|

Ч.Ундрам: МУИС элсэлтийн бүртгэлээ цахимаар авч байна

munkhod 2015/06/24 12099 4522

Ч.Ундрам: МУИС элсэлтийн бүртгэлээ цахимаар авч байна

 

Б.ЭНХТУУЛ

МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны дарга, доктор профессор Ч.Ундрамтай ярилцлаа.

-МУИС сургалтын хөтөлбөртөөшинэчлэл хийгээд хоёр жил болжбайна. Тиймээс МУИС-ийн хөгжлийгулам эрчимжүүлж буй хөтөлбөрийн шинэчлэл, энэ хүрээнд хийж буйажил, цаашид хийхээр төлөвлөж буйзарим ажлыг сонирхъё? 

-МУИС-ийн сүүлийн хоёр жил хийж байгаа шинэчлэл бол бүтцийн шинэчлэл гэхээсээ илүү хөтөлбөрийн шинэчлэл буюу агуулгын шинэчлэл юм. Хамгийн гол нь бид сургалтаа чанартай явуулъя гэсэн үүднээс энэ шинэчлэлийг хийсэн. МУИС анх 1942 онд байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн янз бүрийн шаардлагаас болж хөгжиж ирсэн. Тиймээс энэ шинэчлэлийг бид  хөгжлийн  нэг шат гэж үзэж байна. МУИС-ийн хөгжлийн үе шатыг ерөнхийд нь багцалбал, 1990-ээд он хүртэлх, 1990 оноос хойшхи үе, одоо үе гэж гурав хувааж болно.

1990-ээд он хүртэл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үе байсан болохоор, төлөвлөгөөний дагуу бид хүнээ бэлтгэдэг байсан. Манай нийгэмд ямар мэргэжилтэн хэрэгтэй байна, хэдэн хүн хэрэгтэй байна, түүний дагуу мэргэжилтэн бэлтгээд, төгсгөдөг байсан. Харин 1990-ээд оноос хойш төлөвлөгөөгүй болсон. Мөн улсаас өгдөг санхүүжилт байхгүй болсноор сургалтын төлбөр анх бий болсон. Өөрөөр хэлбэл, багш нарын цалин, халаалтын мөнгө зэргийг сургалтын төлбөрөөсөө төлдөг болсон.  Нэг үгээр хэлбэл, тэр үед МУИС амь зуух үүднээс  сургалтаа явуулж ирсэн. Гэхдээ мэдээж, тэр хооронд багш нар чадах чинээгээрээ хөтөлбөр, сургалтаа шинэчлээд явж байсан. Харин одоо бид олон улсын их сургуулиудтай өрсөлдөх шат руу орж ирж байна.

Өнөөдөр Монгол Улсын их сургууль Азийн топ 100 сургуулийн нэг болно гэсэн хэтийн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тиймээс бид зөвхөн улсынхаа төлөвлөгөөг харахаас илүү олон улсад  өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд илүү анхаарлаа хандуулан  ажиллаж  байна. Тиймээс бид энэ хөтөлбөрийн шинэчлэлийг хийсэн. Хөтөлбөрийн шинэчлэлийг хийхдээ либераль боловсролын систем рүү орно гэж сонгосон. Яагаад гэвэл либераль боловсролын систем нь хүнд эхлээд  өргөн хүрээний мэдлэг өгдөг, нарийн мэргэшүүлдэг чиглэл. Өмнөх хөтөлбөрүүд нь шууд элсүүлээд, нарийн мэргэшүүлдэг мөртлөө ажил олгогч нарын зарим судалгаанаас харахад  дээд боловсролын ерөнхий шаардлагуудыг хангахгүй байсан. Тухайлбал, албан бичгийн боловсруулалт муу, тайлан гаргах чадваргүй гэх мэт шүүмжлэлийг дагуулдаг байсан. Нарийн мэргэжлээ сайн эзэмшсэн хэрнээ ерөнхий мэдлэг сул байсан. Тиймээс либераль боловсролын систем рүү шилжихдээ бид Стэнфорд, Кембрижийн их сургууль зэрэг олон улсад нэр хүндтэй их сургуулиудад доктор болон докторын дараах сургалтад хамрагдсан багш нарыг цуглуулаад,  дээд боловсролтой иргэн юу мэддэг, чаддаг байх ёстой вэ гэж  ярилцсан. Бас чамгүй олон зүйлийг судалсан.  Үүн дээрээ үндэслээд ерөнхий суурь  хичээлүүдийг боловсруулсан. Тэгээд дээд боловсролтой иргэн өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний судалж, нээн илрүүлж, баталсан шинжлэх ухааны суурь мэдлэгүүдийг эзэмшсэн байх ёстой. Үүнд байгаль, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухаан гэсэн гурван салбар багтаж буй юм. Тиймээс энэ чиглэлийн хичээлүүдийг  их сургуулийн босго алхаж буй оюутнуудад заах ёстой юм байна. Дээд боловсролтой хүн аливаа зүйлийг өөрөө судлаад мэддэг, аливаад дүн шинжилгээ хийдэг, судалгааны арга зүй эзэмшсэн байх ёстой. Үүн дээр нэмээд, тоон  мэдээлэл дээр ажилладаг  байх ёстой. Мундаг сайн математикч болохгүй ч гэсэн ерөнхий мэдлэгийг эзэмшсэн байх ёстой. Дээрээс нь Монгол Улсын иргэний хувьд, иргэний боловсролтой байх ёстой. Монгол Улсын түүх, эрхзүйг сайн мэддэг байх ёстой. Дэлхий дахинд юу болж байгааг мэдэхийн тулд англи хэлний мэдлэгтэй байх ёстой. Хэдийгээр манай хоёр хөршийн хэлний мэдлэг чухал ч гэсэн дэлхийд  болж буй үйл явдлыг хурдан шуурхай, үнэн зөвөөр нь хүлээж авахын тулд англи хэлийг зайлшгүй мэддэг байх ёстой гэсэн шаардлагыг тавьж буй юм. Мөн эрүүл мэндийн боловсролтой байх хэрэгтэй. Тиймээс энэ найман багцаар бид ерөнхий суурь мэдлэгийг олгож байна.

-Энэ суурь мэдлэгийн хичээлийг оюутнууд ямар хугацаатай үзэх вэ. МУИС-д элсч орсоныхоо дараа, суурьмэдлэгийн хичээлүүдийг үзэж судалсныхаа дараа мэргэжлээ сонгох нь ямар давуу талтай юм бэ?

-Ерөнхий суурь хичээлийг тухайн оюутан 1-1.5 жил үзэх ёстой. Үүнийхээ дараа мэргэжлээ сонгоно. Ямар давуу тал ажиглагдаж байна вэ гэхээр Ерөнхий боловсролын сургуулиа  төгсөөд шууд мэргэжлээ сонгоод орж ирдэг байсан бол одоо их сургуульд 1-1.5 жил суралцаад,  30-36 багц цаг буюу 10-12 хичээл үзчихээд мэргэжлээ сонгох давуу талтай юм. Жишээлбэл хөдөө орон нутагт элсэлт авахдаа өмнө нь Монголын их, дээд сургуулиудын консорциумаас хуваарь тараахад аль таарсан, таалагдсан хуваариа авдаг, хэдхэн минутын дотор тэр хүүхдийн хувь заяа шийдэгддэг байсан. Ялангуяа хөдөө орон нутагт зарим эцэг, эх хүүхдэдээ зааж зөвлөе гэсэн ч тухайн мэргэжлийн талаар нарийн мэдлэг, төсөөлөлгүй байдаг байсан. Тэгвэл одоо шууд сургуульдаа элсээд дараа нь мэргэжлээ сонгодог болсон. Ерөнхийдөө 3-4 жилийн дотор мэргэжил эзэмшинэ гэсэн үг.  Хуулийн сургуулийн оюутан таван жил суралцана, дөрвөн жилд нь мэргэжлийн хичээлүүд орно. Бусад сургуулийн хувьд, мэргэжлийн хичээлүүд нь  гурван жил орно гэсэн үг.

БСШУЯ-наас "Мэргэжлийн чиглэл, индекс”-ийг шинэчлэн баталсан. Тухайлбал, улсын хэмжээнд 800гаруй мэргэжлээр бакалаврын зэрэг олгодог байсан бол индексийн шинэчлэлээр 200 орчим болгожцөөлсөн. МУИС-ийн хувьд, одоо хэчнээн мэргэжлээр элсэлт авч байна вэ?

-Бид хөтөлбөрөө бас шинэчилсэн. Зөвхөн МУИС гэлтгүй Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх их, дээд сургууль давхардсан олон мэргэжлээр оюутан элсүүлж, мэргэжилтэн бэлтгэдэг байсан. Тиймээс бид бүх  хөтөлбөрөө дэлхийн топ сургуулиудын ижил төстэй 3-4 хөтөлбөртэй харьцуулан судалж, боловсруулсан.  Өмнө нь багш нар аль сайн гэсэн судалгааныхаа хөтөлбөрийг сургалтын хөтөлбөрт оруулсаар байтал суурь мэдлэг гэхээсээ илүү шууд гүнзгийрсэн, учир дутагдалтай сургалтын арга технологи яваад байсан.  Тиймээс бид олон улсын томоохон их сургуулиудын сургалтын хөтөлбөртэй харьцуулж, олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрийг боловсруулсан. Энэ хичээлийн жагсаалтыг гаргахаас өмнө хөтөлбөр болгон дээр зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчдын шаардлага,   өөрсдийн нөөц бололцоо гээд шаардлагатай бүхнийг судалж, хөтөлбөрөө боловсруулсан. Өнгөрсөн хичээлийн жилд бакалаврын 100-гаад хөтөлбөр батлуулсан. Мөн ерөнхий суурь мэдлэгийн 96 хичээлээ батлуулсан. Энэ хичээлийн жилд бүх магистр, докторын хөтөлбөрөө  шинэчилсэн. Тэгэхээр өнгөрсөн хоёр жилд МУИС даяараа ажилласан, нүсэр том шинэчлэл хийсэн.

-Мэргэжлийн чиглэлүүдийн хувьд?

-Манай сургууль  өмнө нь 300-гаад мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг байсан. Харин одоо 100 гаруй чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна, бараг талыг нь танасан. Ингэхдээ орчин үеийн нано-инженерчлэл гэсэн шинэ мэргэжлийн чиглэлүүдийг оруулж өгсөн.

-Дээд боловсролын салбарт хийж буй шинэчлэлийн хүрээнд  багш, оюутныг хөгжүүлэх, сурах орчин,сургалтын чанарыг сайжруулах гээд олон ажил хийж байна. МУИС-ийн сургалтын хөтөлбөрт ямаршинэчлэл хийж байна вэ?

-Манай сургууль гадны нэлээд олон их сургуультай хамтын ажиллагаатай ажилладаг.  Энэ хичээлийн жилд гэхэд  Стэнфордын их сургуультай хамтарч цахим хичээл хэрэгжүүлж байна. Нэг хичээлийг зарим оюутнуудад уламжлалт хэлбэрээр нь заагаад, нөгөө хэсэг оюутнуудад цахим хэлбэрээр зааж байна. Энэ чиглэлээр найман хичээл дээр судалгаа авч байгаа. Өөрөөр хэлбэл, манай оюутнууд цахим хичээлийн хөтөлбөрт бэлэн байна уу, хэр хүлээн авч байна гэдгийг судалсан. Судалгааны дүн удахгүй гарна. Тэгээд бид ирэх хичээлийн жилд яахаа шийднэ. Мөн манай сургууль Завхан, Орхон аймагт салбар сургуультай. Цаашид  энэ хоёр сургуульдаа  зарим хичээлээ цахимаар заадаг, бүр цаашлаад Өвөрмонгол, Тувагийн их сургуульд цахим хичээл заадаг, кредит тооцдог болох хэтийн төлөвлөгөөтэй байна.  Одоо бид дөнгөж туршиж эхэлж байна. Тиймээс Стэнфордын их сургуулийн багш нараас  маш их туслалцаа авч байгаа. Стэнфордын их сургууль бол цахим сургалтаараа дэлхийд тэргүүлдэг. Тиймээс бидэнд их үнэтэй зөвлөгөөнүүдийг өгч, хамтран ажиллаж байна. Багш нар маань ч гэсэн багагүй туршлагажиж байна.

Мөн БСШУЯ-наас хэрэгжүүлж байгаа Япон улсад 1000 инженер бэлтгэх "Инженер, технологийн дээд боловсрол” төсөл хөтөлбөрт манай сургуулийн  олон багш  хамрагдаж байгаа. Дотооддоо бид профессорын үнэлгээний журмаа шинэчлээд, судалгаанд  тулгуурлаж, судалгааг нь илүү бодитоор үнэлж, профессор, дэд профессор  цолыг нь өгдөг болсон. Ингэж үнэлэхдээ магистрант, докторант оюутнуудыг судалгаандаа хэрхэн хамруулсан байдлыг нь бас харж байна. Тэгэхээр багш нарын оюутнуудыг судалгааны ажилд сургах үйл явцыг илүү идэвхжүүлж өгч байгаа юм. Мөн судалгааны ажилд оролцсон тухайн оюутанд ч бас кредит тооцдог болж байгаа. Тэгэхээр танхимын сургалтаас илүү судалгааны ажилд гарших, сайн судлаач болж төгсөхөд илүү дөхөм болж байна. 

-Манай их, дээд сургуулиуд гадны төсөл хөтөлбөрүүдийг их хэрэгжүүлдэг болсон. Сургалтын чанар, сурахорчноо тордож буй гадны томоохон төслүүд улсын сургуулиудад цөөнгүй байна. Танай сургуулийн хувьд төсөл хөтөлбөрүүд хэр хэрэгжиж байна?

-Манай сургууль 90 гаруй тэнхимтэй, тэдгээрт олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Бид DAAD буюу Германы төслийн хүрээнд сургуулийнхаа менежментийг сайжруулах төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна.  Солонгосын төслийн хүрээнд олон эрдэм шинжилгээний ажил, ялангуяа хими, биологийн чиглэлийн судалгааны ажлыг санхүүжүүлээд явж байна. Ер нь бол МУИС-ийн багш нар нэлээд шинэчлэгдсэн. Өндөр хөгжилтэй оронд доктор хамгаалаад ирсэн багш нартайгаа хамтран  ажиллаж байна. Багш нарын дийлэнх нь залуужсан.

-Элсэгчдийн олонх нь МУИС-д элсэн орох хүсэлтэй байдаг. Тиймээс элсэгчдэд зориулсан зариммэдээллийг сонирхъё. Сүүлийн үед хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ гэж их ярьдаг болсон. Танайсургууль ч бас хавсарга болон хос мэргэжил эзэмшүүлэн төгсгөж байгаа. Энэ хөтөлбөрийн талаармэдээлэл өгөөч?

-Шинэчлэлийн хүрээнд бид сургалтын журмаа шинэчлэн баталсан. Оюутан мэргэжлээ сонгочихоод, мэргэжлийн болон мэргэжлийн суурь хичээлүүдийнхээ гуравны хоёрыг нь амжилттай судалсан  тохиолдолд  өөр чиглэлээр хавсарга мэргэжил эсвэл хос мэргэжил эзэмшиж болно. Хавсарга мэргэжил гэдэг нь өөр чиглэлээр системтэй мэдлэгтэй болно гэсэн үг. Жишээлбэл, инженерийн мэргэжил эзэмшиж байгаа хэрнээ яваандаа старт-ап компани байгуулна, тиймээс бизнесийн мэдлэгтэй болмоор байна гэвэл Бизнесийн сургуулийн хавсарга хөтөлбөрийг дүүргэчихвэл, бизнесийн удирдлагын чиглэлээр системтэй мэдлэг олж авна гэсэн үг. Хос мэргэжил гэдэг нь дахин бизнесийн сургуулийн мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлүүдийг судлаад,  хоёр дипломтой төгсөнө. 

МУИС-ийн багш, оюутнууд сургуулийнхаа хүрээнд Сиси мэдээллийн системийг өргөн хүрээтэйхэрэглэдэг.  МУИС-д элсэн орж буй хүүхдүүд бас энэ системийг хэрэглэх үү. Ер нь Сиси мэдээллийнсистем нь ямар учиртай юм бэ?

- МУИС-ийн салбар сургуулиудын багш ажилтан, оюутан болон удирдлагууд хэрэглэдэг. Элсэлтээс төгсөлт хүртэлх сургалтын бүх үйл ажиллагаа уг системээр дамжиж явагдана. Тухайлбал, МУИС элсэлтийн бүртгэлээ эхэлчихсэн байгаа. Хүүхдүүд Боловсролын үнэлгээний төвд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхдөө бүртгүүлдэг. Яг тэр нэр, нүүц үгээрээ манай системд бүртгүүлэхээр бид БҮТ-өөс бүх мэдээллийг нь татаад авчихдаг юм. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын дүн гарахаар дүнг нь бас татаад авчихдаг. Тэгээд жагсаагаад хяналтын тоондоо багтсан хүүхдүүд рүү "Та манай сургуульд тэнцлээ, наймдугаар сарын 20-нд ирж бүртгүүлээрэй” гэсэн мессеж явуулдаг. Тэгээд намар ирээд сургуульдаа бүртгүүлэхэд нь бид МУИС-ийн сургалтын  үйл ажиллагаанд хэрэглэдэг  сиси мэдээллийн системийнхээ id кодыг өгөөд, сургууль төгстлөө энэ системийг  хэрэглээд явдаг.  Сургууль төгсөнгүүт нь энэ сиси систем автоматаар хаагдана. Энэ  системээсээ бид дипломоо хэвлэдэг, маш нарийн хяналттай систем. Бид элсэлтээ  орон даяар цахимаар авч байгаа. Тэгэхээр оноо нь тэнцсэн хүүхдүүдийг энэ систем автоматаар шүүгээд авчихдаг. Гадны ямар нэгэн оролцоо байдаггүй систем.  Энэ систем ч гэсэн  манай сургуулийн сургалтын шинэчлэлтэй холбоотой.

Ирэх хичээлийн жилд  оюутан элсүүлэх босго оноог  шалгалт тус бүрт 400 байхаар тогтсон. Харин заримсургууль  босго оноогоо өөрсдөө тогтоодог. Танай сургуулийн хувьд энэ жил хэмжээст оноогоо хэдээртогтоож байгаа вэ?

-Манайх БСШУЯ-наас тогтоосон босго оноог баримтална.  МУИС-д олон хүүхэд  бүртгүүлдэг. Гэсэн ч бид  жагсаалтаасаа хяналтын тоонд багтсан хүүхдүүдийг авдаг. Энэ жилийн элсэгчдийн тоо 18 хувиар буурсан, 3500 оюутан элсүүлнэ. Улаанбаатар дахь бүрэлдэхүүн таван сургууль, хөдөө орон нутгийн хоёр салбар сургууль, нийлээд долоон сургуульдаа  элсэлт авна.

-Элсэгчдийн дийлэнх нь тэтгэлэгт хөтөлбөр, оюутан солилцооны хөтөлбөрүүдийг их сонирхдог. Энэ талаармэдээлэл өгөөч?

-Манай сургууль гадны  олон сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй. Тиймээс Монгол  Улсын их сургуульд суралцаж буй оюунлаг, авьяаслаг, тэргүүний оюутнууд, түүнчлэн амжилттай суралцаж байгаа хэдий ч амьдралын боломж тааруу суралцагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, сурах үйлсийг  нь дэмжих зорилготой гадаад дотоодын хувь хүн, байгууллагын 10 орчим тэтгэлэгт хамрагдах боломжтой.   Солонгос, Япон руу тэтгэлэг  нэлээд олддог.  Тэтгэлэгт хөтөлбөрүүдээ бид жил бүр зарладаг. МУИС-д  амжилттай суралцаж буй бакалавр, магистр, докторын төвшний  өдрийн ангийн  оюутан хэн бүхэн нээлттэй оролцох боломжтой.   Бид бүртгүүлсэн оюутнуудаасаа шалгаруулаад явуулдаг.   МУИС  Солонгосын  Дангүгийн  их сургууль, Чежүгийн үндэсний их сургууль, Японы Шигагийн их сургууль  зэрэг оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг цөөнгүй сургууль бий. Тиймээс оюутан солилцоогоор  Азийн болон Европын орнуудад оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж болно.  Богино хугацааны буюу нэг улирал эсвэл 1-2  жил суралцаад ирэх боломжтой.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top