|

Макроны засаглалын долоо дахь Ерөнхий сайд

zulaa 2025/09/17 2 0

Эммануэль Макрон Елисейн ордны эзэн болсноос хойш Францад долоо дахь, сүүлийн нэг жилд гурав дахь Засгийн газар нь одоо эмхлэн байгуулагдах дээрээ тулж ирлээ. Энэ Засгийн газрыг 2022 оноос Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Сэргэн мандал намын гишүүн Себастьян Лекорню толгойлох болж байна. Тэрбээр 1986 онд төрж, 16 настайдаа Ардын хөдөлгөөний төлөө холбоо намын гишүүн болоод улс төрийг сонирхох болсон байна. Намынхаа залуучуудын хөдөлгөөний бүрэлдэхүүнд багтан 2004 онд Вернон хотод бүс нутгийн сонгуульд оролцов. Их сургуульд сурч хүний эрхийн салбарт бакалавр, магистрын зэрэгтэй болжээ.
2005 онд Үндэсний хурлын депутат Эр Франк Жиларын туслахаар ажиллав. Энэ үедээ Департаментын өөр нэг депутаттай хамтран ажиллах болсон байна. Себастьян Лекорню 23 насандаа Засгийн газрын гишүүн Франсуа Фийоны хамгийн залуу туслах нь болов. 2014 онд Департамент дахь намын бүлгийн даргын орлогчоор сонгогдож, улмаар депутат Франк Жилaрын орлогч болсон байна. 2013 онд Ардын хөдөлгөөний төлөө холбоо намын даргын сонгуульд өрсөлдсөн Брюно Ле Мэрийн кампанит ажилд идэвхтэй оролцож 2013 оны тавдугаар сараас 2014 оны аравдугаар сард уг намын үндэсний нарийн бичгийн даргаар ажиллажээ. 2014 онд Вернон хотын захирагчийн албаа өгч, Департаментын зөвлөлийн ерөнхийлөгчийн үүрэгт ажилд голлон анхаарах болсон байна. Хотын захирагчийн суудалд ойрын хамтран зүтгэгч Франсуа Узийогоо дэвшүүлэв.
Филиппийн хоёр дахь Засгийн газарт Николья Юлогийн тэргүүлж байсан Экологийн цогцолбор өөрчлөлтийн яаманд 2017 оны зун Төрийн нарийн бичгийн даргаар томилогдов. Ингэснээр Департаментын зөвлөлийн ерөнхийлөгчийн албанаас халагджээ. Бүгд найрамдахчууд намын Улс төрийн товчоо Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон хүмүүсийг эгнээнээсээ хасах шийдвэр 2017 онд гаргахад тэдний тоонд Лекорню орсон байна. Ерөнхийлөгчийн “Урагшаа БНУ” намд орж буйгаа тэрбээр 2017 оны эцсээр зарлалаа. Филиппийн хоёр дахь Засгийн газар 2018 онд боловсон хүчний томоохон халаа сэлгээ хийхэд түүнийг Газар нутгийн хөгжлийн яамны дэргэдэх Нутгийн өөрөө удирдахын хариуцлагатай сайдын албанд томилов.
Филипп 2020 оны зун огцорч Кастексийн танхим эмхлэн байгуулагдахад Лекорню Хилийн чанадын газар нутгийн яамыг тэргүүлэх болжээ. 2021 онд Департаментын Зөвлөлд дахин сонгогдож улмаар ерөнхийлөгч нь болсон байна. Ерөнхийлөгч Эммануэль Макроны шийдвэрээр тус Зөвлөлийн сайд хийгээд ерөнхийлөгчийн ажлыг хавсран гүйцэтгэх болжээ.
2020 оны тавдугаар сараас Элизабет Борны Засгийн газарт Зэвсэгт хүчний яамыг нь удирдахаар томилогдов. 2024 оны эхнээс Атталийн тэргүүлсэн Засгийн газарт энэ суудлаа хадгалан үлдэв. Есдүгээр сард Барньегийн Засгын газар ч суудлыг нь өөр хүнд өгсөнгүй. Арванхоёрдугаар сард Франсуа Байру Засгийн газартаа Лекорнюг мөн Зэвсэгт хүчний сайдаар ажиллуулсан байна.
Ерөнхийлөгч Эммануэль Макрон 2025 оны есдүгээр сарын 9-нд түүнийг Ерөнхий сайдын албанд томиллоо. Франсуа Байруд Парламент нь итгэл үзүүлээгүй тул ийн орны нь хүнийг томилов.
Лекорнюг Зэвсэгт хүчний сайдын албыг сайн хашиж, өөрийгөө чухам хэн болохоо харуулж чадсан гэж франц судлаач, шинжээчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн байна. Ялангуяа зэвсэг экспортлох ажилд зүтгэл гаргажээ. Тус яамны тайлангаас үзвэл 2024 оны байдлаар сөнөөгч онгоц, усан доогуур явдаг завины борлуулалт 21.6 тэрбум еврод хүрсэн нь дээд амжилт аж.
Украины хямралаас үүдэн зэвсэглэлээ нэмэгдүүлэх болсон Европт нисэх техникийн экспорт мөнгө оруулж ирсний зэрэгцээ олон мянган франц хүнийг ажилтай болгожээ.
Шинэ Ерөнхий сайдыг томилох сонголт хийхэд Макронд төвөгтэй байсангүй. Лекорню одоо 39 настай байгаа нь Макрон анх Ерөнхийлөгч болж байх үе шиг нь л цэл залуу байна. Гэхдээ Макрон Ерөнхий сайдаа томилохдоо улс орныхоо өнөөгийн нөхцөл байдал, улс төрийн алсын төлвийг хэрхэн үнэлж, цэгнэж буйгаа харууллаа гэж Оросын Павел Тимофеев, Алексей Чихачев зэрэг судлаач, шинжээчид дүгнэсэн байх юм. Лекорню цэргийн яамыг тэргүүлж байхдаа өөрийн амжилтыг Ерөнхийлөгч болон нийгэмдээ үнэлүүлж чадаж байсан, Зэвсэгт хүчний чансаа ч Францад өндөр байдаг гэж Чихачев тэмдэглэсэн байна. Лекорню бол Макроны багийн эртний гишүүн, түүнийг Ерөнхийлөгч нь 2017 оноос дэмжиж ирсэн, төвийг сахисан хэдэр ярдаг Франсуа Байругаас ялгаатай нь Габриль Аттальтай адил залуу, ирээдүйтэй, насаар ч ойролцоо гэж Тимофеев онцолж байна. Чихачевын хэлснээр бол Лекорнюг Ерөнхий сайд болгохоор шийдэхдээ өөрийн улс төрийн бодлого, чиг шугамаа тууштай үргэлжлүүлнэ, сөрөг хүчинд буулт хийхгүй гэдгээ харуулахыг Макрон хүссэн аж. Үүний зэрэгцээ Лекорню халаагаа өгөгчийн нь хувь заяаг шийдсэн төсөв хэмнэх хатуу бодлогыг үргэлжлүүлэх нь тодорхой байна. Батлан хамгаалах зардал нь энэ онд гурван тэрбум еврогоор өссөн, 2017 онтой харьцуулбал 2027 онд хоёр дахин нэмэгдэхээр байгаа юм. Европт зөрчил тэмцэл ихэсч буй аюулын өмнө “дайчилгаа” чухал болж буйгаас зэвсэглэлд зарцуулах хөрөнгө нэмэгдэж, тэтгэврийн зардлыг “царцааж” байгаагаа шинэ Ерөнхий сайд тайлбарлахад төвөгтэй биш байх биз.
Себастьян Лекорню гарал үүслээрээ барууны буюу Николя Саркозигийн багийн хүн, дараа нь Эдуард Филиппийнх байгаад одоо Макроных боллоо. Макроны үеийн долоон Ерөнхий сайдын гурав нь барууны хүчнийх байв. Макрон Ерөнхий сайдаар “зүүнтэн” томилж байсангүй. Франц орон даяар саяхан эхлүүлсэн үндэсний ажил хаях ажиллагааны хөдөлгөгч хүч нь зүү¬ нийхэн байгаа юм. Лекорнюг Ерөнхий сайдаар томилсон нь тэдний санаанд огт нийцээгүй ч зүүнтнүүдтэй хэл амаа ололцох шаардлага түүнд зайлшгүй тулгарна. Түүнийг хэлэлцээр хийхдээ гаргуун гэлцдэг, зүүний хүчнийхэн ч энэ чадварыг нь үнэлдэг юм байна.
Ерөнхий сайд асан Франсуа Байруг 2026 оны төсвийн төслийг өргөн барьсны нь дараа долоодугаар сараас цар хүрээтэйхэн бойкотод уриалаад эхэлсэн байдаг. Урьд нь 40 тэрбум евро гэж төлөвлөж байсан төсвийн хэмнэлтээ эрх баригчид 43.8 тэрбум болгохоор шийдсэн байсан юм. Сайд нарын танхимын төлөвлөгөөгөөр тэтгэвэр, нийгмийн халамжийг мөнгөний ханштай уялдуулахгүй, Батлан хамгаалахаас бусад ямар ч яамны төсвийг нэмэхгүй байв. Дэлхий дахинд аюулгүй байдал муудсанаас батлан хамгаалах салбарт 3.5 тэрбум евро нэмж хуваарилахаар төлөвлөсөн байлаа. Төсвийн хомсдолыг багасгахын тулд францчууд илүү ажиллах хэрэгтэй гэж Байру мэдэгдэв. Тэгээд баярын хоёр ч өдрийг ажлынх болгох санал дэвшүүлсний дотор тавдугаар сарын 8-нд тэмдэглэдэг фашизмыг ялсан баяр орсон байна.
Засгийн газрын энэ мэт арга хэмжээ франц¬ чуудыг, тэр дундаа улс төрийн хүрээнийхний бухимдлыг төрүүлжээ. “Бүхнийг зогсооё” уриатай хөдөлгөөнийг төвлөн удирдах байгууллага байхгүй ч янз бүрийн ажил, мэргэжлийн хүмүүс, үйлдвэр, нийтийн тээвэр, эрүүлийг хамгаалах салбарын ажилчин, ажилтнууд, фермийн аж ахуй эрхлэгчид, цэвэрлэгчид, оюутнууд, ахлах ангийн сурагчид ч түүнд нэгдэхээр шийдсэн байна.
Түүнчлэн нефть баазууд, их сургуулиуд, ложистикийн төвүүд, нисэх онгоц, галт тэрэгний буудлуудыг хамруулж “Эдийн засгийн бүслэлт” хийхээр ч төлөвлөсөн байна.
Дотоод хэргийн сайд Брюно Ретайо үүнтэй холбогдуулан гол гол дэд бүтцийг хамгаалах тууштай арга хэмжээ авахыг орон нутгийн эрх баригчдаас шаарджээ. Нийтдээ 100 мянга гаруй хүн хамарсан эсэргүүцлийн 700 гаруй арга хэмжээ болохоор байна. Тэдгээр нь зохион байгуулалт муутай, нэгдсэн удирдлагагүй байх төлөвтэй, эсэргүүцэгчид дотор нөгөө “шар хү¬ рэмтнүүдийн хөдөлгөөн”-ийхөн ч үзэгдэж буйгаас эмх замбараагүй байдал дэгдэх вий хэмээн болгоомжлох үндэслэл бий болсон байна. Тиймээс дэг журам сахиулахаар холбогдох байгууллагын 80 мянган хүнийг бэлтгээд байв.
Р.Жаргалант
https://www.unuudur.mn/a/277620

Санал болгох

Сэтгэгдэл

top