|

Орхон аймагт нийтийн тээврийн үйлчилгээг цахимжуулах төсөл хэрэгжиж байна

zulaa 2019/09/20 1440 0

 

Орхон аймагт нийтийн тээврийн үйлчилгээг цахимжуулах төсөл хэрэгжиж байна

 

Орхон аймгийн нийтийн тээврийн үйлчилгээг цогц байдлаар цахимжуулахыг зорьсон төслийг Үндэсний START UP компани болох "СИМ” ХХК өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлж байна. Нийслэлийн шинжлэх ухаан инновацын газрын харьяа "СИМ” ХХК нь GPS хяналтын системийг 2018 онд тус аймгийн нийтийн тээврийн хэрэгсэлд нэвтрүүлсэн билээ. Дээрх шинэ төслийн хүрээнд Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн авто тээврийн төв, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан "E-pass” төслийг хэрэгжүүлж байна.

Орхон аймагт нийтийн тээврийн үйлчилгээ 2014 онд 14 автобустайгаар эхэлж байсан бол эдүгээ аймгийн хэмжээнд гурван автобус баазын 45 автобус өдөрт зургаан чиглэлийн 2300 гаруй зорчигчдод үйлчилгээ үзүүлж байна.

Төсөл хэрэгжсэнээр Орхон аймаг нь нийтийн тээврийн үйлчилгээний цахим шийдлийг хэрэгжүүлсэн анхны аймаг болох төдийгүй үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, цаашид дэд бүтэцтэй холбоотой асуудлуудыг цахимжуулах боломжоор хангагдах давуу тал бүрдэх юм.

Тус аймагт үйлчилгээ үзүүлж байгаа автобуснуудад GPS хяналтын системд холбогдсон бөгөөд "E-pass” төсөл хэрэгжсэнээр орлогоо хянах, үйлчилгээ үзүүлэгч баазуудын шугамын бодит байдлыг үнэлэх,  рейсийн даалгаврын мөрдөлтийг сайжруулах зэрэг давуу тал бий болно. Тэрчлэн, иргэдэд үзүүлэх нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж, чанар, шуурхай байдал сайжруулах асуудлыг давхар шийдэх юм.

"E-pass” төслийн багийнхан төслийн үргэлжлэх үе шатуудад Орхон аймгийн дэд бүтэцтэй холбоотой бусад асуудлыг цахимжуулан иргэдийн тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн жишиг хот болгох зорилтыг тавин ажиллаж байна.

Төслийн эхний шатанд хагас тэрбум төгрөгийн төсөвт ажлыг энэ ондоо багтаан хэрэгжүүлнэ. Цаашид банкнуудын тооцооны карт ашиглан нийтийн тээврээр зорчих боломжийг бий болгох, такси үйлчилгээний зорчигч болон жолооч нарт үнэ цэнэ өгөх төлбөр тооцооны ухаалаг системд суурилсан UBCUB такси үйлчилгээг нэвтрүүлэх, ундны усны түгээлтийг цахимжуулахаар төлөвлөж байна.

Орхончууд энэ онд цахим, ухаалаг шийдэлтэй нийтийн тээврээр зорчих боломжтой болох нь.


Санал болгох

Сэтгэгдэл

top