Нүүрсийг уурхайгаас ачаад хоолны мөнгө нэмээд зардаг портертой иргэд шулаач гэж адлагдах бол байх зүйл. Явган яриа төдий байлаа. Харин сүүлдээ дэндлээ. Тортой нүүрсийг шуудайлж зарсан нь шоронд сууж, улс төрд "нүүрсчдийн нам” гэдэг хэллэг бий боллоо. Стратегийн ордуудад цаг гарган хуралдаж өмчлөх тогтоол шиг хууль гарган суудаг парламенттай болчихлоо. Хэрэгтэй байгаа газарт нь нүүрсээ хүргээд зарчих энгийн бизнес ойлголт одоо улс төр хийдэг индэр бас хүчээ шавхаж уралцдаг талбар нь боллоо. Нүүрсээр мөнгө олох гэсэн энэхэн зайд олон ч эх орончийг төрүүлж, мөн тэр хэрээр олон гадаадын шуналтангуудтай нийлсэн урвагчдыг тодрууллаа. Нүүрс чинь одоо байн байсаар их улс төрийг эзэлж Засгийг ч хазайлгаж чадахаар байгаа гэнэ.
Миний энэхүү бичлэгт нүүрс гэж үг хэд орсон байгааг тоолох бол дэмий ажил. Харин ойрын 10 жил тэр дундаа сүүлийн 4 жилд нүүрс тойрч хийсэн нийтлэл ярилцлагууд, үүн дээр хийсэн улстөрчдийн хурц мэдэгдэл, хэрүүл талцаан зэргийг нэмээд харвал монголчууд ер нь өөр зүйлийн тухай ярьдаг юм уу гэмээр. Нүүрсчин улс орон мэт төсөөлөл бууна. Хэчнээн ч ТЭЗҮ хийгдэж, хэдэн ч санамж бичиг үзэглэж, хэчнээн ч ажлын хэсэг томилогдож, гадаадын хөрөнгө оруулагч нартай хэдэн ч удаа юм гэрээ байгуулахаар тогтож түүнээсээ булзаж, тэр бүрт нэр нүүрээ барж байгаа билээ. Харин эдийн засагт нүүрс ганц ч центийн ашиг өгсөнгүй.
Үнэндээ бол иргэд гайхшаа барж эхэлж байна. Чухам бид нүүрсээ зарахын тулд төмөр зам тавих тухай ярьж эхэлсэн билүү. Яалаа. Төмөр замаар хүрэх зах зээл нь тодорхой. Хятад улс гэдэг. Одоо төмөр зам нь тусдаа улс төр болчихож. Зааг нь ч маш хатуу болж. Манай төслийг дэмжсэн нь эх оронч дэмжээгүй нь ...бүү мэд. Урвагч арай болчихгүй байх. Хэлбэрдсэн эх оронч гэдэг нэр томьёо л ойрхон очих байх.
Бид нүүрсний тухай дагнан ярих болсон нэг гишүүний ярилцлагыг элдэв комментоор шараад л байна. Харин ч ухаарч, сайн анхаарч унших учиртай санагдлаа. Нүүрс тойрсон манай улс төрийн нүүр царай нь энэ шүү дээ. М.Энхсайхан нарын төслөөр явбал тэр хүрээд баларна. Манай тогтоолын төслөөр явбал энэ хүрээд бурзайна гээд байгаа ч эцсийн дүндээ энэ талцаан даамжирвал улсын эв нэгдэл алдагдлаа гэж аль ч тал нь хэлэхгүй л байгаа шүү дээ.
Л.Эрдэнэчимэг гишүүн нүүрснийхээ импорт экспортоо андуураад хэлсэн байж болно. Гэхдээ төмөр замыг тавиулах нөхцлийг зааж хэлэхдээ нэг ч андуурал гаргаагүй гэж найдаж байна. Төмөр зам дээр нь төр 51 хувиа эзэмших талаар хэлсэн байна. Мөн энэ нөхцөлд манай төр өөрийн эзэмших хувьдаа тулгаад гаргах хөрөнгийг өрийн таазаа нэмээд зээл авах байдлаар шийдчих амархан гэж ухуулаад байх шиг. Япон бол бараг зээл өгчих гээд байгаа бололтой. Гэхдээ "дэлхийн номер нэг” болоод байгаа ах хамар дор нь ийм Геополитик явахыг зүгээр хараад суух болов уу.
Цөөнх болоод энэ төсөл маань унавал М.Энхсайханы төсөл явчихна. Тэгэхээр найдвартай гээд 40 гишүүнтэй биечлэн уулзаж гарын үсэг зуруулсан гэсэн учирлал тэр ярилцлагад мөн байна лээ. Энэ бүхэн үнэн бол манайд хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байх найдлага алга даа. Гурван сар тулж ажиллахад л эх орноо аврах 51 хувийн боломж байгааг ойлгож шийдвэрээ өөрчлөх түшээд захаас байх. Нүүрсэн дээрх Мега төсөл дээр бол үнэндээ Микро зайнд эргэлээ дээ.
Үндсэндээ сүүлийн 6 жил бидний чухал болгоод байгаа сэдэв хэдэн толгой байсаар. Тэр дунд Тавантолгойн ордын нүүрс босоо хэвээр тунаж үлдээд байна. Нүүрсийг хог гэж үзээд ачиж зайлуулах тухай 10 жил яриагүй. Мөнгө олох тухай л яриа. Доллар болж хөрвөж чадах учраас баялаг гэж нэрлээд байгаа болохоос хөрсөн дороо хэвтэж байгаа "түлээ” шүү дээ. Хэн ч авч түлэхээ болчихвол юу ч биш болно. Зуу биш 50 жилийн дараа хар алт, хар зурагт хоёр хэнд ч хэрэг болохгүй гэж бас хэн нотлоод байгаа билээ. Хүнд үйлдвэрийг эс тооцвол нүүрс технологийн дэвшилд шахагдсаар байгаа.
Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн тодотголтой ч М.Энхсайханы гэдэг нэр зүүгээд байгаа эхний төсөл, Л. Эрдэнэчимэг гишүүн автор нь болоод байгаа төр 51 хувь эзэмших төсөл, энэ дундаас гарч мэдэх бас нэг алтан дундаж төсөл ч байлаа гээд ган зам газарт зурайх найдвар үнэндээ харагдахаа болилоо.
Тавигддаггүй төмөр замтай. Эвлэрдэггүй улс төрийн талцаантай 6 жилийг ардаа хийлээ. Бодит байдал дээрээ нүүрс Монголд баялаг ч болоогүй байхдаа балаг болох дээрээ хүрснийг л харуулсан үйл явдлууд Тавантолгойн нүүрсэн дээр төвлөн явагдаж байгааг та бид харж байна. Энэ балаг нь эвээ эвдэж гэрээ нураах шахуу болчих шиг санагдаж түгшүүр төрүүлж байна.
Монголын баялаг алт зэс, нүүрс биш ХҮН гэж л улстөрчид ярьдаг даа. Үнэндээ бид нүүрс төвтэй эдийн засаг яриад хэчнээн жил болов. Энэ хооронд "ХҮН”-ий олонх нь наад захын стандартгүй модон жорлондоо морь харсан хэвээр, үүнд нь наян жил бохирдсон хөрснөөсөө гүний худаг гаргаж, 40 жил гар хүрээгүй цэвэрлэх байгууламжаар ундны усаа шүүлгэж төр маань 21 тэрбумын гадаад өртэй болчихоод байна.
Товчдоо түлээгээ гаргаж ирээд дулаахан тухтай суух ХҮН баялаг хөөрхий болж ирлээ. Ингэхэд бид 10 жилийн өмнө анх нүүрсээ олборлож зарья гэж ярьсан билүү. Төмөр зам эхлээд тавья гэж ярьсан билүү. Яалаа...
Б.Хэгжүүн