|

Л.Бямбажаргал: Ардчилсан намын эрх бүхий өндөр албан тушаалтнууд энэ бүх тоглоомын ард байна

magnai 2015/09/29 802 0

Л.Бямбажаргал: Ардчилсан намын эрх бүхий өндөр албан тушаалтнууд энэ бүх тоглоомын ард байна

Л.Гансүх нарт холбогдох анхан шатны шүүх хурал болж өнгөрсөн ч тус шүүх хурлын дуулиан нийгэмд тасрахгүй, халуун сэдэв хэвээр үргэлжилсээр байна.

 

Энэ талаар Ардчилсан хувьсгалын ахмад партизан Л.Бямбажаргалтай  цөөн хором ярилцлаа.



-Бидний хүсэлтийг хүлээж авсан танд баярлалаа. Таныг Ардчилсан хувьсгалын ахмад партизан хүний хувьд Л.Гансүхийн шүүх хурал, Ардчилсан намын дотоод асуудлын талаар ямар байр суурьтай байгааг тань сонирхохыг хүслээ.

 

-Би Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, Монголын Социал демократ намын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг олон жил хашсан. Нэг үгээр хэлбэл Ардчиллын тогоонд буцалж байсан хүний хувьд, мөн төрийн байгууллагад ямар нэгэн албан тушаал хашиж байгаагүй учраас надад ямар нэгэн улс төрийн ашиг сонирхол байхгүй. Тиймээс л Л.Гансүхийн шүүх хурал, Ардчилсан намын дотоод асуудлын талаар ярих нь зүйтэй юм байна гэж бодож та бүхний надтай ярилцах саналыг хүлээж авсан юм.

 

-Л.Гансүх нарын шүүх хурал нээлттэй явагдаж, олны анхаарлыг татсан шийдвэрээр өндөрлөлөө. Энэ талаар яриагаа үргэжлүүлье?

 

-Л.Гансүхийн шүүх хурлын тухай ярихгүй дуугүй өнгөрөх нь миний хувьд үнэхээр зохимжгүй юм. Ер нь өвгөн пратизаны хувьд өнөөдрийн энэ бүхнийг хөндлөнгөөс харахад үнэхээр сэтгэл эмзэглүүлж байна. "Гарьд магнай” УСК дээр гардаг шиг бүхнийг үзлээ, харлаа, үнэн мөнийг ялгалаа.

 

-Та энэ бүхнээс чухам ямар үнэн мөнийг ялгав?

 

-Монголын ард түмэн бүтэн таван өдрийн турш энэ шүүх хурлыг чих тавин үзлээ шүү дээ. "Нүүрс” хөтөлбөрийн үр дүнд гэр хорооллын 170 мянган иргэн хоёр жил хямд үнэтэй нүүрс түлж, дулаахан сайхан өвөлжсөн. Гэтэл энэ ажлыг хийж хэрэгжүүлсэн хүнийг "Багануур” ХК-д их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж, шүүж, яллаж байгаад үнэхээр их харамсаж байна.

 

-Шүүх Л.Гансүх нарыг "Багануур” ХК-д онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн Л.Гансүхэд 4.6 жилийн ял оноосон. Ингэхдээ таны хэлээд байгаа "Нүүрс” хөтөлбөрийг байгаагүй хэмээн ялласан шүү дээ?

 

-Үнэхээр хэлмэгдүүлэлт гэдэг энэ. Бидний ярилцаад сууж байгаа /энэ сарын 23-ны өдөр/ энэ өдрөөс яг хоёр жилийн өмнө Багануур дүүрэг дээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Багануурын уурхайнхантай уулзаж ярилцаж байхад тус компанийнхан нэг тонн нүүрсээ 27500 төгрөгөөр худалдах боломжтой гэж хэлж байгаа бичлэг нь тодоос тод үлдсэн байна лээ. Ингээд гэрээ байгуулж,хоёр жил амжилттай хэрэгжсэний дараа ийнхүү яллаж байгаа нь хэлмэгдүүлэлт гэхээс өөр юу гэхэв дээ. Харин "Нүүрс” хөтөлбөр гэж байгаагүй гээд байгаа нь бас л инээдтэй. Гэхдээ хөтөлбөр боловсруулж, ажлаа цаасан дээр үлээснээс ажиллагаа хэрэгжүүлж, ард түмэнд хүргэх нь хамгийн зөв шийдвэр юм. Энэ хөтөлбөрийн үр дүн цаасан дээр бус долоон буудлын Должин эмээгийн гэрт үлдсэн нь сайн хэрэг.

 

-Л.Гансүхийг шүүж, ялласан нь 1939 оны хэлмэгдүүлэлт эргэн ирлээ гэдгийг хэлэх хүн олон байгаа. Үүнийг ч бас та хүлээн зөвшөөрч байна уу?

 

-Тэгж хэлж болно. Гэхдээ 1996-2000 онд Ардчилсан холбоо эвслийг Засгийн эрх барьж байх үед бас ийм хэлмэгдүүлэлт гарч байсан юм. Тодруулбал С.Зоригийн хэрэг гэж эхлээд казиногийн хэрэг болж дууссан нь өдгөө Л.Гансүхийг хэлмэгдүүлсэнтэй төстэй явдал болсон юм. УИХ дээр С.Зоригийн аллагатай холбоотой УИХ-ын гурван гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг УИХ-д оруулж ирээд тэр дор нь гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээд шалгуулж байсан. Тухайн үед С.Зоригийн хэргийг илрүүлэх нь ард түмний хүсэн хүлээсэн хэрэг байсан болохоор тэр. Гэтэл тухайн хэрэгт сэжиглэгдэн хоригдсон С.Батчулуун хоригдож байх хугацаандаа элэгний хүнд өвчнөөр нас барсан харамсалтай явдал болсон. Энэ нь мөн л хэлмэгдүүлэлт байсан юм.

 

-Та ер нь Л.Гансүхийг хэзээнээс мэдэх вэ?

 

-Би Л.Гансүхийг нэлээд эртнээс мэднэ. Тодруулбал намайг Монголын Социал демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга хийж байхад Л.Гансүх манай намын улс төрийн газрын дарга байсан. Тэр үеэс л би мэднэ. Энэхүү шүүх хурал болохоос өмнө Л.Гансүхийг 10 гаруй тэрбум төгрөг идчихсэн гэх мэдээлэл гарч байхад үнэндээ харамсаж, уг нь дориун сайн л залуу байсан юм, үнэхээр л ингэж их мөнгө идчихсэн юм байх даа гэж их гайхаж, эргэлзэж байсан. Харин шүүх хурлыг үзээд байсан чинь нөгөө буруутгаад байгаа хүмүүсийнх нь үзэгний үзүүрт нь Л.Гансүхийг буруутгах нэг ч нотлох баримт байхгүйг үзээд Л.Гансүхийг буруугүй болохыг нь ойлгосон доо.

 

 

-Энэ хэргийн талаар МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн жиргээ нийгэмд нэлээд дуулиан тарилаа. Энэ талаар та юу гэж бодож байна. Уг нь МУ-ын Ерөнхийлөгч бүх ард түмний эв найрамдлын билэг тэмдэг гэдэг?

 

-"Авилгалчдыг битгий өршөө, нягтланг нь ч битгий өршөө” гэсэн жиргээ сошиал ертөнцөөр нэлээд их тарсан байсан. Би ч үүнийг олж уншсан. Би компьютерын мэргэжлийн хүн болохоор зарим цахим мэдээлэлд итгэдэггүй. Гэхдээ үнэхээр Ерөнхийлөгч ингэж жиргэсэн бол үнэхээр хариуцлагагүй, харамсалтай хэрэг.

 

-Яагаад хариуцлагагүй хэрэг гэж?

 

-Энэ жиргээ үнэхээр үнэн бол шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн шууд  оролдлого гэж хэлэхээс өөр аргагүй юм. Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчийг, АТГ-ын даргыг томилж, чөлөөлөхөд оролцдог эрх бүхий албан тушаалтан шүү дээ. Гэтэл шүүх хурал үргэлжилж байхад ийнхүү жиргэх нь шүүх бүрэлдэхүүнд өөрийн санаагаа илэрхийлж, цаашлаад шүүхийн шийдвэрт шууд нөлөөлж байгаа хэрэг юм. Жиргээ нь ганцхан өгүүлбэр мэт боловч хэдэн арван мянган хүнд шууд хүрч байгаа "хэл” юм гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

 

-Энэ хэргийг анх АТГ гаргаж ирсэн гэдгийг гэрч, хохирогч, шинжээч, аудит гээд бүгд л хэлж байгаа. Таны бодлоор АТГ үнэхээр хууль дүрмийнхээ дагуу ажлаа хийсэн болов уу?

 

АТГ хамгийн сүүлд л гэхэд Өршөөлийн тухай хууль батлахын өмнө УИХ-ын гишүүдийг заналхийлэх маягтай мэдээлэл хийсэн. Тодруулбал Байнгын хорооны хуралдаан дээр "Та нарын дотор манайд шалгагдаж байгаа хүмүүс бий шүү” гээд хэлж байгаа нь үнэхээр заналхийлж байна гэж хэлэхээс өөр юу гэх вэ дээ.

 

-Шуудхан хэлэхэд би одоо ч АТГ-т бүрэн итгэдэггүй, эргэлздэг. Ер нь АТГ гэдэг нь улс төрчдийн хооронд улс төрийн харилцан өшөө авдаг байгууллага болвол 1939 оны онцгой комисс гэдэг шиг байгууллага болж хувирна. АТГ нь Үндсэн хуулийн байгууллага мөн үү гэдэг бас л эргэлзээтэй. Үндсэн хуулиндаа шүүх засаглалтай, тэр нь өөрөө бие даасан статустай байна гээд заачихсан атлаа ийм бүрэн эрхтэй байгууллага байгуулсан нь эргэлзээ төрүүлэхэд хүргэж байгаа юм. Ер нь АТГ хэн хэдэн төгрөгийн авилга авсан, өгсөн гээд дорвитой хэрэг гаргаж ирдэггүй мөртлөө сонгууль, Засгийн газар огцрохын өмнө зэрэг улс төрийн чухал үйл явдал болохын өмнө дуулиан тарьж байдаг нь яах аргагүй эргэлзээ төрүүлэх шалтгаан болж байгаа юм.

 

-Үүнийгээ жаахан тодруулаач?

 

-АТГ хамгийн сүүлд л гэхэд Өршөөлийн тухай хууль батлахын өмнө УИХ-ын гишүүдийг заналхийлэх маягтай мэдээлэл хийсэн. Тодруулбал Байнгын хорооны хуралдаан дээр "Та нарын дотор манайд шалгагдаж байгаа хүмүүс бий шүү” гээд хэлж байгаа нь үнэхээр заналхийлж байна гэж хэлэхээс өөр юу гэх вэ дээ. Тэгээд чухам ямар хүмүүс шалгагдаж байна гэхээр хэлэхгүй байгаа нь гишүүдийг заналхийлж, хууль батлахад нь нөлөөлж байгаагаас өөрцгүй хэрэг.

 

-Шүүх хурлын талаар хүн бүр л янз бүрийн байр суурь илэрхийлж байна.  Зарим нь хардлага сэрдлэгээр яллалаа гэж байна. Таны хувьд?

 

-Шүүх нотлох баримтыг үл хэрэгсэн хардлагаар шүүх хурлыг явуулдаг юм байна гэх буруу ойлголтыг нийгэмд төрүүлчихлээ. Ингэж хэлэхийн учир нь Л.Гансүхийг үнэхээр хэнээс хэдэн төгрөгийн авилга авсан гэдгийг тогтоогоогүй байж зөвхөн хардлагаар л шүүх хурлыг явуулж, эцэст нь ял оноолоо шүү дээ. Уг нь шүүх хурлыг нотлох баримт дээр тулгуурлан дүгнэлт, шийдвэр гаргадаг атал Л.Гансүхийн шүүх хурлын буруу дохио нь "Шүүхэд улс төрийн шууд нөлөө байдаг юм байна" гэдгийг мөн харууллаа шүү дээ. Сэтгүүлч нарт хардах эрх байдаг бол шүүгч нарт тийм эрх байхгүй биз дээ. Ер нь шуудхан хэлэхэд энэ хэргийн гол буруутан, зохион байгуулагч нь АТГ юм байна гэдгийг л ойлгосон шүү.

 

 

-Өнөөдөр Ардчилсан намын дотоод асуудал нэлээд хурцадмал байх шиг байна. Та ахмад пратизан хүний хувьд энд ямар бодолтой байна вэ?

 

-"Монголчууд эвтэй байхдаа хүчтэй" гэдэг. Гэтэл өнөөдөр Ардчилсан нам маань өөр хоорондоо хагаралдаад байгаад үнэхээр харамсаж байна. Үнэнийг нуух аргагүй шүү дээ. Манай намын эрх бүхий өндөр албан тушаалтнууд энэ бүх тоглоомын ард талд байна гэдгийг л шуудхан хэлмээр байна.

 

-Эрх бүхий албан тушаалтан гэж та хэнийг хэлж байна вэ. Энэ хэргийг Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахын тулд гаргасан хэрэг гэж ярьдаг. Энэ ч бас АН-ын дотоод асуудлын нэг байсан байх?

 

-УИХ-ын дарга З.Энхболд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад ханцуй шамлан оролцсон хүний нэг яах аргагүй мөн. Би үүнийг хэнээс ч хэзээ ч нуухгүй хэлнэ. Энэ яах аргагүй үнэн юм. Ийм байхад Ардчилсан намыг би эвтэй сайхан байна гэж хэлэх нь зохимжгүй юм.

 

-Удахгүй 2016 оны сонгууль болох гэж байна. Гэтэл Ардчилсан нам ийм байдалтай байгаад байвал сонгуулийн үр дүн ч таагүй гарах байх даа?

 

-Сонгууль ялах нэг өөр хэрэг, сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан засаг төр амласнаа хэрэгжүүлэх нь бас өөр хэрэг юм. Би өнөөдрийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг 2012 оны сонгуулийн үр дүнг бүрэн алга болгосон гэж хэлэх гээд байгаа юм. Учир нь 2012 онд Ардчилдсан нам ард түмний олонхийн саналыг авч, Засгийн газраа бүрдүүлэн ажиллаж байхад нь унагаж, өөрсдөө суудал дээр нь суучихсан. Гэтэл өөрсдөө засгийн эрхийг барихдаа ямар нэгэн мөрийн хөтөлбөр батлуулаагүй, үйл ажиллагаагаа явуулж байна. Ингээд бодохоор 2012 оны мөрийн хөтөлбөрийг хариуцлагыг хүлээх эзэн байхгүй болчихлоо шүү дээ.

 

-Тэгэхээр та Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагах нь буруу байсан гэж хэлэх гээд байна уу?

 

-Тийм ээ. Н.Алтанхуягийн Засгийн газар бол үнэхээр хүнд үед байгуулагдаж, нийгэм, эдийн засгийн талаар дорвитой ажлуудыг хийж, хэрэгжүүлж эхэлсэн гэж бодож байна. Тухайлбал Чингис бонд, Импортыг орлох бүтээгдэхүүн, "Нүүрс” хөтөлбөр зэргээрээ иргэдийн нуруун дээр очих цохилтыг багасгаж чадсан юм.  Гэтэл одоогийн Засгийн газар, УИХ-ын дарга нар Н.Алтанхуягийн Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажлын /Ургамлын тосны, цементийн үйлдвэр гэх мэт/ нээлт дээр очиж, тууз хайчилж, үг хэлж байна. Өөрөө хэлбэл Н.Алтанхуягийн Засгийн газрын тарьсан үр шимийг л хурааж авч байгаа хэрэг шүү дээ. Харин өөрсдөө нэг ч үр тарьсангүй. Ингэхээр ирэх жил ямар үр шим хурааж авах нь бас л эргэлзээ төрүүлж байгаа юм.

 

-Одоогийн Засгийн газар "Таван толгой”, "Оюу толгой”-н асуудлыг нэлээд ярьж байгаа шүү дээ?

 

-Энэ бол нэг Засгийн газрын хийж хэрэгжүүлчих ажил биш. Монгол Улсын бодлогын хэмжээнд хийж хэрэгжүүлэх учиртай ажил юм.   

 

-Энэ бүгдээс харахад 2012 оны сонгуулийн үр дүн салхинд хийчихэв үү дээ?

 

-Монголын ард түмний ардчилалд итгэх итгэл алдараагүй гэдэгт би итгэлтэй байна. Ардчилсан намын хийж хэрэгжүүлж байгаа ажлууд ард түмэнд хүрч, үр шим нь гарч байгаа нь нууц биш юм. Харин том эдийн засгийн алсыг харах бодлого нь л байхгүй болчихоод байгаад харамсаад байгаа юм. Уг нь Шинэчлэлийн Засгийн газар чинь энэ асуудлыг тодорхой тавьж гарч ирсэн юм байхгүй юу. Гэтэл энэ Засгийн газрыг унагачихаад Сайханбилэг "Манай эдийн засаг муу байна” гээд л гарч ирсэн. Үнэхээр Ерөнхий сайд нь ийнхүү дэлхий нийтэд эдийн засгаа муу байна гээд заралчихаар хэн манай улсад мөнгө өгөх юм бэ. Энэ бол тодорхой асуудал. Эцэст нь ард түмэн бүхнийг шүүн тунгааж байгаа гэдгийг л хэлмээр байна даа.

 

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. 

 

24tsag.mn Б.Батчимэг 


 

Санал болгох

Сэтгэгдэл

top