|

Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг баталлаа

marsbold 2016/06/24 858 0

Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг баталлаа

 

 

Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 16 дугаар хуралдааны хүрээнд 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн дээд түвшний уулзалт амжилттай болов.

Гурван талт уулзалтын эхнийхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачлагаар 2014 оны есдүгээр сард Тажикстан Улсын нийслэл Душанбе хотод хийсэн бол хоёр дахь уулзалтыг өнгөрсөн  2015 оны долдугаар сард ОХУ-ын Уфа хотноо зохион байгуулсан юм.

Энэ удаагийн уулзалтаар талууд гурван улсын худалдаа-эдийн засаг, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал, хил орчмын хамтын ажиллагааг дүгнэж, дээрх салбарын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотлов.

Уулзалтын үеэр Монгол-Орос-Хятадын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрт тус тус гарын үсэг зурсан нь гурван талын хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулж, шинэ шатанд гаргахад чиглэсэн чухал арга хэмжээ болов.

Гурван улсын Төрийн тэргүүн нар Эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах механизмыг байгуулах чиглэлээр нягт хамтран ажиллахаар тохиролцсон нь ихээхэн ач холбогдолтой байв.


 

Ц.Элбэгдорж: Гурван талт хамтын ажиллагааны тохиролцоог бодит ажил хэрэг болгох зорилт бид бүхний өмнө ирж байна

 

 

БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин,

ОХУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин,

 

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгах ялдамд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын гурав дахь уулзалт болж байгаад баяртай байна.

 

Өнөөдөр бид  Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр зэрэг гурван талт хамтын ажиллагааны чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурах гэж байна. 

 

Хөрш гурван улсын хооронд хамрах цар хүрээгээрээ урьд өмнө хэзээ ч байгаагүй томоохон хөтөлбөрийн тухай энд яригдаж байгааг онцолмоор байна.

 

Одоо гурван талт хамтын ажиллагааны тохиролцоог бодит ажил хэрэг болгох зорилт бид бүхний өмнө ирж байна.

 

Эрхэмсэг ноёд оо,

Энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын хувьд дараах гурван асуудлаар санал солилцож, тохиролцоонд хүрэхийг хүрсч байна.

 

Нэгдүгээрт, Эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах асуудлын хүрээнд:

 

Юуны өмнө гурван талын холбогдох байгууллагууд хөтөлбөрт тусгагдсан 32 төслийн жагсаалтаас хэрэгжүүлэхэд бэлэн төслүүдийг тодорхойлж, эдгээр төслүүдэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэн хэрэгжүүлж, идэвхтэй ажиллах саналтай байна.

 

Цаашид "Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт тусгагдсан төслүүдийг боловсруулах, тэдгээрийн эдийн засгийн үндэслэлийг тогтоох, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх үүднээс "Хөрөнгө оруулалт, төлөвлөлт”-ийн төв хэмээх механизм байх нь зүйтэй гэдэг дээр талууд санал нэгтэй байгааг харгалзан "Хөрөнгө оруулалт, төлөвлөлт”-ийн төвийг 2016 онд багтаан байгуулах саналыг дэвшүүлж байна.

 

Хоёрдугаарт, гурван улсын зам, тээврийн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлын хүрээнд:

 

Төмөр замын төслүүдийг урагшлуулах бодитой механизм болох гурван талын Тээврийн асуудал эрхэлсэн яамд хоорондын төмөр замын асуудлаарх гурван талт зөвлөгөөнийг тогтмолжуулах хүсэлтэй байна. Гурав дахь удаагийн уулзалтыг энэ оны 8, 9 дүгээр сард Улаанбаатар хотноо хийж, тулгамдсан асуудлуудаа ярилцахаар төлөвлөж байна.

 

Гуравдугаарт, гурван улсын хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэлүүдийг тодорхойлох асуудал юм.

 

Манай хамтын ажиллагаа нь зөвхөн эдийн засгийн коридор, тээвэр, гаалийн салбараар хязгаарлагдахгүй. Ирээдүйтэй салбаруудын нэг нь бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа юм. Монгол,Орос,Хятадын зүүн бүс нутагт дэд бүсийн гурван талт хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай саналыг Хятадын талаас гаргасныг бид зарчмын хувьд дэмжиж байна. Цаашид холбогдох төлөвлөгөөг гаргаж ажиллахад Монголын тал бэлэн байна.

 

Хоёр талын хамтын ажиллагааны туршлага, нөөц бололцоог харгалзан хөдөө аж ахуй, гамшгийн байдал, түүний үр дагавраас урьдчилан сэргийлэх, арилгах зэрэг салбарт гурван талт хамтын ажиллагааг чиглүүлэх, хөгжүүлэх боломжтой гэж бид үзэж байна.

 

Манай гурван улсын бодит хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх зорилгоор Улаанбаатар хотноо гурван талын дээд хэмжээний дараагийн  уулзалт хийх өлзийтэй ерөөлийг дэвшүүлж үгээ өндөрлөе. Бид бүхний харилцан ашигтай хамтын ажиллагаа гурван улсын төдийгүй бүс нутгийн хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл дүүрэн байна.

 

Анхаарал тавьсанд баярлалаа. 

 


 

Си Зиньпин: Гурван талын хамтын ажиллагааны нааштай хандлагад сэтгэл хангалуун байна

 

 

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч В.Путин, эрхэм хүндэт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  нар аа,

 Гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтыг хөтлөх болсондоо би баяртай байна.

 

2014 оны 9 дүгээр сард Тажикстаны Душанбе хотноо болсон уулзалтаар гурван талын хамтын ажиллагааг эхлүүлснээс хойш  бид нарын хүрсэн чухал тохиролцооны дагуу холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллаж, хамтын ажиллагааны төсөл хөтөлбөр боловсруулан нэлээдгүй ажлыг хийсэн болно.

 

2015 оны 7 дугаар сард ОХУ-ын Уфа хотноо Хятад, Монгол, Оросын хамтын ажиллагааг хөгжүүлэх замын зураглалыг баталж, зарласан бөгөөд, гурван талын хамтын ажиллагааны ерөнхий зарчмыг тогтоож салбар тус бүрийн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон билээ. Гурван улсын эрх бүхий байгууллага, орон нутаг, аж ахуйн нэгжүүд энэхүү замын зураглалыг идэвхтэй хэрэгжүүлж, эдийн засаг, худалдаа, дамжин өнгөрөх тээвэр, аялал жуулчлал, спорт зэрэг салбарт тодорхой төслүүдийг хэлэлцэж нааштай ахиц, үр дүн гаргасан.

 

Жишээ нь, зам, тээврээр харилцан холбогдох, хил дамнасан тээврийн хүрээнд ӨМӨЗО-ны Манжуур боомтоос Орос, Европын чиглэлд 604 галт тэрэг аялуулсан бол Эрээн боомтоор Монгол Улсаар дамжуулан Орос, Европын чиглэлд нийт 77 галт тэрэг аялуулсан байна.

 

Өнөөдөр бидний энэхүү уулзалтын дараа Хятад, Монгол, Оросын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр зэрэг чухал баримт бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд гэрч болон оролцох гэж байна. Энэ нь Гурван тал харилцан хөрш орны  давуу талд тулгуурлан нягт хамтран ажиллаж болно гэдгийг харуулж байна. Гурван талын хамтын ажиллагааны нааштай хандлагад сэтгэл хангалуун байна.

 

Одоо В.Путин Ерөнхийлөгч, Ц.Элбэгдорж  Ерөнхийлөгч нараас цаашид гурван талын хамтын ажиллагааны талаарх саналыг нь сонсъё.

 

В.Путин Ерөнхийлөгч,  Ц.Элбэгдорж  Ерөнхийлөгч нарын хэлсэн эдгээр саналуудыг гурван талын холбогдох байгууллагууд хэрэгжүүлэх талаар судлахыг санал болгож байна. Эцэст нь би өөрийн бодол, саналыг илэрхийлье.

 

Хятадын торгоны замын эдийн засгийн бүс, Оросын хөгжлийн стратеги, ялангуяа, Транс Евразийн коридорын бүтээн байгуулалт, Монголын талын "Талын зам” санаачилгыг уялдуулан гурван талын иж бүрэн хамтын ажиллагааг идэвхтэй урагшлуулах хэрэгтэй.

 

Нэгд. Хятад, Монгол, Оросын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг сайн хэрэгжүүлэх. Хөтөлбөр нь гурван улсын хөгжлийн стратегийг уялдуулсан тодорхой арга хэмжээг хэрэгжүүлж  гурван талын бодит хамтын ажиллагааны нэн тэргүүний чиглэлийг тодорхойлсон болно. Хөтөлбөрт тусгагдсан зам, тээврийн дэд бүтцийн харилцан уялдаа холбоо, боомтын бүтээн байгуулалт, аж үйлдвэр болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоо, байгаль орчныг хамгаалах зэрэг тодорхой салбарын хамтын ажиллагааг хамтран урагшлуулж, нэн тэргүүний төслүүдийг хамтран хэрэгжүүлэн Хятад, Монгол,Ооросын Эдийн засгийн коридорын ажлыг урагшлуулж аль болох эрт тодорхой үр дүн гаргахыг хүсч байна.

 

Хоёрт, Гурван улсын хил залгаа бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх.

 

Гурван улсын хил залгаа бүс нутгууд бүсийн байршил, зам, тээврийн харилцан уялдаа холбоо, механизм  зэрэг давуу талтай. Гурван талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхи өндөр, суурь үндэс бат бөх байдаг бөгөөд хил залгаа бүс нутгийн хамтын ажиллагааг гурван талын хамтын ажиллагааны нэн тэргүүнд хөгжүүлэх салбар болгох боломжтой. Хятадын тал Монголын талаас дэвшүүлж буй хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх санаачилгыг дэмжиж байгаа бөгөөд дэд бүтэц, зам, тээвэр, хилийн худалдаа, аж үйлдвэр, аялал жуулчлал, хүмүүнлэг зэрэг салбарыг тэргүүлэх салбар болгож, үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлж  гурван улсын хил залгаа бүс нутгийн дэд бүсийн хамтын ажиллагааг урагшлуулан, гурван улсын хил залгаа бүс нутгийн хамтын хөгжлийг авчрах зорилгоор одоо байгаа хоёр талын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсэд суурилан гурван талын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах талаар хэлэлцэн судлахыг санал болгож байна.

 

Гуравт, ШХАБ-ын хүрээнд гурван талын хамтын ажиллагааг өргөжүүлэх.

 

ШХАБ үүсч хөгжсөний 15 жилийн хугацаанд олон улсын тавцан дахь нөлөө өдрөөс өдөрт нэмэгдэж, улам олон улс "Шанхайн үзэл санаа”-г хүлээн зөвшөөрч тус байгууллагатай хамтын ажиллагааны түвшинг нэмэгдүүлэх, эрсдэл болон сорилтыг хамтран шийдвэрлэх, тус байгууллагын хөгжлийн боломжийг хамтдаа хуваалцахыг хүсч байна. Уфа хотноо болсон ээлжит уулзалтын дараа гишүүнээр өргөнөөр элсүүлэх ажил эхэлсэн бөгөөд тус ажил тогтвортой урагшилж байна. Мөн ажиглагч орон болон яриа хэлэлцээний түнш орнуудын тоо нэмэгдэж байна. Байгууллагын хөгжлийн шинэ боломж үүсч байгаа нь харагдаж байна. ШХАБ нь Хятад, Монгол, Оросын гурван талын хамтын ажиллагааны ашигтай талбар. Монгол Улс тус байгууллагын анхны ажиглагч улс. Хятадын тал Орос болон бусад гишүүн орнуудтай хамтран ШХАБ-ын хүрээнд Монгол Улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, үүнд ШХАБ-ын 2025 он хүртэлх хөгжлийн Стратеги болон нээлттэй түншлэлийн харилцааны бодлогыг хамтран хэрэгжүүлж, мөн Монголын талтай дамжин өнгөрөх тээвэр, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, гамшгаас урьдчилан сэргийлэх болон бууруулах, эрчим хүч зэрэг чухал салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна.

 

 Амжиллтай, ажил хэрэгч уулзалт боллоо. Дараа жил болох гурван улсын Төрийн тэргүүн нарын 4 дэх удаагийн уулзалтыг Монгол Улс даргална. Ээлжит уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахаар Монголын талаас удаа дараа дэвшүүлсэн саналыг би зохимжтой гэж үзэж байна. Гурван улсын Гадаад хэргийн яамд тус асуудлыг идэвхтэй судлаж үзэхийг санал болгож байна.

 


 

В.В.Путин: Улс төрийн зөвлөлдөх механизм ажиллаж эхэлснээр бүс нутгийн анхаарал татсан асуудлуудаар байр сууриа уялдуулах сайхан боломж нээгдэж байна

 

 

Хүндэт нөхөд өө,

Хүндэт дарга Си Зиньпин,

Хүндэт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,

Та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа баяртай байна.

 

ОХУ нь Монгол Улс, БНХАУ-тай уламжлалт нөхөрсөг харилцаагаар холбогддог. Бид гурван талт нөхөрлөлөө сайн хөршийн, эрх тэгш, харилцан хүндэтгэх зарчимд тулгуурлан хөгжүүлж байгаа билээ.

 

Жилийн өмнө Уфа хотноо болсон уулзалтаар бид хамтын ажиллагаагаа олон чиглэлд эрчимжүүлэхээр тохиролцсон. Гурван талын харилцааг улс төр, эдийн засаг, олон улсын харилцаа, соёл-хүмүүнлэгийн салбарт хөгжүүлэх Замын зураглал хэрэгжиж эхэлсэн нь чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Улс төрийн зөвлөлдөх механизм ажиллаж эхэлснээр бүс нутгийн анхаарал татсан асуудлуудаар байр сууриа уялдуулах сайхан боломж нээгдэж байна.

 

Уфагийн тохиролцоог урагшлуулах зорилгоор Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг бэлтгээд байна. Хил орчмын хамтын ажиллагааг бодитой эрчимжүүлэх гурван талын хөрөнгө оруулалтын 30 гаруй төслийг эхлүүлэхэд дээрх хөтөлбөр нь чиглэгдэж байгаа билээ.

 

Төслийн хөрөнгө оруулалтын хамтарсан төв байгуулан уг хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлэх талаарх Монголын талын саналыг ирээдүйтэй гэж үзэж байна. Тээврийн салбар, харилцаа холбооны шугам, цахилгаан дамжуулах шугам болон эрчим хүчний хангамжийн маршрутыг байгуулах салбарт хамтын ажиллагааны шинэ санал боловсруулахад дээрх төвийн үндсэн зорилт оршино.

 

Оросын тал дэд бүтцийн санал, санаачилгад гол анхаарлаа хандуулах болно. Тухайлбал, Оросын хувийн хэвшил Улаанбаатар төмөр замын шинэчлэлд оролцоход бэлэн байна. Дээрх асуудлаар миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчтэй олон удаа ярилцаж байсан. Улаанбаатар төмөр замын дамжин өнгөрүүлэх чадамжийг жилд 100 сая тоннд хүргэх болно. Түүнчлэн авто тээврийн ачаа тээвэрлэлтийн зах зээлийг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь манай гурван улсын дамжин өнгөрөх нөөц бололцоог бүрэн ашиглахад дэмжлэг болох юм.

 

Дээрх төслүүдийг хэрэгжүүлэх нь бүс нутгийн интеграцчилалын төслүүдийг урагшлуулах, юуны өмнө Евразийн бүс нутагт, түүний дотор Евразийн эдийн засгийн холбоо болон БНХАУ-ын хооронд худалдаа-эдийн засгийн түншлэлийг бий болгоход дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.

 

Манай гурван улсын хооронд худалдааны харилцаа, түүний дотор хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь гаалийн үйл ажиллагааг цаашид хялбаршуулахад дэмжлэг болно. Өнөөдөр гарын үсэг зурах Гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр нь гаалийн үйл ажиллагааг хялбаршуулахад чиглэгдэж байна.

 

Мэдээж хэрэг, ОХУ, БНХАУ болон Монгол Улсын хувийн хэвшил хоорондын харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлыг үргэлжүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн оны 6 дугаар сард БНХАУ-д гурван талын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын форум амжилттай болж өнгөрсөн. ОХУ-ын Чит хотод 8 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд болох дараагийн форумд Оросын тал идэвхтэй бэлтгэж байна. 

 

Бүс нутгийн экологийн хамтын ажиллагааны салбарт ихээхэн эерэг өөрчлөлт бидний нүдэн дээр өрнөж байгааг тэмдэглье. Сэлэнгэ мөрний сав газарт усан байгууламжууд барихаар Монголын тал төлөвлөж байгааг бид бүхэн мэднэ. Монголын нөхөд болон БНХАУ-тай энэхүү асуудлыг маш нухацтай судлахыг бид хүсч байна. 

 

ОХУ болон олон улсын байгаль хамгааллын байгууллагуудын энэхүү төслийн талаар баримталж буй байр суурь тодорхой. Төслийг хэрэгжүүлэх нь манай Эрхүү мужийн усан хангамж болон Байгал нуурын өвөрмөц экологид тодорхой эрсдэл учруулах боломжтой. Сэлэнгэ мөрөн нь Байгал нуурын үндсэн цутгал юм.

 

Монгол Улсын эрчим хүчний хомсдолтой холбогдох асуудал нь чухал гэдгийг бид ойлгож байна. Энэ талаар бодолцож, асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Гэхдээ энэ асуудлыг олон төрлийн аргаар, юуны өмнө, бүс нутгийн эрчим хүчний цогцолборыг хөгжүүлэх замаар шийдвэрлэх боломжтой. Жишээлбэл, Оросын цахилгаан станцуудаас Монгол Улсын хойд бүс нутаг руу нийлүүлэх эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх бололцоотой.     

 

Зөвхөн энэхүү салбараас гадна бусад салбарууд, жишээлбэл, аялал жуулчлалын салбарын харилцаа холбоо, хамтын ажиллагааг дэмжих нь чухал гэж бид үзэж байна. ОХУ-ын 20 бүс нутгийг БНХАУ болон Монгол Улстай холбох "Их цайны зам” олон улсын аялал жуулчлалын маршрутыг зохион байгуулах зэрэг хэд хэдэн саналыг ОХУ-ын Аялал жуулчлалын Холбооны агентлаг судалж байна.

 

Бид шинжлэх ухааны солилцоог өргөжүүлэхэд бүх талын дэмжлэгээ үргэлжлүүлэн үзүүлэх болно. Өнгөрсөн онд байгуулагдсан ОХУ, БНХАУ болон Монгол Улсын судалгааны төвүүдийн холбоо нь энэхүү ажилд томоохон үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй юм.

 

Манай гурван улсын түншлэлийг хөгжүүлэх томоохон нөөц бололцоо бий. Энэхүү нөөц бололцоог гурван улсын ард түмний сайн сайхны төлөө цаашид идэвхтэй ашиглах нь зүйтэй гэж үзэж байдгаа дахин тэмдэглэхийг хүсч байна.

 

Анхаарал тавьсан Та бүхэнд талархлаа илэрхийлье.

Санал болгох

Сэтгэгдэл

top