
Орос, Украины сөргөлдөөн эхэлсэнээс хойших хамгийн том агаарын довтолгоонд Киев дэх Засгийн газрын төв байр өртөж, гурван хүн, түүний дотор нэг нярай амь үрэгдсэн тухай Украины албаныхан ням гарагт мэдэгдэв.
Украины нийслэлийг чиглэсэн нисгэгчгүй онгоц, пуужингийн довтолгоонд 18 хүн шархдаж, олон тооны барилга байгууламжийг шатжээ.
Киев дэх Сайд нарын танхимын дээврээс утаа гарч буй дүр зургийг олон улсын хэвлэлүүд дамжуулж байна. Ерөнхий сайд Юлия Свириденко засгийн газрын байр анх удаа дайралтад өртөж, дээвэр болон дээд давхрууд нь эвдэрч сүйдсэн тухай гэж мэдэгджээ.
Оросын зүгээс өнгөрсөн шөнө 805 нисгэгчгүй онгоцоор Киевийг довтолсон байна. Украины Агаарын цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Юрий Ихнат ням гарагт болсон халдлагыг 2022 онд Оросын довтолгоо эхэлсэнээс хойших нисгэгчгүй онгоцны хамгийн том цохилт гэж Associated Press агентлагт мэдэгдэв.
Украины агаарын хүчин 747 нисгэгчгүй онгоц, дөрвөн пуужинг сөнөөж, саармагжуулсан тухай Агаарын цэргийн хүчний мэдэгдэлд дурджээ.Украин даяар 37 байршилд есөн удаа пуужин харваж, нисгэгчгүй онгоцоор 56 удаа цохилт өгсөн байна. Сөнөөсөн нисгэгчгүй онгоц, пуужингийн хог хаягдал найман байршилд унажээ.
Киев хотын дарга Виталий Кличкогийн хэлснээр, нисгэгчгүй онгоцны халдлагад нялх хүүхэд, нэг залуу эмэгтэй амиа алдсан бол эмнэлэгт хүргэгдсэн шархдагсдын дунд жирэмсэн эмэгтэй байгаа ажээ. Өмнө нь Кличко Днепр мөрний зүүн хэсэгт орших Дарницкий дүүрэгт өндөр настай эмэгтэй тэсрэх бөмбөгөөс хоргодох байранд нас барсан тухай мэдэгдсэн юм. Нисгэгчгүй онгоцны хог хаягдал унасны улмаас 16 давхар орон сууц болон хоёр барилгад гал гарсан гэж хотын дарга нэмж хэлэв.
Украины баруун хэсэгт агаарын довтолгоон ширүүсэж байгаа тул Польш улс агаарын аюулгүй байдлыг хангах үүднээс өөрийн болон холбоотнуудын нисэх онгоцуудаа идэвхжүүлсэн тухай Польшийн зэвсэгт хүчний шуурхай командлал мэдэгдэв.