, 54, 62, 70, 78, 86, 94 настай эмэгтэйчүүд Цагаан сарын шинийн нэгний өглөө "Ум базар падма мамаа бизаяа суухаа” тарнийг уншина.

Мөрөө гаргахдаа "Ялж Төгс Нөгчсөн Түүнчлэн Ажирсан Дайныг Дарсан Үнэхээр Туулсан Бурхан өдрийн  тоо, гүйгч од, өнийн хаанаа мөргөмүй. Ум агаа. ни ни. га ни. а жи лаа. ман даа лээ. ман даа лээ. ма ей суухаа. Өдөр болгон буян болой. Гүйгч одон бүгд сайн болой. Дайныг Дарсан бүгд цувралаас хагацсан. Бурхан бүгд рид хувилгаан ихтэй. Үнэн хийгээд үнэн үг эдгээр бээр гариг, одон, өдрийн муу гэм бүгд амирлах болтугай. Санасан хэрэг бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай” хэмээн өгүүлвээс "Гариг, од, өдрийн муу гэм бүгд амирлах болой" хэмээн номлосон болой. Учир иймд цагаан сарын шинийн нэгэнд жил, сар, өдөр, цаг хийгээд бусад жил орох, мэнгэ голлох, суудал давхарлах тэргүүтэн махбодын харш нөлөөнд орохгүй хэмээн сэтгэж, дээрхи номыг уншин, бясалгаваас ач тус, адис жинлав нь сэтгэшгүй хэмээн өмнийн мэргэд чухалчлан айлдсан болой.

Нэгэн зүйл. Төрсөн билгийн жил хийгээд насаа зөв тогтоох арга

 ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ МӨРӨӨ ГАРГАХ ЗАН ҮЙЛ

 


Аргын оныг билгийн жилд, билгийн жилийг аргын онд шилжүүлэхэд доорхи хүснэгтийг ашиглана. Хүснэгтэд буй тоонууд нь жарны доторхи жилийн дугаар болно.

Тэр дугаар нь тухайн жил болон түүний махбода хоёрын уулзвар дээр буй.
Жарны тооллын билгийн жилийг аргын онд шилжүүлэх арга

Одоо билгийн жилийг хүснэгт ашиглан аргын онд шилжүүлэх хялбар аргыг зохиоё.
Жарны дугаарыг a, жилийн дугаарыг b, билгийн жилд харгалзах оныг  о үсгээр тэмдэглэе.

Билгийн жилийг аргын онд шилжүүлэх томъёо нь:

o=1026+(a-1)*60+b болно.
Жишээлбэл: XYI жарны гал морин жилийг аргын онд шилжүүлье. Жарны дугаар нь a=16, Хүснэгтээс харвал гал морин жил нь b=40
o=1026+(a-1)*60+b=1026+(16-1)*60+40=1026+900+40=1966
буюу 1966 он болж байна.

Аргын оныг жарны жилд шилжүүлэх арга

Одоо аргын оныг билгийн жилд шилжүүлэх аргыг зохиоё.
Тухайн аргын оноос 1026-г хасч, гарсан ялгаврыг 60-д хуваасны бүхэл үлдэгдэл нь олох билгийн жилийн дугаар бөгөөд ногдвор дээр 1-ийг нэмбэл олох билгийн жилийг харъяалах жарны дугаар гарна. Хүснэгтэд буй дугаараар билгийн жил хийгээд түүний махбодыг олно.

1962 оныг билгийн жилд шилжүүлье.
1962-1026=936. 936:60=15(36). 36 нь билгийн жилийн дугаар. Хүснэгтээс харвал 36 дугаартай жил нь усан бар байна. 15+1=16. усан бар жилийг харъяалах жарны дугаар 16 буюу 1962 он нь XYI жарны усан бар жил болж байна. Дээрхи хоёр аргаар төрсөн жилээ олж болно.

Санал болгох

Сэтгэгдэл

top