|

Шенгений богино хугацааны визийн мэдүүлгийг Улаанбаатар хотод авна

nomun 2018/09/19 645 0

Шенгений богино хугацааны визийн мэдүүлгийг Улаанбаатар хотод авна

 

Есдүгээр сарын 18-ны мягмар гаригт Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотноо Монгол, Чехийн Гадаад харилцааны яам хоорондын консулын зөвлөлдөх уулзалт болов. Тус уулзалтаар хоёр улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, албан паспорттай иргэдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх, нийгмийн хамгааллын хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах, хөдөлмөр эрхлэх виз олгох зэрэг асуудлаар ярилцсан байна.

Энэхүү уулзалтад Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Чехийн Гадаад харилцааны яамны Эрх зүй, консулын асуудал хариуцсан дэд сайд мартин Смолек тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. Уулзалтын үеэр Чехийн тал "Энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс богино хугацааны Шенгений визийн мэдүүлгийг Улаанбаатар хотод нээгдэх Визийн төвд, урт хугацааны болон хөдөлмөр эрхлэх визийн мэдүүлгийг Элчин сайдын яаманд хүлээн авна” хэмээн мэдэгдсэн байна. Ингэснээр виз олгох явц илүү хялбаршиж, виз хүсэгчдэд түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэнэ гэж үзжээ.

Өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс тус улсын Засгийн газраас баталсан журмын дагуу тусгай зөвшөөрөл бүхий, Чех улсын аж ахуйн нэгж, байгууллагууд Монгол Улсаас ажиллах хүч авах визийн тусгай журам үйлчилж эхэлсэн байна. Энэ хүрээнд оны эхний найман сарын байдлаар Чехэд манай улсын 8677 иргэн оршин сууж буй ажээ. Талууд энэ ондоо багтаан Монгол, БНЧУ-ын хооронд нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна. Уг хэлэлцээрийг байгуулснаар Чех улсад хөдөлмөр эрхэлж байсан болон хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх аж. Талууд ирэх 2019 онд Улаанбаатар хотноо дараагийн уулзалтаа зохион байгуулахаар тохиролцжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top