|

Жагсаалт “БАЯРТАЙ”

saikhnaa 2016/04/22 868 0

Жагсаалт “БАЯРТАЙ”

 

2012 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, холимог систем буюу намын жагсаалт гэдэг зүйлийг анх гаргаж ирсэн. Энэ "шинэ” зүйлээр олон хүн намын нэрийн дор нуугдаж, УИХ-ын гишүүний зөөлөн суудалд тухлаад 4 жил өнгөрлөө.

 

 Намын жагсаалт гэдгийн цаана нөгөөх иргэдийн итгэлийг алдсан, "луйварчид” шургалж, хэн үл мэдэх нэгэн ч гишүүний алдарыг хүртсэн. Гэтэл үнэндээ сонгогч иргэдийн сонголт нь тэд биш байсан юм. Намыг сонгохдоо намын нэрийн дор нүүрээ халхалсан хүнийг ч бас цензурдмээр санагдсан хууль тэр байлаа.

 

Харин одоо намын жагсаалтыг "БАЯРТАЙ” гэж хэлэх цаг нь болж. Саяхан батлаад буй шинэ сонгуулийн тухай хуулийн зарим заалт үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц хуралдаанаараа хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэв.

Үүнийг тодруулья:

Иргэн Ц.Намсрай, Д.Банзрагч нар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад "хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан юм.

 

 

Энэ гомдлын дагуу өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн орлогч дарга Н.Жанцангаар ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй дунд суудлын хуралдаан эдгээр гомдлыг авч хэлэлцлээ. УИХ-ын сонгуулийг хувь тэнцүүлсэн буюу пропорциональ хэлбэрээр явуулах боломжийг Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөөгүй, харин аль нэг намд бус нэр дэвшигч иргэнд өөрт нь саналаа өгч Улсын Их Хурлын гишүүнийг сонгох үзэл баримтлалыг тогтоосон хэмээн Цэц үзлээ. Ингээд Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын хувь тэнцүүлсэн тогтолцоотой байх тухай заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн Улсын Их Хурлын 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар сонгохоор заасан заалт нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэлээ. Ингэснээр Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад "хувь тэнцүүлсэн /пропорциональ/”. 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэсэн заалтыг өнөөдрөөс хүчингүй болгож байна.

 

Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авахаа шийднэ. Энд 2 арга зам бий...

 

1. УИХ хэрвээ цэцийн дүгнэлтийг хүлээн авбал уг заалт хүчингүй болж намын жагсаалт гэж зүйл үгүй болно.

2. Харин эсрэгээрээ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авахаас татгалзвал Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаараа дахин хэлэлцээд зөрчснийг дахин баталвал жагсаалт "БАЯРТАЙ”.

Намын нэрийн дор нүүрээ халхалсан үл мэдэгчдэд "Баяртай” гэж хэлье.

 

ТӨР.мн 

А.Бэхи

Санал болгох

Сэтгэгдэл

top