|

Ч.Сайханбилэг: Манай улсад 1-3 их наяд ам.долларын баялаг бий

namuunaa 2015/09/24 974 0

"CAREC" хөрөнгө оруулалтын чуулган Шангри-Ла зочид буудалд болж байна. "Эрдэнэс Монгол” ХХК, Азийн хөгжлийн банктай хамтарч, Монголын Бизнесийн Зөвлөлийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй энэхүү чуулганд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, үг хэллээ.


Гэрэл зургийг MPA.MN
Гэрэл зургийг MPA.MN

 

Тэрбээр "Монгол Улс "CAREC"-ийг эхнээс нь идэвхтэй, дэмжиж оролцсон. "CAREC" хөтөлбөрийн хүрээнд бид бүс нутгийн интеграцичлалд чухал үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэж байна. Монгол Улсын хувьд макро эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлэх, үндэсний хэмжээний тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхийг хичээж байна. Эдгээрийн дотор "CAREC"-ийн буюу Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих төслүүд ч бий. Манай улсын ашигт малтмалын баялаг арвин их. 1-3 их наяд ам.долларын хэмжээний баялаг бий гэсэн тооцоо байдаг. Нүүрс, алт, зэс бол манай гол баялаг.

 

 

Өнгөрсөн жилүүд Монгол Улсын хувьд амаргүй он цаг байсныг та бүхэн мэдэх байх. Манайд хөрөнгө оруулах сонирхол буурч байна. Та бүхэн мэдэж байгаа. Монгол Улсын нэг чухал зүйл бол манайх ардчилсан орон. Харин ардчилсан орон ямар чиглэлээр, хэрхэн явахаа шийдэхэд амаргүй байдаг байж магадгүй. Бид алдаа хийсэн ч түүнийгээ богино хугацаанд, цаг алдахгүй засахыг хичээж байна.

 

 

Миний удирдаж буй Засгийн газрын гол асуудал сонгууль бус эдийн засгаа хөгжүүлэх. Бид эрчим хүч болон бусад дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах чиглэлээр ажиллаж байна” хэмээн хэлэв.

 

Мөн Ерөнхий сайд хөрөнгө оруулагчдыг хамгаалах эрхзүйн орчинг бий болгох шаардлага байгааг дурдаж, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, Монгол Улсын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлэв.

 

 

CAREC-ийн хөтөлбөрт  Азербайжан, Афганистан, БНХАУ, Казахстан, Киргиз, Монгол, Тажикстан, Туркменистан, Узбекистан, Пакистан гэсэн 10 орон багтдаг. Манай улс 2003 онд гишүүн орноор элссэн бөгөөд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд 300 орчим сая ам.долларын өртөгтэй төсөл, хөтөлбөрүүдийг CAREC-ийн хүрээнд хэрэгжүүлжээ.

 

 CAREC гишүүн орнууддаа НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Олон улсын валютын сан, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк, Исламын хөгжлийн банк, Дэлхийн банк, Германы техник, хамтын ажиллагааны нийгэмлэг, Жайка зэрэг олон улсын байгууллагаар дамжуулан санхүүжилт олгож, гишүүн орнуудынхаа эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах хүрээнд зам тээвэр, эрчим хүч, тээвэр, худалдааны салбарт онцгойлон анхаарлаа хандуулдаг байна. 

 

В.Бат

shuud.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top