|

Эзэнтэй шог яриа

tonshuul 2015/06/15 1203 0

Эзэнтэй шог яриа

 

Үгүй ээ, энэ машины зам

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчин Норов бэлэн цэцэн үгтэй нэгэн. Түүнийг нэг удаа худаг дээр адуугаа усалж байтал 69 машин хөлөглөсөн  хэдэн хүн иржээ. Адуу нь ч машины дуунаар үргээд алга болж. Мөнөөх машинтангууд  худгийн амсарт тулах шахам зогсоод мэнд усны зөрөөгүй "Энэ Цэцийн зам уу,  Манлайн зам уу”  гэж асуужээ. Дургүй нь хүрсэн малчин эр:

-Үгүй ээ,  энэ машины зам аа гэж гэнэ.

-Энэ зам салах уу?

- Дугуй нь салахгүй бол зам салахгүй ээ.

-Танайх Цэцийнх үү?

-Үгүй ээ, манайх Норовынх

-Та адуугаа усалж байна уу?

-Уг нь адуугаа усалж байсан юм. Одоо онгоцоо л усалж байх шив дээ

-Яасан ярьж болдоггүй хүн бэ, та?

-Та  яасан явж чаддаггүй дарга вэ.

Хотоос яваа төлөөлөгчид хөдөөх малчин эр хоёрын хооронд  ийм нэг яриа болжээ.  Үнэхээр хэн ч байлаа гэсэн явдал суудал, үг хэлээ бодож явах ёстой нь эндээс анзаарагдаж байгаа байх.

 

Буутал нь бутны шар цэцэг л гэж байхгүй юу

Дундговь аймгийнхан дуу хуураараа төдийгүй хошин шог яриагаараа ялгардаг. Хүний донж төрхөнд нь тааруулаад эвтэйхэн явуулчихдаа гаргуун. Ялангуяа зүүн талын сумдынхан, тэр дундаа Гурвансайхан суманд аймаг хотоос очсон дарга нар заавал нэг нэр хочтой эргэж ирэх нь олонтаа. Гурвансайханы нэг айлын ээж охин хоёр хонь хургаа ялгаж байх үеэр зэргэлдээх сумын эрлийн хүн тэднийхээр буужээ. Тэр эр онгож гандсан шар дээлтэй байсан юмсанж. Охин нь хүн ирж байна, та нэр хайрлахгүй юм уу гэж ээжээсээ асууж байна гэнэ. Ээж нь хариуд нь за за завгүй байхад чинь. Буутал нь бутны шар цэцэг л гэж байхгүй хэмээжээ. Үүнийг сонссон эрлийн хүн  санаа нь зовохдоо гэрт ороод шинэ цай хүлээлгүй данханд байсан хүйтэн цайг нь шавхаж уучихаад явахын түүс болжээ. Харин явсан хойно нь "Шаар шавхаж, шалав харайдаг” гээд нэрлэчихсэн байсан гэдэг. Энэ мэтчилэн  энэ нутгаар зорчсон бүхэн нэг "нэр алдар” нэмээд буцах нь олонтаа.

Намайг амьд дээр намын минь батлахыг салгаатах

Дундговийнхон "Хувьсгалч” Жамбаа гэх хүний нэгэн хөгтэй явдлыг ярьдаг. Жаахан хэтрүүлэгтэй байх.

Жамбаа гуай олон жил хурган дарга хийсэн нэгэн байж. Хамгийн сүүлд аймгийн нефть баазын дарга байв. Тэр манаач нарынхаа хариуцлагыг шалгахаар шөнө дөлөөр үе үехэн сэм гэтэж очдог байжээ. Үүнийг анзаарсан манаач нар нь нэг удаа даргаа дөнгөе гэж  толгой дээгүүр нь хий буудаж айлгахаар ярилцжээ.  Тэгээд нэг шөнө  Жамбаа гуайг  сэмхэн гэтээд ирэхээр нь манаач нь юун хүн бэ буудлаа шүү гэнгүүтээ  хий буудчихжээ. Буун дуунаар цочиж сандарсан Жамбаа гуай хар гүйхээрээ гэртээ ирээд унажээ. Гэрийнхэн нь яав ийв болвол "Буудуулчихлаа. Намайг амьд дээр намын минь батлахыг салгаад ав. Түрүүчийн цус түрий дүүрч байна” гэж зандарчээ. Тэр үед намын батлахаа уутанд хийж хүзүүнээсээ зүүдэг байжээ. Гутлыг нь тайлаад хартал юун цус байхав, харин  шээчихсэн  байж гэнэ.  Мань эр сандрахдаа шээс алдснаа  буудуулаад цусаар дүүрчихлээ гэж эндүүрсэн нь тэр байжээ. 

Халх даяар алдартай Хангал Нямаа гэгч байна аа

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харъяат байсан байх. Нямаа гэх харимал  насны нэгэн эр байдаг сан. Хүмүүс түүнийг яагаад ч юм  "Хангал Нямаа” хэмээн ярилцах. Биднийг дунд сургуульд байхад Нямаа гуай халуун зунаар ноослоогүй тэмээ уначихсан, эсгий гутал нэхий дээл эгэлдэргэлчихсэн аймгийн төвөөр жонжуулж явах. Түүнийг насаараа улсад ажил хийж үзээгүй, хэгжүүн, дураараа нэгэн гэж ярилцдаг байсан юм даг. Одоо бодоход өөрийнхөөрөө нэгэн байсан бололтой. Нямаа гуай Ханбогд сумын нутагт явж байгаад тэр үеийн аймгийн даргатайгаа хээр хөдөө тааралджээ. Аймгийн даргаа таних байтугай нэрийг нь ч мэдэхгүй  нэгэн байж таарна, Нямаа гуай.  Дарга асууж гэнэ.

-За та чинь хаанахын хэн гэдэг хүн билээ?

- Аа би халх даяар алдартай Хангал Нямаа гэгч байна аа.

-Та намайг таних уу?

-Аа, би танихгүй, Саарал машин унаж салхи сөрж давхисан дарга нарын нэг л байна даа.

-Би аймгийн дарга....... гэгч хүн байна аа

-Тэгвэл  их эд байх нь ээ. Толгойгоо номонд дөрлүүлсэн, тоолдогоо авгайдаа мэдүүлсэн  шинэ цагийн шилэн нүдтэн гэдгийг ч гадарлаад байсан юм аа гэсэн гэдэг. Тэр үеийн дарга цэрэг хоёрын дунд нэг иймэрхүү яриа өрнөжээ.

Мянган бухын амралтанд гунан бууны дэд хурандаатай…

1980-аад оны дундуур Хэнтий аймагт очив. Аймгийн "Урагшаа” сониныхонтой ярилцаж суух зуур хэл амаараа хэнд ч гүйцэгдэхээргүй бэлэн цэцэн үгтэй  гэмээр эмэгтэй гаднаас орж ирлээ. Амраад ирсэн бололтой.  Хаана хэрхэн амарсныг нь сонирхож байна. Тэрбээр "Улаанбаатараас холгүйхэн шиг  Мянган бухын амралтанд эрчүүдийн харцанд ээрэгдэж байгаад ирлээ. Тэгээд тэнд нэг Гунан бууны дэд хурандаатай танилцаад” гэж байна.  Хүмүүс инээлдэж хаанахын ямар амралт болохыг нь тодруулбал Цэргийн амралтыг тэгж хэлсэн юм санж. Тэнд байхдаа их бууны дэд хурандаатай танилцснаа тийн ёгтолсон хэрэг байжээ. Монголчууд гэдэг юмны донж аяыг олохдоо гаргууд шүү гэсэн бодол тэрхэн тэрхэн агшинд төрж суусан билээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top