|

Голомт банк Чехийн Экспортын банктай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ

namuunaa 2015/09/23 1195 0
Бизнес эрхлэгчдийн хувьд дэлхийд өрсөлдөх нэг гарц нь гадаадын хөрөнгө оруулагчид болон аж ахуйн нэгж, иргэдтэй итгэлт түншлэлийн харилцаа тогтооход оршдог. Хамтын ажиллагаа өргөжин тэлэхийн хирээр банк санхүүгийн найдвартай, шуурхай үйлчилгээ хамгаас чухал юм. Голомт банк харилцагчдынхаа энэхүү  хэрэгцээ шаардлагыг хангахын тулд Чехийн Экспортын банктай (ČEB) 2015 оны 09 дугаар сарын 22-ны өдөр хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.

Ингэснээр Бүгд Найрамдах Чех Улсаас тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, үйлчилгээ импортолдог бизнес эрхлэгчид  худалдааны таатай нөхцөлтэй санхүүжилт болон  банк санхүүгийн шуурхай, найдвартай үйлчилгээг авах боломж бүрдэх юм.
Энэхүү гэрээнд Голомт банкны гүйцэтгэх захирал Л.Оюун-Эрдэнэ болон Чехийн  Экспортын банкны (ČEB) Экспортын санхүүжилт хариуцсан захирал Игор Овчачик  нар гарын үсэг зурсан байна.

Энэхүү гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр Голомт банкны гүйцэтгэх захирал Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ:
"Манай улсын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа өргөжин тэлж, дэлхийд өрсөлдөхүйц болжээ. Ялангуяа БНЧУ болон Монголын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа өнө эртний түүхтэй юм. Бид энэхүү гэрээг байгуулснаар хоёр улсын бизнес эрхлэгчдийн хувьд банк санхүүгийн үйлчилгээг элдэв чирэгдэлгүй түргэн шуурхай хүргэх боломжтой болж байна. Хамгийн гол  нь Монголын хөдөө аж ахуй, уул уурхай, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт Чехийн техник, технологийг өргөнөөр ашигладаг бөгөөд тэдгээр аж ахуйн нэгжүүд Голомт банкнаас хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авах боломж бүрдэж байгаад баяртай байна” гэлээ.

1995 онд БНЧУ-ын засгийн газраас улсынхаа экспортыг дэмжих зорилгоор Чехийн Экспортын банкийг үүсгэн байгуулсан бөгөөд 100 хувь төрийн өмчит, ашгийн төлөөх бус байгууллага юм. Хорин жилийн түүхтэй тус банк нь 3,9 тэрбум долларын өөрийн хөрөнгөтэй дэлхийд үнэлэгдсэн томоохон банк юм байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top