|

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т мэдүүлэг өгчээ

tonshuul 2015/02/06 1480 1

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т мэдүүлэг өгчээ

 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т гүйдэлтэй болжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт хоёр ч удаа АТГ-т гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Тодруулбал, Н.Алтанхуяг улсаас 3.6 тэрбум төгрөг завшсан гэх хэргийн гэрч болж байгаа юм байна. Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 3.6 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа. Энэ талаар өнгөрсөн долдугаар сард АТГ-аас мэдээлэл хийж, Л.Гансүх нар нь тус хөтөлбөрийн хөрөнгөнөөс 3.6 тэрбум төгрөг завшсан нь тогтоогдсон хэмээн мэдээлсэн юм. Энэхүү хэрэгт Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхээс гадна зөвлөх М.Тулга гээд олон хүн шалгагдаж байгаа. Тиймээс Н.Алтанхуяг Нүүрс хөтөлбөрөөс хэрэгжүүлсэн хөрөнгөнөөс мөнгө завшсан хэргийн гэрчээр АТГ-т мэдүүлэг өгчээ.

Өнгөрсөн жил Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ойр дотны хэд хэдэн хүн АТГ-т шалгагдсан. Тодруулбал, түүний охин А.Саранзаяа "Цэвэр агаар” сангийн хэргээр шалгагдаж байгаад хэрэг нь хэрэгсэхгүй болсон байдаг. Тиймээс АТГ намайг тойрсон хүмүүсийг намнаж байна хэмээн гомдоллож байсан юм. Харин энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, ахлах комиссар Э.Амарбат"Аав нь Ерөнхий сайд хийж байгаа хүн гээд Н.Алтанхуяг гэдэг хүн рүү чиглээгүй. Зөвхөн "Цэвэр агаар” сангийн гэх хэрэгт л холбогдлоороо А.Саранзаяа орж ирсэн. АТГ хэн нэгнийг хэлмэгдүүлж, эрүүгийн хэрэгт холбогдуулаад байгууллага, аль нэг алба хаагч ашиг олсон явдал байхгүй. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид хараат бусаар, нөлөөнд автахгүйгээр бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа. Хэрэв нөлөөнд автсан бол энэ нь өөрөө гэмт хэрэг. Манайд хэн нэгэн иргэн гомдол гаргаж шалгуулдаг. Бид шалгаад араас нь хөөцөлдөөд явдаг. Энэ нь нийгэмд ямар нэг байдлаар хүлээлт үүсгэчихдэг юм байна. Бид иргэний гаргасан өргөдлийг улстөрийн зорилготой байна, хүлээж авахгүй гэх эрх байхгүй. Гомдол нь гэмт хэргийн шинжтэй л бол ямар нэг нам, улстөрийн хүчин байна хамаагүй шалгах л ёстой. Үүнийхээ дагуу л шалгаж байгаа” гэх тайлбарыг өгсөн юм.

Мөн Л.Гансүх нарын хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, удахгүй прокурорын байгууллагад шилжүүлж, шүүхээр шийдүүлэхээр болоод байгаа аж. Тиймээс энэхүү хэрэгт тухайн үед сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг гэрчээр оролцож байна.

Юутай ч Н.Алтанхуяг өөрийнх нь эргэн тойронд байгаа хүмүүсийг нэг нэгээр нь ийнхүү шалгаж, цагдан хорьж байгаад ихэд гомдолтой байгаа аж. Тиймээс тун удахгүй энэхүү асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлэх тухай эх сурвалж мэдээлж байна.

Б.Золбоо ULS

Санал болгох

Сэтгэгдэл

top