|

Төрийн ажлаар шоу хийхээсээ ичдэггүй юм уу

saikhnaa 2016/01/14 734 0

"Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг эмэгтэй гишүүд батлуулж чадлаа. Энэ хууль бол эмэгтэй гишүүдийн УИХ-д сайн ажиллаж чадсаны жишээ. Бид хуулиа батлуулаад орхичихоогүй. Үргэлж анхаарал хандуулж, төсвийг нь батлуулж, хэрэгжилтэд нь хяналт тавиад явж байна...” Энэ бол эмэгтэй гишүүдийн байр суурь. Нөгөө талд УИХ-ын гишүүн С.Ганбаатар тун өөр зүйл ярьдаг. "Анх хүүхдийн цэцэрлэгийн нээлтэд очоод Л.Гантөмөр сайд, би, Г.Уянга гэх мэт гишүүд сууж байгаад энэ хуулийг анх боловсруулах нь зөв юм байна гэж бодсон. Ингээд л Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг боловсруулж, батлуулж чадлаа. Харах хүнгүй гэртээ цоожтой байсан олон мянган хүүхдийг бид аюулгүй орчинд байлгах том хуулийг батлууллаа. Би баяртай байна” гэх мэтээр хэвлэлд олон удаа ярилцлага өгч байжээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юу ярьж байсныг эргэн саная. 

 

 

Мөн л хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх асуудлыг мөрийн хөтөлбөрөө болгож явсан. Хуулийн төслийг батлуулсны дараа Ерөнхийлөгчийн амласан нэг том мөрийн хөтөлбөр биелэлээ олсон хэмээн зарлаж байсан удаатай. 2016 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн энэ хуулийн төслийг анх ярьсан хүн нь цаг хугацааны хувьд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч. Гэсэн ч удалгүй улстөрчид бүхэн энэ хуулийг өмчилж, өнөөдөр нэг хуульд гурван ч эзэн бий болчихоод байгаа юм. Манай улстөрчдийн үндсэн араншин энэ. Өөр олон жишээг дурьдаж болно оо. Амжилттай хэрэгжсэн ажлыг өөрийнх болгож, сүр дуулиантайгаар зарлана, хэрэгжиж чадаагүй нь хэн ч дурсахыг хүсдэггүй. Саяхан, "Нүүрс” хөтөлбөрийг бүгдээрээ л магтаж би эхэлж санаачилсан, би хэрэгжүүлсэн хэмээн цээжээ дэлдэж байлаа.



Гэтэл тэр хөтөлбөр алдаатай байсан тухай шуугиж, хариуцаж байсан хүн нь ял сонсоход хэн ч энэ хөтөлбөрийн дурсахаа больчихлоо. Бараг л би энэ талаар мэдээгүй явсан гэхээс л наагуур зүйл ярьж суугаа. Шинэчлэлийн Засгийн газрын үед хэрэгжүүлсэн "Гудамж” төсөлд ч олон эзэн байна. Н.Алтанхуяг сайд нэвтрүүлэг хүртэл хийж, энэ төсөл бол миний автор гэж зарласан гэхэд хэтийдэхгүй. Эдийн засаг хөгжлийн яамны сайд асан Н.Батбаяр ч энэ төслөөр шоудаж байсан удаатай. Цаашдаа ч шоудана. Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн энэ ажилд эзэн мундахгүй их. Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд бүгд л гудамж талбайг засч, 21 аймгийг засмал замаар нийслэлтэй холбосон хэмээн ярих нь ээ. Дараагийн нэг жишээ. УИХ-ын гишүүн О.Содбилэг Эрдэнэт хотод баригдсан ахмадын ордоны зардлыг улсын төсөвт хөөцөлдсөөр байгаад суулгаж, өөрөө өдөр шөнөгүй явж байж батлуулсан тухайгаа мэдээлж байсан юм.

 

Гэтэл төд удалгүй өнөөх ахмадын ордоны нээлтийг нь С.Эрдэнэ сайд очиж хийгээд, туузыг нь хайчилж орхисон тухай О.Содбилэг гишүүн бухимдаж байлаа. О.Содбилэг энэ талаар "Миний бие амласнаа биелүүлж Эрдэнэтийг босголцсон буянтай ахмадууддаа Ахмадын ордон бариулах төсвийг маш их тэмцэл дунд улсын төсөвт суулгаж, батлуулж чадсан. Баригдах явцад нь байнга хяналт тавьж, төсвийн хөрөнгө оруулалт нь зогсохгүйгээр барилгын ажил бүрэн дуусах нөхцөлөөр хангасан билээ. Харин нэгэн өдөр миний бие Улаанбаатарт ажилтай байх үед барилга дуусч, улсын комисст хүлээлгэж өгөөгүй байхад нөгөө Ахмадын ордонг маань АН-ынхан Эрдэнэтээр дайрч өнгөрөхдөө тууз хайчлах церемони хийгээд, нээгээд явчихжээ. Миний бие өөрийн хөөцөлдөж босгосон ахмадуудын ордондоо ахмадуудтайгаа инээлдэн хөөрөлдөн суух нь тууз хайчилснаас илүү сайхан дурсамж надад үлдээж байна...Эрдэнэтийн ахмадууддаа энэхүү ордонг өөрсдийн хэрэгцээнд сайхан ашиглахыг хүсье” хэмээн мэдэгдэж байжээ. 



Ингээд л улсын төсвөөр хийгдсэн нэг барилгын ажил Ардын намын гишүүн О.Содбилэг, Ардчилсан намын байгуулсан ХАХНХ-ын сайдын хийсэн ажил болж хувирч билээ. Энэ жишээ мөн л Хөвсгөлд давтагдаж байсан удаатай. Мөн л ахмадын сувилалын төвийг улсын төсвийн хөрөнгөөр бариулж тууз хайчлахаар очсон С.Эрдэнэ сайдын өмнө УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан давхиж очоод тууз хайчилж эгээ л өөрийнхөө хийсэн ажил аятай сүр дуулиантайгаар зарлаж, баяр ёслол хийчихээд явсан байсан гэдэг. Ахмадын нэг жижигхэн сувилал дахиад л Л.Энх-Амгалан гишүүний автор, С.Эрдэнэ сайдын хийсэн ажил болж үлдсэн юм. Энэ мэтээр бичээд байвал жишээ дуусахгүй. Улсын төсөвт суулгахад хошуу нэмэрлэчихсэн л бол өөрийн хийсэн ажил хэмээн сүр дуулиантай зарлах нь улстөрчдийн өмнөөс заримдаа ичих шиг ч болох юм. 


Хэн анх ярьсан, хэзээ ажил хэрэг болов гэдгийг ард түмэн мэдэж байхад ичихгүй худлаа ярьж өөрийнхөө хийсэн ажил гэж зарлаж эхэллээ, тэд. Уншигч авхай та олж уншсан байж магадгүй. Саяхнаас барилгын салбарт сайдаар ажиллаж эхлээд удаагүй байгаа З.Баянсэлэнгэ гэх хатагтай өөрийнхөө талаар хөрөг бичүүлжээ. Тэрбээр, барилгын салбарын хөтөч болж яваа эмэгтэй хэмээн тун сүрхий магтуулсан байх аж. Харамсалтай нь тэр хүн сайд болоод энэ салбарт юу хийснийг бодоод ч олохгүй байгаа юм. 



Ипотекийн зээл зогсч, олон зуун залуусын амьдралд маш хүнд цохилт болсон. Энэ хүндхэн шийдвэр түүнийг сайд болсны дараа хийгдсэн ажил. Д.Цогтбаатар гэх нөхөр хэрэгжих боломжгүй урьдчилгаа 10 хувийн талаар баахан шоудаж байгаа таг чиг болчихлоо. Үүнийг нь арилгахын тулд Д.Ганбат нарын гишүүд хуулийн төсөл өргөн мэдүүлж, Цэцийн дүгнэлтийг өөрчлөх талаар ажиллаж буй. Хэрвээ энэ төсөл батлагдвал барилгын зээлийг үргэлжлүүлсэн баатрууд хэтэрхий олон болох нь тодорхой. Хуулийн төслийг өргөн барьсан гишүүн, барилгын салбарыг удирдаж яваа сайд, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх болно гэж мэдэгдсэн АН-ынхан гээд эзэн мундахгүй олширно. Үргэлжлүүлээд таван хувь болгочихвол дахиад энэ шийдвэрийг хэдэн хүн өмчлөхийг тааж хэлэх арга алга. 



Гаргасан шийдвэр бүхэнд эзэн нь хэтэрхий олдож, алдсан алдаанд ч ширхэг ч хүн холбоогүй болчихдог болсон энэ төрийг яалтай. Бэлэн мөнгө тараасан алдаагаа бие бие рүүгээ түлхэж, эдийн засгийн хямралд оруулсан алдааг эрх баригч, сөрөг хүчин хоёр нэг нэг рүүгээ түлхсээр өнөөдрийг хүрсэн. Монголын эдийн засгийн ингэтэл нь туйлдуулсан буруутан өнөө хэр олдоогүй. Тэгсэн атлаа арай гайгүй нэр хүндтэй ажлыг өмчлөх хүмүүс мундахгүй юм. Өнөөдөр хэрүүлийн алим болоод буй хүүхэд бүхэнд 20 мянган төгрөг өгөх хөтөлбөрийг ч улстөрчид, улс төрийн намууд булаалдаж эхэлсэн байна. М.Энхболд даргын үед энэ мөнгийг өгч байсан юм хэмээн ичих ч үгүй тэд мэдэгдэл хийж сууна. Гэвч энэ мөнгийг анх санаачилсан хүн нь өнөөдөр муу сайнаараа дуудуулж байгаа УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай гэдгийг хэн ч мартаагүй. 



Хүүхэд бүхэнд 10 мянган төгрөг гэсэн түүний уриаг л АН өнөөдөр ажил хэрэг болгож явааг нуугаад яахав. Үнэхээр л хийсэн ажлаа өмчлөх гэж тэгтлээ хүсдэг юм бол улсын төсвөөр хийсэн ажлыг биш өөрсдийнхөө мөнгөөр ажил хийчихээч, улстөрчид өө. Сургууль цэцэрлэг барьчих. Тэрний дараа барилгын туузаа бөөндөө хайчилна уу, эсвэл нэг нэгээрээ цуварч очоод хайчилна уу бидэнд хамаагүй. Төрийн мөнгөөр боссон бүтээн байгуулалт хэний ч өмч биш. Тэр чинь татвар төлөгч бидний мөнгөөр босдог юм. Баталсан хуулийн төслөө ч барьж гүйгээд шоудаад байх хэрэггүй. Та бүхэн хийдэг ажлаа л хийсэн. Хэлсэн амлалтаа л биелүүлсэн. Гавьяа, гайг асуугаад байх ч шаардлагагүй.

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Өнөртогтох

Санал болгох

Сэтгэгдэл

top