МАН ирэх сонгуулиар ялах найдвар тавьж байна

 

Нийслэлийн МАН-ын II хуралдаан өчигдөр Тусгаар тогтнолын ордонд хаалттай болж олон асуудлыг хэлэлцжээ. Тус хуралдаанд  намын хорооны 189 гишүүн, 600 гаруй идэвхтэн сонгуультан оролцжээ. МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд, намын ахмадууд, залуучууд, эмэгтэйчүүдийн төлөөлөл, үүрийн дарга нар гээд нэлээд өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хуралдаж чухал, чухал  асуудлуудын талаар ярилцжээ. Бидэнд ирсэн мэдээллээр тэд УИХ-ын сонгуулийн тухай хуультай холбоотой асуудлыг хөндөн ярилцсан ч чухам юуг нь онцолсон нь бүрхэг.

Ямартай ч тэд удахгүй болох  Эх орончдын баяраа тэмдэглэж өнгөрүүлэхээс  гадна  өнгөрсөн хугацааны ажлаа дүгнэх, удахгүй болох сонгуулийн мөрийн хөтөлбөрт "Бид хамтдаа” үндэсний хөгжлийн форумаас гаргасан зөвлөмжийг тусгах, ачааны хүндийг үүрч яваа залуучуудаа дэмжих асуудлаар хэлэлцсэн байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын эрх мэдэл бүхий хүмүүс болон гишүүд дэмжигчид нь ч ирж яваа цагийн залуу лидерүүдээ бусад намын адилаар массаараа дэмжих хэрэгтэйг тус  хуралдаанд оролцсон төлөөлөгчид онцолсон аж. Тухайлбал, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, УИХ-ын гишүүн О.Содбилэг,  НАМЗХ-ны Г.Тэмүүлэн зэрэг шинэ цагийн улстөрч залуучуудаа  ч намынхаа  ирээдүйд ихээхэн хүч өгөх тулхтай залуус гэж үнэлж байгаагаа илэрхийлцгээжээ.

     Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй 2012 оны зургаадугаар сард уг ажлыг хүлээн авахад  Нийслэл дэх намынх нь рейтинг 19.9 хувьтай байжээ.  Ингээд нэлээн доогуур үзүүлэлттэй гарч байсан чансаа 2013 онд 24.2, 2014 оны арваннэгдүгээр сард 27.3, 2015 оны арваннэгдүгээр сард 32.5 хувь болж өссөн нь энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН хөдөө орон нутагт гэхээс илүүтэй нийслэлийн тойргуудад, цаашлаад нийслэлийн ИТХ-д ялалт байгуулах найдварыг төрүүлж байгаа бололтой. Улстөрийн нам, улстөрчдийн чансааг харуулсан судалгааны дүнг зарлах, нийтлэхийн УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулиар хориглосон ч эх сурвалжуудын мэдээллээр голлох хоёр намын рейтинг 20 гаруй хувиас хэтрэхгүй байгаа юм. Тэгвэл ийм нөхцөлд нийслэлийн МАН-ын рейтинг дотооддоо хэлэлцсэн шигээ үнэхээр 32.5 хувьтай байгаа нь үнэн бол одоохондоо хэнд ч байхгүй том "тоо” гэсэн үг бөгөөд МАН энэ жилийн сонгуульд Улаанбаатарт гол бооцоогоо тавих нь гарцаагүй биз ээ.

     Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд болж өнгөрсөн УИХ-ын сонгуулиудад МАН нийслэлээс илүүтэй хөдөө орон нутагт өндөр санал авч ирсэн учраас нэгэн үе "хөдөөгийнхний нам” гэдэг нэр хочийг өрсөлдөгчийнх нь зүгээс зүүж байв. Харин одоо байдал эсрэгээр эргэж буй дүр зургийг нийслэлийн МАН-ын II хурлаар яригдсан тоо баримт, байр сууриудаас харж болохоор байна. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сундуй ажлаа авснаас хойш Багахангай, Багануур, Чингэлтэй дүүрэгт ялалт байгуулж, Сонгинохайрхан дүүрэгт болсон УИХ-ын нөхөн сонгуульд УИХ-ын гишүүн Д.Сумъябазарыг ялуулж, УИХ-д намынхаа суудлыг нэгээр нэмсэн амжилттай. МАН-ын чансаа нийслэлд өндөр байгаагийн цаана нэгэн сонирхолтой урвуу хамаарал харагдаж байгаа нь дөрвөн жилийн хугацаанд нийслэлд чамгүй бүтээн байгуулалт, өөрчлөлт хийсэн Ардчилсан намын засаглалын үед сөрөг хүчнийх нь чансаа илүү гарч өссөн явдал. Нийслэлчүүдийн дунд МАН-ын нэр хүнд, рейтинг аажим, аажмаар  өссөн нь нийслэлчүүд тэднээс нүүр буруулаагүйн илрэл гэдэг дүгнэлтийг хийж байна.

Харин нийслэлийн МАН-ын хорооны ажил амжилттай яваагийн шалтгаан намын лидерүүдэд гэхээс илүүтэй халуун цэг дээр ажиллаж, гал тогоогоо гардан хариуцаж буй залуу менежерүүдэд хамаатай учраас тэднийг үнэлэгдэх цаг ирсэн гэдгийг гишүүд дуу нэгтэйгээр намын удирдлагууддаа хандаж хэлсэн байна.  Хурлын төлөөлөгчид"ХҮН шиг нэг лидерээр, АН шиг фракциудын хүчээр МАН явдаггүй. МАН-д залуу үеэ бэлтгэж ирсэн олон жилийн бодлого, тогтвортой хөгжлийн бодлогууд бий. Намууд мөрийн хөтөлбөрөөр биш бодлогоороо өрсөлдөх цаг болсон. Намын бодлогыг ирж яваа цагийн шинэ залуу улстөрчид тодорхойлж байгаа” гэж индрээс онцлон хэлжээ. Сүүлийн жилүүдэд нийслэлийн гудамж, зам талбайг өргөжүүлж, тохижуулж, инженерийн шугам сүлжээг шинэчилж,  гэр хорооллыг дахин төлөвлөхөд одоогийн хотын удирдлагууд анхаарал тавин ажиллаж байгаа ч тэдний алдааг засч залруулахад  Нийслэлийн  МАН-ын хорооны үүрэг их  байсан гэдэг байр суурийг хурлын төлөөлөгчид илэрхийлжээ.

     Бодит байдал дээр  Э.Бат-Үүл болон түүний багийнхан 375 жилийн түүхтэй нийслэлийн хөгжлийг гурван жилд хийсэн ажлаараа өмчилж, улстөржиж байгааг хүлээн зөвшөөрөхаргагүй гэдгийг олон нийт ч хэлж байсан удаатай. Тухайлбал, 1920-иод онд хүрээг хотжуулах, 1940 онд барилгажуулах, 1960 онд үйлдвэржүүлэх, 1980 онд орчин үеийн хот болгоход тэр үеийн Монгол Улсын удирдлагууд, засаг барьж явсан хүмүүс зүтгэж байсан нь түүхэн үнэн. Гэтэл түүхийн энэ үнэнийг сүүлийн 25 жил барилга байшин барьснаар үгүйсгэж болохгүй. Яг үнэндээ хотын хөгжлийг иргэдийнх нь аз жаргалын төвшнөөр тодорхойлдог гэдгийг хүн бүхэн андахгүй мэднэ.

 Өөрөөр хэлбэл, иргэдийнх нь хэр их аз жаргалтай, амар тайван, эрүүл, стрессгүй амьдарч байгаа нь хотын хөгжлийг тодорхойлох параметр болдог. Тиймээс энэ удаад Нийслэлийн МАН-ын хорооны гишүүд, хурлын төлөөлөгчид "Happy City”буюу "Аз жаргалтай хот”бүтээх бодлогын баримт бичгийн  дагуу хуралд оролцсон төлөөлөгчид хөтөлбөрт тусгах саналыг авчээ.Ямартай ч  энэ бүхнээс харахад АН-ын засаглалын үед Нийслэлийн МАН-ын рейтинг өссөн үзүүлэлтэй гарсан нь ирэх сонгуулийн үр дүнг тун сонирхолтой болгох төлөв харагдаж байна.