|

Жудаггүй юмаа

saikhnaa 2016/03/31 518 0

Юу тарина. Түүнийгээ хураана гэдэг. Манай улстөрчид, тэднийг башир аргад нь бойжуулагч бидний  нийгэм энэ үгний шууд тусгал болж байна.

 

 

Одоо аль нам, хэн гэдэг улстөрч Монголыг илүүтэй өрөнд оруулсан талаар яриад яах юм бэ. Суурь тогтолцоогоороо илжирсэн улс төрийн ийм хөрсөн дээр өр биш баялаг бий болгоно гэж хэзээ бие биенээ хуурахаа болих юм бэ. Иргэдийн итгэлээр гарсан улстөрчид өнөөдөр танигдахгүй болтлоо хувирч хувийн эрх ашгаараа зогсох индэрээ сонгож байна. Тойрог гэдэг тэдний хувьд дахиж очихгүй газар нь болчихлоо. Шинэ үзэгдэл биш. Ширэн нүүрлэсэн танил зугталт.

 

Монголоо аврах хөдөлгөөнүүд өдөрт нэгээр нэмэгдэж байгаа ч аяга шаазан хагалж, хэрүүл тэмцэлийг өөгшүүлэхээс цаашгүй үг мэдэгдлээр увайгүйтэж байна. Ичих нүүргүй ийм гарууд л улстөрчдийн хөлсний алчуур болж иргэдийн талцуулах ажлыг гардаж байна. 

 

Одоо төмөр замаар яах юм бэ. Хэзээ нэг баригдаж дууслаа гэхэд "хэний” мэдлийн Тавантолгойгоос нүүрс ачигдах вэ гэж алалдаж байна.   

 

Одоо хэний төлөө жагсаад байгаа юм бэ. Жагсах ёстой хүмүүс нь гэртээ ажилгүй Эрх чөлөөний талбайд очих "микроны” мөнгөгүй сууж байгааг бүгд мэдэж байгаа.

 

Ойрын өдрүүдэд улс төрийн тогоонд хэн нь хэнийгээ намнах гээд талцаад байгаагаа ил тод зарлаж байна. Энэ дайнд хэний хүү ялсан ч сульдсан төрд хагарал авчрахаас эв зангидахгүй болсныг ард түмэн харахгүй байгаа гэж үү.

 

Эл хуль танхимд эдийн засгийн форум болж байхад нэг хүний төлөө жагсаал гадаа талбай дээр нь хүнээр, өнгөөр илүүрхэж байна. Сонгож болохгүй гэсэн цээртэй нэрийн жагсаалтыг тэр гишүүн бидэнд үүрэгдэж байна. Бүгдийг нь дахин сонгож болохгүй гэсэн бодит сануулгыг орлох энэнээс өөр ямар үзэгдлийг бид хүлээх болж байна. Улстөрчдийн жудаггүй авирыг өөгшүүлж учраа мэдэхгүй жагсаалт өрдөг баатрууд болох хэрэггүй.

Монголоо бодьё гэж том хашгиралдахаа больцгооё. Маргаашийг тосох үр хүүхэддээ юу үлдээхийг хүсч байна. Энэ асуултад өгөх хариултаар Эх оронч байх хэмжүүрээ бодитой харцгаая.

 

Талх, мах грамманд шилжлээ гээд бухимдаагүй тэсэх ард түмэн миний хайртай улстөрчийг тайван байлга гээд жагсаж байгаад хэн итгэх юм бэ. Дархан хилийг нь дайсан өнгийвөл хоолгүй ч байлдаж чадах ард түмэн дотроо хэмхэлдэх улстөрчдийн нэг талд орж байлдахаас залхаж байгааг яагаад мэдрэхгүй байгаа вэ. Юунд тэдний нэрийг барьж эрх ашгаа тулгаад байгаа юм бэ.

 

Эрхий хурууны хээгээр баталгаажиж байсан тусгаар тогтнол минь өсгий дээрээ гишгилсэн хэдэн улстөрчийн гарт сарних аюул нүүрлэсэн байна.

 

Ямар ч сүржигнэл энд байхгүй. Улс төрийн ёс зүй, эрх мэдлийн хуваарилалт, эдийн засгийн бодлогын зөв буруу өнөөдөр өчүүхэн сэдэв боллоо. Төр, төсөв хоёрыг нам нэртэй бүлэглэлүүд булаацалдаж байгааг сонин сайт тэмтэрдэг хүн бүгд харж байна. Ийм нийгмийг бий болгосон улстөрчид  хөгжлийн тухай хуурай цэцэрхэл ярихаа болчих хэрэгтэй. Улс орныг авч явах хөгжлийн бодлогоо гээж сонгуульд ялахын төлөө чичирсэн 4 жилийн хулхидалтаар намын дарангуйлалд төрийн алба дампуурсаар 25 жилийг үдсэн байна. Хохирол нь таны боловсролын дипломтой ч ажилгүй хүүхдүүд, хийж бүтээх бодит төсөл санаачилга байгаад ч авч чаддаггүй банкны зээл, танил талгүй бол олддоггүй алга дарам газрын гэрчилгээ биш. Явсаар таны шударга ёсонд үл итгэх болсон цөхрөл юм.  

 

Монголоо бодьё гэж том хашгиралдахаа больцгооё. Маргаашийг тосох үр хүүхэддээ юу үлдээхийг хүсч байна. Энэ асуултад өгөх хариултаар Эх оронч байх хэмжүүрээ бодитой харцгаая.

 

Ойрын үедээ төмөр зам хэрэггүй. Бүтэхгүй болчихлоо. Төмөр зам, Тавантолгой дээр хуваагдчихаад байгаа талцаанаас алдар нэр, албан тушаал цохих гэсэн бууны нохдыг ямар ч шаансгүй болгож ТТ-г зүгээр орхих тогтоолын төслийг ард түмнээр хэлэлцүүлмээр бухимдал төрж байна.

 

Таван хувийн ипотекийн зээлээр бус дайн самуун болсон мэт эх орноосоо дүрвэж харьд гарч хар ажил хийхээр 5 саяын барьцаа бөөгнүүлж яваа жирийн амьдралын үнэнээр улстөрчдөд дүн тавья.

 

Монголын амар амгаланг түйвээж буй гэмээ хүлээх багахан цаг үлдсэнийг "эх оронч” нэрийг отго жинс шиг булаалдах улстөрчдөд сануулах хэрэгтэй болсон байна.

 

Гар нь ганзаганд хүрэхэд адуунд мордохоо больж, айраг архи эргүүлэх асман банди нар шиг хоног аргацаасан манай улстөрчид жудаггүй байна. Ийм нөхдийг өмөөрч нүүрээ ширлэхээ больцгооё сэтгүүлч дээ. 

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Санал болгох

Сэтгэгдэл

top