|

"ЭРДЭНЭТ"-ИЙН 49 ХУВИЙГ ТӨРД АВСАН УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ГЭЖ ДҮГНЭЛЭЭ

tonshuul 2018/03/01 1034 0
 
 

"ЭРДЭНЭТ"-ИЙН 49 ХУВИЙГ ТӨРД АВСАН УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ГЭЖ ДҮГНЭЛЭЭ

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар "Эрдэнэт үйлдвэр” ХХК, "Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахаар тусгасан УИХ-ын тогтоолыг өнөөдөр хэлэлцээд "Үндсэн хууль зөрчөөгүй" гэж дүгнэлээ. 

УИХ-ын 2017 оны хоёрдугаар сарын 10-ны нэгдсэн хуралдаанаар ""Эрдэнэт үйлдвэр” ХХК, "Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 23 дугаар тогтоол гаргасан билээ. "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Монголын төр өөрийн мэдэгдлээ авах талаар тусгасан уг тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар иргэн Р.Очирбал, Ч.Жадамба, Ж.Онон, Н.Нямжаргал нар Үндсэн хуулийн цэцэд хандан мэдээлэл ирүүлээд байсан юм.



Мэдээллийн  дагуу үүсгэсэн маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар өнөөдөр хэлэлцэж, УИХ-ын 23 дугаар тогтоол "Үндсэн хууль зөрчөөгүй" гэсэн дүгнэлт гаргасныг 17.00 цагт Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар танилцууллаа. 

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд:
  1. "Эрдэнэт үйлдвэр” ХХК, "Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.", мөн зүйлийн 3 дахь хэсгийн "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.", 16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө",  45 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно.", 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэснийг тус тус ЗӨРЧӨӨГҮЙ байна.
  2. "Эрдэнэт үйлдвэр” ХХК, "Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд авсан тохиолдолд "Монголын зэс корпораци"-ийн ОХУ-д төлсөн төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэйг дурдсугай. 
  3. Энэхүү дүгнэлтийг дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор хэлэлцэж хариу ирүүлэхийг УИХ-д уламжилсугай" хэмээжээ. 

 
Уг шийдвэрийн үндэслэлд,
"Монгол-Оросын "Эрдэнэт үйлдвэр” ХХК, "Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурал 2004, 2009 онд тус тус соёрхон баталжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 15 дахь заалтад зааснаар УИХ Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэдэг. Түүнчлэн холбогдох хуульд Засгийн газар соёрхон баталсан Монгол Улсын олон улсын гэрээг цуцлах тухай саналыг УИХ-д өргөн мэдүүлэх ёстойг заасан. 
 
Мөн УИХ-аас нэгэнт соёрхон баталсан олон улсын гэрээг УИХ-д өргөн мэдүүлэлгүй, өөрчилж, зөвхөн УИХ-д хадгалагдах бүрэн эрхэд Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолоороо халдаж Үндсэн хуулийн холбогдох заалт болон бусад хуулийн заалтыг зөрчсөн байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газрын тогтоол, захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно гэж заасны дагуу УИХ-ын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолоороо Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолыг хүчингүй болгосон нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарч байна" гэж заасан юм.


 
Өнөөдрийн хуралдааныг ҮХЦ-ийн дарга Б.Одбаяр даргалж, ҮХЦ-ийн гишүүд, Цэцэд мэдээлэл ирүүлсэн иргэн Р.Очирбал, Ч.Жадамба, Ж.Онон, Н.Нямжаргал, УИХ-ыг төлөөлж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Цогтбаатар нар оролцлоо. 

Хуралдааны дараа УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд "Иргэдийн зүгээс мэдээлэл ирүүлэхдээ УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн, хувийн өмчид халдсан, өөрийн эрхээс татгалзсан Засгийн газрын тогтоолын 1-р хэсгийг хүчингүй болгосон нь хууль зөрчсөн гэсэн. Цэц дунд суудлын хуралдаанаараа өнөөдөр хэлэлцээд УИХ-ын тогтоол хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргалаа" хэмээсэн юм.
Н.Гантуяа 
Гэрэл зургийг Б.Чадраабал

Санал болгох

Сэтгэгдэл

top