|

МАН засгаас “хөөгдөх” үү

namuunaa 2015/06/23 705 1

АН, МАН-ын хамтарсан Засгийн газар ажиллаад зургаан сар болжээ. Хагас жилийн хугацаанд хамтарсан гэрээ хэрхэн хэрэгжсэнийг дүгнэх болсноо АН-ынхан өчигдөр дуулгалаа.

 

Зөвхөн гэрээг дүгнэнэ, МАН-ыг засгаас гаргах тухай яриагүй гэдгийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар тодотгов. Гэхдээ "ходоодны мухарт” гомдол байгааг нуусангүй. МАН-ынхан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн нэг ч заалт биелэхгүй байна хэмээн мэдэгдсэн. Бас МАН-аас өрнүүлж буй "Бид хамтдаа” аянаараа Засгийн газрын үйл ажиллагааг муулаад явж байна. Тухайлбал, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нар хэмээн нэр цохон хэлж, хамтрагчдын дунд ан цав үүссэнийг далдалсангүй. Мөн АН-ынхан "МАН-ыг Засгийн газраас гаргана. МАН-ын долоон сайдгүй байсан ч Засгийн газраа аваад явчихна” гэсэн гэх дэл сул үг олон нийтийн сүлжээгээр "тэнэж” байна. АН-ынхан хамтарсан гэрээг 50 хувийн биелэлттэй байгаа хэмээн үзэж буй. Харин энэ 50 хувь нь зөвхөн албан тушаалын хуваарилалтын биелэлт гэнэ. Ямартай ч эрх баригч нам хамтрагчдаа сэтгэл дундуур байгаагаа тодоос тод мэдэгдэж, эвгүйдвэл түлхчихнэ гэдгээ ил, далдаар цухалзуулж байна. Урьсан нэг цаг байхад, хөөх нөгөө цаг нь ирсэн бололтой.

 

АН-ын гэрээг дүгнэнэ, цаашид хамтрах эсэхээ ул суурьтай ярина хэмээн назгайрч байх хооронд МАН-ынхан түрүүлж дуугарахыг үгүйсгэхгүй. МАН долоон сайдын суудалтай, суудалгүй цааш явна хэмээн мэдэгдчихвэл АН-ынхан яаж ч чадахгүй. Яг л АН-ын 2012 оны түүхийг давтаж болзошгүй нөхцөл байдал. Сү.Батболдын Засгийн газарт АН зургаан сайдын суудал эзэлж байсан. Сонгуулийн өмнөхөн буюу 2012 он гарангуут АН Засгийн газраас гарч буйг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг мэдэгдэж, хамтарсан намдаа нуруугаа харуулсан. Стандарт бус Засгийн газраас сонгуулийн өмнөхөн гарч хүчтэй сөрөг хүчин болсон нь өнөөгийн олон суудал авахад нөлөөлсөн тал бий. Магадгүй МАН-ынхан энэ түүхийг мартаагүй, хариугаа авах гээд бэлдэж байж ч болох.

 

Тиймдээ ч МАН-ынхан уснаас хуурай гарах аргаа хайж буй бололтой. Бурууг өрөөлөөс хайж буй мэт, "нэгдсэн төсөв 870 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Татварын орлого 1.1 их наяд төгрөгөөр тасарсан” хэмээн мэдээлэв. Хэрвээ улсын хөрөнгө мөнгөтэй холбоотой алдагдалд бусдаас бурууг хайна гэвэл эндүүрэл болно. Учир нь улсын сангийн түлхүүрийг МАН-ын хүн атгаж буй. Хамтарсан Засгийн газартай хариуцлага ярих ч МАН-ын хүн болох Сангийн сайд Ж.Эрдэнэбатын нэр цэвэр гарахгүй. Өр тавьж өрөө төлж байгаа бол тэнд Ж.Эрдэнэбатын үүрэг оролцоо ч яригдана.

 

Ер нь МАН, АН-ынханд биенээ чичлэх шаардлага байхгүй. Замын дундаас МАН найдваргүй, АН хаяагүй хэмээн салах эрх тэдэнд үгүй. Тавантолгойн төслийг АН-ынхан гацааж, Засгийн газрын төслийг МАН-ынхан унагааж байна хэмээн гомдоллох ч шаардлагагүй. Хамтрах урилгыг эрх баригч АН эхэлж гаргасан. Түүнийг нь хамтрагч МАН нь хүлээж авсан. Зургаан сарын дараа гэнэт биенийхээ тарыг таньж буй мэтээр аашилж, нэгнээ муулж суух нь хариуцлагаас зугтах гэсэн ядмагхан арга. Өнөөдөр, маргааш цаг хугацааны хувьд хэзээ ч салсан эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн, өрийг хэдэн арван тэрбумаар нь нэмсэн хариуцлагаас АН ч, МАН ч мултарч чадахгүй. Дараагийн сонгуулийг зүүдэлж, нэрээ бүтэн авч үлдэх гэж хичээгээд ч нэмэргүй. Монголын улс төрийн хоёр том хүчин болох АН, МАН-ынхан дангаараа ч, хамтраад ч улс орныг аваад явчих чадваргүй гэдгээ хангалттай харуулсан. Өнөөдөр нэгнээ гоочлох нь нэмэр дээр нэрмээс болохоос цаашгүй.

 

Тиймээс үлдсэн жил хүрэхгүй хугацааг биенээ багахан хэмлэж, "Монгол Улс дампуурсан” гэж зарлачихалгүй тэсч өнгөрөөвөл бид ч баярлана. Угаас одоо монголчуудад сонголт байгаа гэж үү. МАН засгаас хөөгдөж, АН дангаар цааш явлаа ч юу ч өөрчлөгдөхгүй. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөггүйтэй л адил.

Санал болгох

Сэтгэгдэл

top