|

З.Энхболдын өчигдөр ба өнөөдөр

saikhnaa 2016/01/27 819 0

З.Энхболдын өчигдөр ба өнөөдөр

 

Нийгмийн анхаарлыг татсан халуун сэдвээр улстөрчдийн "өчигдөр ба өнөөдөр” хэлсэн үг, байр суурийг ямар нэгэн дүгнэлтгүйгээр цувралаар нийтлэхээр боллоо. Энэ буланд байр суурь нь нийтлэгдэж байгаа анхны улстөрч бол УИХ-ын дарга З.Энхболд. Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж буй, АН-ын ҮЗХ хуралдах гээд хойшилсон, нийгэм эдийн засгийн хямралаас ойрын үед гарч чадахгүй нь тодорхой болсон зэрэг асуудлаар АН-ын дарга, парламентын спикер З.Энхболдын "өчигдөр ба өнөөдөр” өгч байсан байр суурийг түүвэрлэн толилуулж байна.

Эдийн засгийн хямрал

Өчигдөр:

Сөрөг хүчний зүгээс З.Энхболдын хэлсэн нэг удаагийн байр суурийг сануулая. "Өнөөдөр үүсээд байгаа үнийн хөөрөгдөлт бол Сэлэнгэ аймагт нисдэг тэрэг унаж, олон хүний амь эрсэдсэнтэй дүйцэхүйц ноцтой асуудал. Үнийн хөөрөгдөлт, мөнгөний бодлогыг хэрхэн зохицуулж, үнийн хөөрөгдөлт гарахаас хамгаалав гэдгийг Төв банкны Ерөнхийлөгч А.Батсүхээс тодруулж ярилцах гэхээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж яаж ийж байгаад болиулчих юм”.

Зууны мэдээ сонин 2007 оны аравдугаар сар 24

Эдийн засгийн хямрал

Өнөөдөр:

Харин эрх баригч намын дарга болсон хойно түүний байр суурьхэрхэн өөрчлөгдсөнийг ажиглавал…

"Ханш бол бодит эдийн засгийн тусгал болохоос Эдийн засгийн сайд Н.Батбаяр зохиодоггүй юм. Ханшийг хүн зохиодоггүй, бидний оруулж байгаа, олж ирж байгаа болон гадагшаа зарж байгаа валютын урсгалын тэнцэл юм”.

Bloomberg TV Mongolia 2014 оны арванхоёрдугаар сарын 24

АН-ын дарга "үүрэг гүйцэтгэгч” байх ёстой юу:

Өчигдөр:

Н.Алтанхуяг даргыг намын Их хурлаар баталгаажуулах ёстой байсан  ч тэгээгүй. ҮЗХ-ны олонхи гишүүд намын ажил муу байна гэвэл удирдлагаа солих хэрэгтэй л гэх байх. АН-ын дарга нь МАХН-ын даргын үгээр "гүйгээд” байна гээд удирдлагаа чөлөөлөх асуудал тавибал би даргын төлөө өрсөлдөнө. Надад итгэл үзүүлбэл хийхээр төлөвлөсөн ажлууд бий. Намын дарга болоод дараагийн сонгуульд ялагдал хүлээвэл хариуцлага хүлээж ажлаа өгнө. Амжилттай оролцвол улс орны удирдлагыг АН дөрвөн жил атгана. Ардчиллын энгийн жишээ ийм л байдаг. АН ямар даргатай байхаа ардчилсан журмаар шийддэг. Хэн нэгэн хүний хүслээр болохгүй. Би кампанит ажлаа хараахан эхлээгүй байна. Ажлаа эхлүүлчихвэл хүмүүс ойлгоод эхлэх байх. Би АН-ын дарга байсан бол өнөөдөр АН ийм байхгүй байх байсан. З.Энхболд юугаараа Н.Алтанхуягаас илүү юм гэдгийг намынхаа 100 мянган гишүүнд ойлгуулахын төлөө ажиллана.

"Өнөөдөр” сонин 2010 оны аравдугаар сарын 26

Өнөөдөр:

Намын Их хурлыг олонхийн саналаар Намын дүрэм өөрчлөгдөхөөр хийдэг. Дүрэм өөрчлөгдсөн тохиолдолд түүнийгээ Дээд шүүхэд бүртгүүлэх учиртай. Намуудын тухай, Намуудын санхүүжилтийн тухай зэрэг хуульд өөрчлөлт орохоор намууд их өөр нөхцөлд ажиллаж, амьдрах болох гээд байгаа юм. Жишээ нь гишүүнчлэлтэй байх уу, үгүй юү? Өмч хөрөнгө байх юм уу, сонгуулийн санхүүжилтээ яаж босгох юм, том компаниудын халаасанд байгаа чигээрээ байх юм уу, ил тод байдал нь яах юм, намын удирдлага гэж хэнийг хэлэх юм бэ, хөдөө орон нутагт салбар нэгж байх уу үгүй юү. Цаашилбал Герман маягийн тогтолцоог авах уу, АНУ-ынхтай адил хэвээрээ байх юм уу гэх мэт олон сонголтыг нэг мөр шийдэх хэрэгтэй болж байгаа.

Бид 25 жил шинэ замаар явахдаа төвөгтэй, шийдэх ёстой асуудлуудаа олж харж чаджээ. Түүнийгээ нэг мөр хийхгүй бол улс төрийн намд итгэх иргэдийн итгэл буурч байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй. Их хурал хойшлоод байгаагийн шалтгаан энэ.

ЗГМ сонин 2015 оны гуравдугаар сарын 30

Хуулийн өмнө бүгд тэгш амьдарч чаддаг уу:

…Олонхиороо нийлээд Үндсэн хуулиа зөрчөөд байж болохгүй биз дээ? Хувьсгалын дараа Сибирьт нэгэн санал хураалт болж. Дэлхий хавтгай юу, бөөрөнхий юу гэсэн чинь олонх нь хавтгай гэж гар өргөсөн тухай онигоо шиг яриа байдаг.  Хууль дээдэлж, хуулийн өмнө бүгд тэгш амьдрах нь ардчиллын үндсэн зарчим. Төрийн байгууллага зөвхөн хуулийн хүрээнд л ажиллах ёстой.

"Өнөөдөр” сонин 2010 оны аравдугаар сарын 26

            …УИХ-ын даргын эрх, үүрэг бүгд Үндсэн хуульд бичээстэй байгаа. Хурал даргалагч гэдэг их өргөн утгатай. Жишээлбэл, хурлаар ямар асуудал хэлэлцэхийг оруулдаг эрхтэй. Тэр нь өөрөө улс төрийн асуудал. Ямар хуулийг барих вэ, ямар хуулийг гаргах вэ, ямар хуулийг хэлэлцэхгүй гэж унагаах вэ гэдэг нь байдаг л улстөр. Тэгэхээр УИХ-ын даргад жирийн хурал даргалагчаас хамаагүй илүү эрх Үндсэн хуулиар олгогдсон байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top