|

Д.Сумъяабазар аа, дөрвөн давхар дээл арай халуудахгүй юу

saikhnaa 2018/06/14 742 0

Д.Сумъяабазар аа, дөрвөн давхар дээл арай халуудахгүй юу

МАН-д 2020 оны УИХ-ын сонгуульд нүүр бардам өрсөлдөх боломж үлдэхгүй нь бололтой. Ингэж өгүүлж байгаа нь оргүй төсөөлөл биш.

Энэ намын яг өнөөгийн байр байдлыг харахад 2012-2016 онд АН хэрхэн хуваагдаж, фракцуудынх нь тэмцлээс болж улс орон яаж дампуурч байсан үеийг өөрийн эрхгүй санагдуулна. Өөрөөр хэлбэл, тухайн үед АН-д гоё сайхан нэртэй олон фракц бүлэг байсан ба үүнээс болж тэд нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй. Энэ нь төрийн бодлого, залгамж халааг алдагдуулахад хүрсэн. Улмаар фракцууд нь парламентийн бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрсдийнхөө төлөө шийдвэр гаргаж ажилласаар, эцэст нь Монгол Улс дефолт зарлахдаа тулсан.

Азаар ард түмэн тэнэг биш учраас АН зохих шангаа хүртэж, 2016 оны сонгуульд чухамдаа л навс ялагдсан. Тэгвэл энэ уршигтай хуваагдал одоо МАН-д нүүрлэжээ.

Мэдээж аль ч намд фракц байдаг. Энэ нь нэгдсэн шийдвэрийг алдаагүй гаргахад онц нөлөөтэй. Гэхдээ ухвар мөчид этгээдүүд нэг дор цуглаж, бүлэг үүсгэвэл хагарлаас өөр юу ч дагуулдаггүй гэдгийг одоогийн эрх баригч МАН жинхэнэ утгаар харуулж байна.

Тухайлбал, МАН-ын хувьд одоо "Хотын фракц", "Зүүний хүчний холбоо"-ноос гадна "хоёрдугаар ээлжний хооллогсод"-оос бүрдсэн жигтэй нэгэн бүлэгтэй болчихсон. Энэ бүлгийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ийн гишүүн Х.Нямбаатар тэргүүтэй сонгиныхон тэргүүлдэг гэдгийг хэн хүнгүй мэднэ.

Уг нь фракцуудын улстөрийн чиг баримтлал яг намынх шиг онолын тодорхойлолттой байдаг ч энэ бүлгийн тухайд туйлын эргэлзээтэй, багцаагүй байгаа нь хачирхалтай. Одоогийн байдлаар Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын хорооны даргын сонгууль руу идэвхийлэн зүтгэлж,  пи-арыг нь Х.Нямбаатар хийж байгаа.

Эндээс харахад, энэ бүлгийн зорилго нь нэн түрүүнд намынхаа оргил руу мацах явдал бололтой. Нийслэлийн МАН бол тус намын нийт гишүүний талаас илүү хувийг өөртөө багтаасан томоохон байгууллага. Нөгөө талаар нэр хүнд сайтай, МАН-ын одоогийн байр суурийг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан газар яах аргагүй мөн. Тиймээс л шинэ фракцынхан эхлээд энэ байгууллагыг онилжээ.

Мэдээж үүнд болохгүй гэх шалтгаан байхгүй. Гэвч асуудал бий. Нэн түрүүнд Д.Сумъяабазарын хувьд Нийслэлийн МАН-ын хороог даргалахдаа тулбал "4 давхар дээлтэй" төрийн хар хүн болж хувирна. Одоогоор тэрбээр УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны даргын албыг давхар хашиж байгаа. Гэвч 3 давхар дээл нь түүнд нимгэдээд байгаа бололтой.

Яг үнэндээ Д.Сумьяабазар өөрт оногдсон үүрэгт ажлаа хэр хэмжээнд хийж байгаа вэ гэдгийг асуух хэрэгтэй байх. Нөхцөл байдал ийм байхад аль өвлөөс л Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын хорооны дарга болох санаагаа цухуйлгаж, тийш хандсан бүхнийг чичилж, буруутгах болсон. Харин түүнийг Х.Нямбаатар өсгий даран дэмжиж, өмнөөс нь мэдэгдэл хийх зэргээр хүчин зүтгэж буй.

Гэхдээ энэ хоёрын хоршил ер нь юу байж болох гэдгийг олон нийт харж буй.

Юу гэхээр сүүлийн үед Д.Сумъяабазарыг АН-ын зүгээс, ялангуяа МоАХ-ноос дэмжих байдал цухалзах болсон.

Тэгэхээр ойрд яригдаад байгаачлан Ерөнхийлөгч Х.Баттулга Д.Сумъяабазарын ард бий гэх цуурхал ч оргүй хоосон зүйл биш бололтой. Ухан яривал, Д.Сумъяабазарыг Ерөнхийлөгчийн зүгээс дэмжих том шалтгаг байгаа. Энэ нь УУХҮ-ийн сайдын төрсөн дүү Д.Дагвадорж.

Д.Дагвадорж Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч. Сонгуулиар тэрбээр Х.Баттулгад өгөх саналын тоог өөрийн нэр төр, хүч нөлөөгөөрөө нэмж чадсан. Ер нь Х.Баттулга, Д.Дагвадорж хоёр маш ойр дотно гэдгийг хэн хүнгүй мэднэ.

Тиймээс Ерөнхийлөгч одоо хамтрагчийнхаа төрсөн ахад дэмжлэг үзүүлж, хөшигний цаанаас чиглүүлж байгаа гэхэд буруудахгүй байх. Харин Х.Нямбаатарын хувьд мөн л Аса аваргын дэмжлэгээр Сонгинохайрханд ялалт байгуулж, УИХ-д багтсан нэгэн. Иймд түүний энэхүү "үнэнч" зүтгэлийг учир мэдэх хүмүүс "Өр төлөлт" хэмээн даажигнаж байгаа билээ.

Нөгөө талаар Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар ийнхүү Ерөнхийлөгчөөр дэмжүүлснийхээ шанд МАН-ыг хуваах даалгавар авсан болов уу гэх хардлага бий. Өөрөөр хэлбэл, эд нөхдөд өнөө маргаашийн албан тушаал л хэрэгтэй болохоос намын эв нэгдэл, цаашилбал энэ парламент, Засгийн газрын тогтвортой үйл ажиллагаа ерөөс хамааралгүй байж мэднэ.

Өмнө нь АН-ын дэмжлэгтэй Топоор ажиллагаа ажилттай болж, засгийг унагаах төлөвлөгөө нь хэрэгжиж чадсан. Тэгвэл одоо Топоорын дүнд үүссэн бүлэг дотроос дээрх этгээдүүдийн толгойлсон бас нэг анги гарч ирж байна. Ингэснээр МАН-ын 32, 33-ын бүлэгт хуваагдахаас гадна, бүр цаашаа санаатай тэлээ хурга шиг фракцтай болов.

Эндээс харахад, МАН, АН хоёр хэзээд үл эвлэрэх өрсөлдөгч гэдэг ч зарим талаар халаас нэгтэй хамтрагчид гэдэг нь үнэн ажээ. Ер нь Д.Сумъяабазарт Нийслэлийн намын хорооны дарга гэх албан тушаал арай л хэтийдэх болов уу даа.

Эх сурвалж: ERENNEWS.MN

Санал болгох

Сэтгэгдэл

top