|

Эсэргүүцэл үргэлжилсээр байна

namuunaa 2015/06/30 1950 225

 

Арменийн нийслэл Ереван хотын Баграмяны өргөн чөлөөнд цугларсан олон мянган хүний эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна. Тус улсын цагдаагийн газрын дарга Владимир Гаспарян энэ сарын 28-нд жагсагчдад сайн дураараа тарахыг уриалжээ. Үүнээс өмнө Гаспарян жагсагчдыг 30 минутын дотор Баграмяны гудамжийг орхин явахыг тушааж, хэрэв тэгэхгүй тохиолдолд цагдаа нар "олон нийтийн хэв журам сахиулах” арга хэмжээ авах болно хэмээн мэдэгдсэн аж.

Цахилгаан эрчим хүчний үнийг нэмсэнээс болж олон мянган хүний эсэргүүцлийн жагсаал эхлээд долоо хоногийн хугацаа өнгөрөөд байна. Жагсагчид эрх баригчдаас цахилгааны үнийг нэмэхгүй байхыг шаардаж буй. Уржигдар жагсагчдын эгнээнд сөрөг хүчнийхэн нэгджээ. Сөрөг хүчний лидерүүд "Арменийн эрх баригчид ард иргэдийн шаардлагыг биелүүлсэнгүй. Тиймээс эсэргүүцлийн жагсаалыг үргэлжлүүлэх хэрэгтэй” хэмээн уриалга гаргасан байна.

Армений Ерөнхийлөгч Серж Саргсян цахилгааны өмнөх болон шинэ тарифын хоорондох зөрүүг улсаас төлөх тухай амлалт өгсөн билээ. Гэсэн ч жагсагчид Баграмяны өргөн чөлөөнөөс явахаас татгалзаж, цахилгааны үнийг ерөөсөө нэмэхгүй байхыг шаардсаар байгаа аж.

Эсэргүүцлийн жагсаалыг "Дээрмээ зог­соо” иргэний байгууллага зохион байгуулж эхлүүлсэн билээ. Энэ сарын 23-нд эхэлсэн жижиг­хэн цуглаан том хэмжээний эсэргүүцлийн жагсаал болон хувир­сан. Тэр өдөр жагсагчдыг цагдаа нар хүчээр тараах гэснээр байдал улам хурцадсан аж. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top