|

ШХАБ-ын тухай ХАР, ЦАГААН ҮНЭН

saikhnaa 2018/05/28 1423 0

ШХАБ-ын тухай ХАР, ЦАГААН ҮНЭН

 

Манай улсын хувьд ШХАБ-ын анхны ажиглагч улс бөгөөд өнөөг хүртэл энэ статусаа хадгалсаар ирсэн. Харин сүүлийн үед ШХАБ-д Монгол Улс элсэн орох шаардлагатай эсэх талаар судлаач, нийтлэлчид янз бүрийн байр суурь илэрхийлээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан ШХАБ-ын талаар тоймлон хүргэж байна.

ШХАБ ХЭРХЭН ҮҮСЭВ

Шанхай хотноо 1996 онд Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикстан зэрэг таван орны тэргүүн уулзаж, хилийн районуудад цэргийн салбарын итгэлцлийг бэхжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зуржээ. Уг баримтад тулгуурлан "Шанхай тав” гэсэн улс төрийн нэгдэл анх үүссэн байна. Нэгдлийн гол зорилго нь хуучин Зөвлөлтийн орнууд болон Хятадын хилийн дагуу тогтвортой байдлыг хангах явдал байлаа. "Шанхайн тавын”-ын хоёр дахь уулзалт 1997 онд болж, хил орчмын бүс нутгууд дахь зэвсэгт хүчний тоог харилцан бууруулах тохиролцоонд хүрч, уг тохиролцоо нь Ази, Номхон далайн бүсэд цэргийн хурцадмал байдлыг намжаах анхны бодит алхам болсон юм.

СУРТАЛЧИЛГАА

Гурав дахь уулзалт 1998 онд болж, Казахстаны санаачилгаар Ази тивд итгэлцэл, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилго бүхий зөвлөлдөх уулзалт хийх саналыг дэмжсэн төгсгөлийн баримт бичигт гарын үсэг зурснаар өндөрлөжээ. Тэдний амжилттай хэрэгжиж буй хамтын ажиллагаа нь зөвхөн хил орчимдоо бус, хүрээгээ тэлж, "Шанхайн тав” 2000 онд Шанхайн чуулга болон өөрчлөгдөв. Уулзалтад Узбекстан ажиглагчаар оролцжээ. Харин 2001 онд Узбекстан нэгдсэний дараа зургаан орны тэргүүн нар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг бий болгох тухай тунхагт гарын үсгээ зуржээ.

Шинэ байгууллагын зорилгыг төв Азид тогтвортой байдал бий болгох, оролцогч орнуудын нөхөрлөл, сайн хөршийн харилцааг хөгжүүлэх, улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан болон бусад салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал гэж тунхаглав. Уулзалтын төгсгөлд тэд терроризм, хэт даврагчид, салан тусгаарлах үйлдэлтэй хийх тэмцлийг тодорхойлсон Шанхайн конвенцэд гарын үсэг мөн зурсан байна.

Ерөнхийдөө ШХАБ-ын зорилго нь бүс нутгийн аюулгүйн болон тогтвортой байдлыг хангаж, терроризм, хэт даврагчидтай тэмцэж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эрчим хүчний түншлэл болон соёлын салбарт хамтран ажиллах явдал гэж үзэж болно. Харин тэргүүлэх чиглэлд нь тээврийн дэд бүтэц, эрчим хүч, теле холбоо, нефть, хийн салбар, ХАА, усны нөөцийн ашиглалтын чиглэлүүд багтжээ.

ШХАБ-ЫН ХӨГЖИЛ

  • ШХАБ нь байгууллага болон хувирах ажил 2002 онд дуусан байна. Санкт-Петербургт болсон уулзалтаар ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын тунхаг, ШХАБ-ын Харти, ШХАБ-ын террорын эсрэг бүс нутгийн бүтцийг бий болгох гэрээнд лидерүүд гарын үсэг зуржээ.
  • ШХАБ-ын хувьд төрийн тэр-гүүн нарын зөвлөлийн 2005 оны хуралдаан чухал алхам болж, Азийн гурван том гүрэн Энэтхэг Пакистан, Иранд ажиглагчийн статус өгөв.
  • Урт хугацааны Сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд тус байгууллагын гишүүн орнууд 2007 онд гарын үсэг зурлаа.
  • 2009 онд Шри-Ланка, Беларусь хоёрт хэлэлцээрийн түнш статус олгожээ.
  • ШХАБ-ын лидерүүд Бүс нутагт урт хугацааны энхтайван тогтоож, хамтран цэцэглэх тухай тунхаглалд гарын үсэг зурлаа. Тэр онд нь Афганистан ажиглагчаар, Турк хэлэлцээрийн түншээр тодров.
  • 2014 онд Энэтхэг, Пакистан хоёр ШХАБ-ын гишүүн болох өргөдлөө албан ёсоор өгөв.
  • 2015 онд тус байгууллагын гишүүн орнуудын лидерүүд, Энэтхэг Пакистаныг гишүүнээр хүлээн авах ажиллагааг эхлүүлэв. Мөн Беларусын зэрэг дэв ахин ажиглагчийн статус авлаа. Яриа хэлэлцээрийн түншийн статусыг Азербайжан, Армен, Камбож, Балба зэрэгт олгов. ШХАБ-ын бүрэн эрхэт гишүүн болохоор Иран, Афганистан саналаа дэвшүүлсэн байна.

ДЭЛХИЙН ГЕОПОЛИТИКИЙН ЗУРАГТ ШХАБ ЯМАР ХАРАГДАНА ВЭ

  • ШХАБ нь ажиглагч орнуудынхаа хамт Атлантын далайгаас Номхон далай, Хойд мөсөн далайгаас Энэтхэгийн далай хүртэл өргөн газар нутгийг эзэлж, Евроазийн эх газрын 61 хувийг эзэлж буй дэлхийн нөлөө бүхий эвсэл юм.
  • Дэлхийн хүн ам 2014 онд 7.26 тэрбум хүн болсныг Дэлхийн банк мэдээлсэн. ШХАБ-ын гишүүн орнуудын хүн ам нь 1.57 тэрбум, ажиглагчдын хүн амыг нэмэхэд 3.17 тэрбум болж байна.
  • Гишүүн орнуудын ДНБ-ний нийлбэр нь 12.5 их наяд ам.доллар болсон байна. (харьцуулахад: АНУ-17.42 их наяд, Европын холбоо-18.47 их наяд ам.доллар)
  • Дэлхийн ДНБ-ний худалдан авах чадварын үзүүлэлт 2016 онд 108.7 их наяд ам.долларт хүрэв. Үүний 20.24 хувь буюу 22 их наяд ам.доллар нь ШХАБ-д ногддог байна.

ШХАБ-Д ХАРИЛЦАН АЖИЛЛАГААГ ХЭРХЭН ЯВУУЛДАГ ВЭ

  • ШХАБ-ын дээд байгууллага нь Төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт жилд нэг удаа хуралддаг.
  • Нэгдлийн байнгын ажилла-гаатай хоёр байгууллага болох ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар Бээжинд, Бүс нутгийн террорын эсрэг бүтэц Ташкентад байрлан ажилладаг
  • Шинжлэх ухаан, чухал асуудлаар судалгаа, шинжилгээ хийдэг Нийгмийн зөвөлгөө шинжээчдийн байгууллагыг 2006 онд бий болгосон.
  • ШХАБ-ын ажиллагааны нэг чухал чиглэл нь хүмүүнлэгийн хамтын ажиллагаа юм. Орос 2007 онд ШХАБ-ын их сургууль байгуулах санал дэвшүүлж, уг саналыг 2008 онд баталжээ. ШХАБ-ын их сургуульд Беларусь, Казахстан, Киргиз, Орос, Тажикстан, Узбекстан, Хятадын 80 их дээд сургууль багтдап Магистратурын долоон чиглэлээр мэргэжилтэн бэлгэдэг
  • 2015 онд Москва хотноо гишүүн орнуудын залуусын олон улсын картыг (SCO Youth Card) танилцуулсан. Карт нь тус байгууллагын түүх, соёлыг судлах, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тусалж байгаа залуусын төлөөлөлд олгогдох юм.

ШХАБ-ЫН ХҮРЭЭНД ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ХЭРХЭН ЯВАГДДАГ ВЭ

  • Тус нэгдэлд хамрагдсан орнуудын төр, засгийн тэргүүн нарын анхны уулзалт 2001 онд болсон. Энэ үеэр худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт таатай нөхцөл бүрдүүлэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нутгийн үндсэн чиглэлүүд болон зорилгын тухай Дурсамжийн бичигт гарын үсэг зуржээ. Уг дурсамж бичигт нефть, хийн салбарыг хөгжүүлэх, тээврийн дэд бүтэц бий болгох, бараа, үйлчилгээний таатай нөхцөл бий болгох зэргийг тэргүүлэх чиглэлээ гэж үзжээ.
  • Бээжин хотноо 2003 онд Засгийн газрын тэргүүн нар эдийн засгийн олон талт хамтын ажиллагааны 2020 он хүртэлх хөтөлбөрийг баталсан. Ойрын ирээдүйд бараа эргэлтийг нэмэгдүүлэх, урт хугацаа-ны ирээдүйд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зорилтыг дэвшүүлсэн байв. Уг баримтад эрчим хүч, тээвэр, ХАА, телехолбоо, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг салбаруудыг тэргүүлэх чиглэлээ гэжээ.
  • ШХАБ-ын бас нэг тэргүүлэх чиглэл нь санхүүгийн салбарын хамтын ажиллагаа юм. Үүний хүрээнд Хөгжлийн банк, Хөгжлийн санг байгуулсан. Хөгжлийн банк байгуулах санаачилгыг Хятад 2010 онд гаргасан юм. Улс хоорондын дэд бүтцийн төслүүдийг энэ банк санхүүжүүлэх юм. Харин Хөгжлийн сан байгуулах санаачилгыг Владимир Путин 2013 онд санал болгожээ. 2015 онд байгууллагын банк хоорондын нэгдлийн бааз дээр Төслийн санхүүжилтийн олон улсын төвийг байгуулахаар шийдсэн байна.
  • 2013 онд Оросын санаачилгаар ШХАБ-ын Эрчим хүчний клуб ажиллаж эхлэв. Үүнийг байгуулах дурсамжийн тунхаглалд ОХУ БНХАУ-аас гадна Афганистан, Беларус, Монгол, Казахстан, Тажикстан, Турк, Шри-Ланка, Энэтхэг гарын үсгээ зурсан байна.
  • 2015 онд бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны дараагийн таван жилийн хөтөлбөрийг боловсруулжээ. Үүнд арван чиглэлийн 100 төсөл, 100 тэрбум ам.долларын санхүүжилт багтжээ.

ШХАБ АЮУЛГҮЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

  • ШХАБ нь цэргийн эвсэл биш. Гэвч тус нэгдэл терроризмтой холбоотой аюулгүйн асуудлаар хамтардаг 2002 оноос хойш байгууллагын гишүүн орнууд террорын эсрэг хамтарсан хээрийн сургуулилт явуулж байна.
  • 2013 онд зурагдсан ШХАБ-ын Бишкекийн тунхаглалд тус байгууллагын гишүүн орнууд "улс төр, эдийн засаг, нийгмийн аюулгүй байдлыг бусниулах үүднээс мэдээлэл, холбооны технологийг ашиглахын эсрэг мөн хар тамхи, зэвсгийн хууль бус наймаатай хийх тэмцлийг идэвхжүүлэх” тухай заасан байна.

ШХАБ БА МОНГОЛ

Монгол Улс тус байгууллагын анхны ажиглагч орон гэдгийг дээр дурдсан. 14 жил ажиглагчаар явсан Монголыг жинхэнэ гишүүн болгох яриа 2014 оноос цухалзах болсон. ШХАБ-ын дүрэм ёсоор тус байгууллагын үйл ажиллагааг даргалах эрх ротациар гишүүн орнуудад шилждэг Душанбе халаагаа Москвад өгсөн жил халааг авсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "ОХУ ШХАБ-ыг даргалах үед өргөжүүлнэ” гэдгээ хэлсэн.

Манай дараа жил ажиглагч орноор нэгдсэн Энэтхэг Пакистан, Иран аль аль нь жинхэнэ гишүүн болсон бөгөөд он удаан жил зургаан гишүүнтэй явсан ШХАБ ирэх жилүүдэд гишүүнчлэлээ өргөтгөнө гэж ажиглагчид харж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын орнуудын нутаг дэвсгэрийг холбосон олон улсын дэд бүтцийн сүлжээ буюу авто зам, агаарын нислэгийн зам болон төмөр замын шугамуудыг бий болгох санаачилга гаргаад буй.

Энэ бүхнээс үзэхэд ШХАБ-ын үйл ажиллагааны цар хүрээ болоод үр нөлөөг улам бүр тэлэх бодлого идэвхтэй хэрэгжихээр байгаа юм. Дээр дурдсан хамтын ажиллагааны олон талт загварууд нь уул уурхай болон эрчим хүчний түүхий эдийн томоохон нөөцтэй Монголын хувьд нэг талаар ихээхэн боломж олгож болох мэт. Гэвч нөгөө талдаа геополитикийн чөлөөт байдлыг эрсдэлд хүргэхээр нөхцөл байдал ч үүсэж болох талтай.

Зарим ажиглагчийн үзэж байгаагаар бол яг дээрх асуудлаар Шанхайн байгууллагын гол тулгуур багана болох Орос, Хятад хоёр орны хооронд тус байгууллагын бодлогыг тодорхойлох талаар эсрэг тэсрэг үзэл бодолтой байгаа гэсэн мэдээлэл мөн гарч байгаа юм. Тухайлбал, Хятад Улс Шанхайн байгууллагын үйл ажиллагааг төв Азийн бүс нутагт эдийн засгийн чиглэлээр тулгуур болгох сонирхолтой байна.Тиймээс ч тус улс энэ чиглэлд түлхүү анхаарахыг хүсэж байгаа бөгөөд Шанхайн байгууллага бий болсноос хойш-хи хугацаанд гишүүн орнуудыг нь хамарсан бүс нутагт оруулсан хөрөнгө оруулалтаа бараг найм дахин өсгөж чадсан байдаг

Өөрөөр хэлбэл энэ бүс нутагт арван жилийн өмнө 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байсан Хятад Улс одоо 84 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулах болжээ. Тэгвэл ОХУ Шанхайн байгууллага нь илүү геополитикийн нөлөөллийн хүчин зүйл болох талаас буюу улс төрийн "зэмсэг” болгох сонирхол нь давамгайлж байгаа гэж ажиглагчид үзэж байгаа аж.

ШХАБ-ААР ДАМЖУУЛАН ТӨВ АЗИ РУУ ОРУУЛЖ БУЙ БНХАУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

1990-ээд оны эцэс гэхэд Хятадын зүгээс төв Азийн орнуудад оруулж байсан хөрөнгө оруулалтын хэмжээ нэг тэрбум орчим ам.доллараас хэтрэхгүй байсан бөгөөд зөвхөн нефть, хийн салбарт оруулах төдийгөөр хязгаарлаж байсан аж. Тэгвэл энэ цаг үеэс хойш арван жил өнгөрөхөд Хятадын тус бүс нутагт оруулж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ шууд л 30 дахин өссөн байдаг Тэр дундаа 2008 оны санхүүгийн хямралын үеэс БНХАУ төв Азийн бүс нутагт санхүүжилтийн гол эх булаг нь болсоор ирсэн Орос, АНУ Европын орнууд дотоодын төсөв санхүүгийн асуудлуудаасаа болж нөлөөллөө багасгасан нь Хятадад орон зайг нь эзлэх том боломжийг олгосон юм.

Казахстан-Төв Азийн орнуудаас Бээжин Казахстанд хамгийн их хөрөнгө оруулжээ. 2009 онд Казахтсанд 10 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийг олгосон байдаг Харин хариуд нь Казахстаны үндэсний хэмжээний томоохон компани болох "РД Каз Мунай Газ”-ийн 11 хувийг эзэмших болсон байна. Мөн Казахстанаас Хятад руу нийлүүлж байгаа нефтийн хэмжээг жилдээ 20 сая тонн болгон нэмэгдүүлж чаджээ.Тэгвэл 2010 онд Казахстанд 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж улмаар тус улсын нефть олборлолтын 22.5 хувийг хятадын компаниуд гартаа авч чадсан байна.

Хятадын компаниудын олборлолт явуулж, оролцоогоо нэмэгдүүлчхээд байгаа Казахстаны томоохон ордуудад Актюбинскийн болон Карагандын муж дахь ирээдүйтэй, ихээхэн нөөцтэй хэд хэдэн томоохон ордууд багтаж байгаа гэнэ. Мөн тун удахгүй Каспийн тэнгис орчмын нефть, хийн томоохон ордын хайгуул болон ашиглалтыг эхлүүлэхээр Хятадын компаниуд бэлдээд эхэлсэн аж. Казахстан руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 2007 онд 1.8 тэрбум ам.доллар байсан бол 2010 оны байдлаар 10 тэрбум ам. долларт хүрчээ. ШХАБ-аас тэр тусмаа Хятадаас их хэмжээний зээл авах болсон Казахстанд хандах гадаадын хөрөнгө оруулагчдын уур амьсгал 2000 оноос өөрчлөгдөж эхэлсэн. 

Энэ үед гадаадын хөрөнгө оруулагчдад хандсан үйлчилгээний тухай мэдээллийг нээлттэй болгох, Казахстаны нутаг дэвсгэр дээр хөрөнгө оруулагчдын эрхийг баталгаатай хамгаалах тухай Үндсэн хуулийн болон бусад хэм хэмжээний актуудыг баталсан билээ. Казахстан хөрөнгө оруулалтыг дэмжих болон хамгаалах тухай хэлэлцээрт АНУ Франц, ОХУ зэрэг 37 оронтой гарын үсэг зурсан юм. Казахстан нь уул уурхайн салбар болон боловсруулах үйлдвэрүүддээ гадаадын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг илүү тодорхой заах үүднээс "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хуулиндаа 2004 онд хамгийн олон удаа өөрчлөлт оруулсан байдаг

КИРГИЗ-Хятад Улс одоогоор Киргизийн талд өгч байгаа зээлийн туслалцаагаа дундаж хэмжээнд барьж байгаа. БНХАУ-аас авч буй зээлийн дийлэнх нь Киргизийн Засгийн газрын захиалгын дагуу хийгдэж буй техникийн туслалцаа хэлбэрээр орж байгаа бөгөөд уулын баяжуулах үйлдвэрийн зарим нэг жижиг төслүүдэд мөн зориулагдаж байгаа аж. Үүний зэрэгцээ Киргизийн тээврийн болон барилгын салбарт ч мөн Хятадын талаас зээлийн туслалцаа үзүүлсээр байгаа юм байна.

Хятад Улс Киргизэд томоохон хөрөнгө оруулалт хийхдээ хойрго, азнаж хүлээсэн байдалтай байгаа бөгөөд энэ нь хэд хэдэн шалтгаантай бололтой. Хамгийн гол шалтгаан нь Киргизийн дотоод улс төрийн байдал тогтвортой бус байгаатай холбоотой бөгөөд нөгөө талаар энэ улс нь Орос болон АНУ-ын нөлөөнд амархан автах нөхцөл байдалтай байгаа нь ч мөн Хятадын сонирхлыг бууруулахад хүргэж байгаа гэнэ. (ОХУ болон АНУ-ын аль алиных нь цэргийн бааз Киргизэд байгаа.)

Хятад Улс нь Киргизийн хоёрдох том худалдааны түнш бөгөөд экспортын барааны хоёрдох зах зээл юм. Одоогийн байдлаар Хятадын хөрөнгө оруулалт 1.7 тэрбум ам.долларт хүрч, Киргизийн зам харилцаа дэд бүтцийн байгуулалт зэрэг эдийн засгийн хөгжлийн гол салбаруудыг хамарчээ. Хятадад ирж суралцаж байгаа Киргизийн оюутны тоо жил бүр 400 орчмоор нэмэгдэж, өнөөгийн байдлаар, Киргизийн 2000 гаруй оюутан Хятадад суралцаж байгаа юм.

ТАЖИКСТАН-Хятадын зүгээс тус улс руу чиглэсэн харилцаандаа илүү геополитикийн шинжтэй сонирхлоор хандаж байгаа. Хятад Улс багагүй зээлийн туслалцааг тус улсад үзүүлснээр Тажикстаныг улсынхаа түүхий эдийн суурь нөөц, бараа хангалтын зах зээл болгон хувиргаж байгаа тухай гадаадын ажиглагчид дурдсаар байна. Хятадын зүгээс энэ улсад өөрийн сонирхол, нөлөөллийг бэхжүүлэхэд нь Тажикстаны эдийн засаг нийгмийн хямралт нөхцөл байдал болон эрчим хүч, хүнсний хангалтын хомсдол "ивээс” болж байгаа юм. Одоогоор Хятад Улс Тажикстаны гол донор орон болчихоод байгаа бөгөөд хэдийнээ нэг тэрбум гаран ам.долларын хөнгөлөлттэй зээлийг тус улсад өгчихөөд байгаа юм байна.

Эдгээр хөрөнгө нь Тажикстанд зам гүүр барих зэрэг дэд бүтцийн салбарт түлхүү зарцуулагдаж байгаа аж. Энэ эрчимтэй санхүүгийн тусламжийн нөлөөгөөр Хятад Тажикстаны нийт гадаад өрийн 40 хувийг дангаараа барьж байгаа юм. Энэ бүх санхүүгийн дэмжлэгийнхээ хариуд Бээжин Тажикстанд алт болон уран, газрын ховор металлыг олборлох эрхийг өвөртөлчихөөд байгаа. Мөн тус хоёр орны хооронд маргаан тариад байсан мянган ам.километр газар нутгийг Хятадын талд найр тавин өгөхөд хүргэсэн.

Төв Азийн орнууд БНХАУ-тай эдийн засгийн хувьд хэдийгээр нягт харилцаатай байгаа бөгөөд тус улсын эдийн засаг хурдацтай өсч буй нь цаашид төв Азийн орнуудын аюулгүй байдал тусгаар тогтнолд нь аюул учирч болзошгүй гэх таамгийг ажиглагчид дэвшүүлсээр байна. Эдийн засаг улс төрийн хувьд хэт нэг гүрний хараат байх мөн дээрээс нь төлж дийлэхгүй их өрийн дарамтанд орох нь эргээд геополитикийн хувьд томоохон асуудал юм. Бээжингийн толгойлж буй ШХАБ-ыг Хятадын эсрэг хямрал гаргаж болзошгүй улс орнуудыг номхотгох гэсэн арга гэж үзэх нь ч байна. Ерөнхийдөө ажиглагчид ШХАБ-ын талаарх Хятадын байр суурь, бодлогыг судалж баршгүй нэг сэдэв хэмээн тодорхойлдог

ШХАБ-ЫН ТАЛААРХ БАРУУНЫ БАЙР СУУРЬ

ОХУ болон Хятадын эрх ашгийг хамгаалсан НАТО, АНУ зүүн Азийн цэргийн эвсэлтэй сөргөлдөх агуулгатай заалтууд ШХАБ-ын гэрээнд байдаг гэж үзэн АНУ тэргүүтэй Европын орнууд ШХАБ-ыг ирээдүйд аюул учруулах цэргийн эвсэл гэж үздэг. Түүнчлэн Иран Улс ШХАБ-д элссэнийг АНУ болон Европын орнуудаас ирэх дарамтыг саармагжуулж дэмжлэг авах зорилготой гэж тодорхойлж байгаа юм. АНУ- тэргүүтэй барууны ертөнц Иран Улсыг цөмийн зэвсэг хийдэг хэмээн хардаж, үе үе хүчтэй хориг арга хэмжээнүүдийг тавьдаг билээ. 

БАЙР СУУРЬ

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

-ШХАБ-тай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан төвшинд хүргэж, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Ингэснээр ШХАБ-ын гишүүн найман улстай харилцах харилцаанд нэн таатай орчин үүсэхийн зэрэгцээ олон жил яриад биеллээ олоогүй бүс нутгийн дэд бүтцэд холбогдох асуудал бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ. ШХАБ-ын гишүүн орнуудын хүн ам, эдийн засгийн хүчин чадлыг энд ярих нь илүүц биз ээ. Ийм прагматик хандлага баримтлан, гадаад худалдааны таатай нөхцөлүүдийг бий болгож байж л хөрөнгө оруулалтыг Монгол руу бодитоор татах болно.

Гадаад Харилцааны Сайд асан Ц.Гомбосүрэн:

-Манайхыг ШХАБ-д элсүүлэхийн цаана манай улсын гурав дахь хөршийн бодлогыг саармагжуулах санаа байгаа гэж бид "хардах” эрхтэй. Бид тэр бодлогоо бүдгэрүүлж хэрхэвч болохгүй. Дахин хэлэхэд, болзошгүй "хуваагдмал” ертөнцөд бид хэний ч талд орох ёсгүй. Хоёр хөрш, гурав дахь хөршийнхөө бодлогын үзэл баримтлалаар явах ёстой.

ШХАБ-д гишүүнээр орчихвол баахан мөнгө цутгаад л, Орос-Хятадыг холбосон хийн шугам Монголоор дайрах ч юм шиг; олон жил гацсан том төслүүд гэнэт хөдлөх ч юм шиг боддог; ярьдаг тал бий. Хэрвээ тэгж сэтгэж байгаа бол эндүүрэл. ШХАБ бол гишүүн болохоор нь хадаг яндар өргөдөг зээл тусламж өгдөг байгууллага биш. Орос, Хятад хоёртой хамтарч ажиллах, эдийн засгийн том төслүүдээ явуулах амин чухал сонирхол бидэнд бий. Энэ сонирхлыг хангах, асуудлыг шийддэг бүтцийг бид санаачилсан. Гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалт гэж.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХ-ОРГИЛ:

-ШХАБ-ын үүссэн түүх, одоо байгаа байдал, цаашдын замналыг хараад байхад энэ байгууллага нэг талаас улстөрийн, нөгөө талаас цэргийн байгууллага болох өндөр магадлал байна гэж би харж байгаа. Би бол одоохондоо ШХАБ-д элсэх шаардлагагүй гэж үзэж байна.

Өмнөх Засгийн газар ч тийм байр суурьтай байсан. Өнөөдөр бодит амьдрал дээр хүйтэн дайн эхэлчихлээ. Энэ хүйтэн дайн дахиад хэдэн жил ч үргэлжилж мэдэхээр байна. Дайн сонгодог утгаар өрнөөд явах юм бол манайх шиг жижиг орнуудад асар их нөлөөтэй. Бид бүх түүхээрээ хоёр том их гүрний хэт их нөлөөнд орохгүйн төлөө тэмцэж ирсэн. Монгол Улс 1990 оноос хойш гуравдагч хөршийн бодлоготой болж чадсан. Энэ гуравдагч хөршийн бодлогод ямар нөлөө орж ирэхийг олон талаас нь судлах хэрэгтэй.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД:

-ШХАБ-д элсэх тухай асуудлыг Үндсэн хуулийн дагуу УИХ хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргах цаг нь бол болсон. Ойрын үед энэ асуудлаар тодорхой санаачилгуудыг Засгийн газар эсвэл Ерөнхийлөгч зэрэг эрх бүхий байгууллагаас гаргана. Гэхдээ Монголын төр ШХАБ-д элсэх эсэхээ бүх талаас нь ёстой хэрэгтэй бол хаалттай хэлэлцээд төрийнхөө бүх бодлоготой маш сайн уялдуулж, нухацтай ярилцаж эцсийн шийдвэрээ гаргах ёстой.

НИЙТЛЭЛЧ, ДИПЛОМАТЧ Г.БАЯРХҮҮ:

Өрнөдийн эсрэг байр суурьтай ОХУ нь Афганистанд Америк, НАТО-гийн хүчин байрлаж байгааг таашаадаггүй. Гэтэл ШХАБ-ын ажиглагч Монгол тэнд нь оролцсоор ирсэн нь хэрэв ШХАБ-д Монгол жинхэлбэл үл ойлголцолд хүргэх нь маргаангүй. Монгол Улс хэрхэх вэ гэдэгт айхавтар хариулт хайгаад тархиа гашилгаад байх нь арай эртдэх мэт. ШХАБ нь ийнхүү бүс нутгийн улс төрийн байгууллага байгаа нөхцөлд Монгол Улс идэвхтэй ажиглагчаар оролцож байр сууриа илэрхийлж, ШХАБ-ын олон уулзалт хурлуулад идэвхтэй оролцоод явахад ямар ч саад байхгүй гэж үзэж байна.

 Ц.Даваасамбуу

Ц.ДАВААСАМБУУ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

Санал болгох

Сэтгэгдэл

top