Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй Үндсэн хуулийн өөрчлөлт шинэчлэлт цаг үеэ үнэхээр олсон эсэх, мөн манай улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг юу гэж тольдон суугаа зэрэг уншигчдын хамгийн их сонирхож буй сэдвээр ярилцсан юм.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя гэдэг саналыг дэвшүүлж олон жил ярьж байсан л даа. Гэхдээ эцэг хуулиар хамаагүй оролдохгүй гэдэг үзэл баримтлал давамгайлж ирсэн. Харин өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой хэлэлцүүлэг эхэлчихлээ. Ер нь энэ цаг үед Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв юм уу, буруу юм уу?
-Үндсэн хууль гэдэг бол тухайн улс орны төр засаг нь ард түмэнтэйгээ байгуулсан хамгийн том гэрээ юм л даа. Тиймээс улс орны амьдралын зохион байгуулалтын үндсэн зарчмуудыг тогтоож өгдөг. Нэгэнт баталсан Үндсэн хуулиар тогтоосон зарчмууд нь цаг хугацаа болоод хөгжил, нийгмийн өөрчлөлтийн явцад доголдоод эхэлбэл нэмэлт, өөрчлөлт оруулаад явдаг. Энэ бол хүн төрөлхтний түүхэн зарчим.
Бид 27 жилийн турш энэ Үндсэн хуулиар явлаа. Мэдээж, энэ хооронд ард түмэн маань эрх чөлөөтэй болж, улс орон маань тусгаар тогтнох бүрэн эрхээ гартаа авлаа гэж тунхаглалаа. Ардчилсан орнуудын нэр хүндтэй гишүүн болсон. Яривал их зүйл бий. Гэтэл нөгөө талд нь цаашид тэвчиж болохгүй хүнд асуудлууд хуримтлагдлаа шүү дээ. Тухайлбал, бид Үндсэн хуулиараа төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэж заасан. Үндсэн хуулиараа зургаан удаа сонгууль явууллаа.
Эргээд харахад, төр маань олигарх бүлэглэлийн гарт орчихоод байна. Монгол Улс таван Ерөнхийлөгч сонгоход сүүлийн гурван Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар төрийн доройтол, ялзралын тухай ярилаа шүү дээ. Тэгээд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга энэ тухай ярьж байна. Тиймээс энэ одоо юу болоод байна вэ гэдэг асуудлыг тодруулалгүй цааш явбал мухардмал байдалд орно гэсэн үг.
-Олигарх бүлэглэлийн засаглал Монголд яаж тогтов, Та үүнийг Үндсэн хуультай холбоотой гэж үзэж байх шиг байна?
-Бид одоогийн Үндсэн хуульдаа найман удаа нам гэдэг үгийг хэрэглэж, улс орон маань намаас үүссэн төр засагтай байна гэсэн зарчмыг тодорхойлж, 76 гишүүнтэй УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн гээд тогтоочихсон. Эхний сонгуулиудын үед ард иргэд өөрсдийнхөө дунд нэр хүндтэй, итгэл хүлээх чадвартай хүмүүсээ сонгоод л явж байлаа. Гэтэл яваа яваандаа хөрөнгө мөнгөтэй бүлэг нь тодроод ирсэн.
Энэ хэрээр улс төрийн намууд санхүүжиж, нийгэмд оршин тогтнохын тулд төрийн суудлыг мөнгөөр худалдаж, одоо МАН-ынхан 60 тэрбумын тухай ярьж байна. Энэ нь баримттайгаар дэлгэгдэж, нийтэд мэдэгдэж байгаа зүйл нь. Үнэндээ аль ч улс төрийн намууд хөрөнгө мөнгөтэй хүний гар харж, тэднийг УИХ-д тавьдаг нь нууц биш. Тэгээд тэд нь нөгөө зарсан мөнгөө хэд нугалж авахыг бодоод төрийг бизнес болгочхож байгаа юм.
Ингэж яваа хүмүүс Монголын ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө үйлчлэхгүй шүү дээ. Төрд орсон эрх мэдэлтнүүд, тэдний бүлэглэлд үйлчилдэг жам тогтлоо. Монголын эдийн засгийг ялзрааж, ядууруулж байгаа нэг гол хүчин зүйл нь энэ юм. Гэтэл Үндсэн хуульдаа хүмүүнлэг, энэрэнгүй иргэний ардчилсан нийгмийг байгуулна гэж зорьсон улс.
Одоогийн байдлаар олигарх засаглалын тогтолцоо биднийг хамгийн зэрлэг, мөнгөний чимээнээр асуудлыг шийддэг хөрөнгөтний нийгэм рүү чирээд явчихлаа шүү дээ. Тиймээс бид Үндсэн хуулийнхаа томьёоллыг өөрчлөхгүй яг энэ замаараа, олигархуудын засаглалаар явах уу гэдэг нь нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт, Үндсэн хуулиар улс орны амьдралын гол дүрэм журам, нийгэмд шударга ёсыг тогтооно гэж төрийн ажиллагааны үндсэн зарчмыг бичсэн. Шударга ёс, тэгш эрх, ардчилал, хуулиа дээдлэх дөрвөн зарчим байгаа шүү дээ.
-Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойном 1960-аад оны дундуур "Шударга ёс хаана байна” гэж бичиж, магадгүй хашхирч байсан байх. Гэтэл өнөөгийн нийгэмд ч тэр шударга ёсны зарчим тогтсонгүй. Эрх мэдэлтэй хүмүүс юу ч хийж болдог, хуулийн хариуцлага хүлээдэггүй, нийгмийн баялгийн хуваарилалт ч тэгш биш байгаа нь иргэн хүний хувьд надад таалагдахгүй байна. Өнөөдөр олон хүн яг ийм бодолтой байгаа?
-Монголын баялаг 100 хувь цөөнхийн гарт, тэр хүмүүсийн ард байгаа гадаад, дотоодын эздийн гарт төвлөрч эхэллээ. Энэ нь нийгэмд баян, ядуугийн ялгарал маш хүчтэй явагдахад нөлөөлсөн юм. Улс төрийн намууд ч сүүлийн хэдэн сонгууль дараалан янз бүрийн сайхан үгээр худал амлалт өгсөн. Хүүхдийн мөнгө, иргэн бүрт 1-1.5 сая төгрөг гээд элдэв янзын юм амласаар байгаад хамгийн сүүлчийнхээ амлалт дээр будилаад л сууж байна шүү дээ.
Шударга ёст нийгэмд хүн үнэний хорвоод амьдарч, алсыг харж, ирээдүйдээ төдий чинээ итгэлтэй амьдрах ёстой. Гэтэл өнөөдөр ийм итгэл алга. Төр засаг, улс төрийн намууд нь юу ч амлаж болдог. Гэхдээ тэр нь дандаа худал байдаг, ийм л замаар орчихлоо. Сүүлийн 10 орчим жил 2007 оны дунд үеэс эхэлсэн эдийн засгийн ужиг хямрал үргэлжилж байна. Эдийн засаг бол манай амьдралын үндэс.
Улсын төсөв гэдэг бол төрийн албанд ажиллаж байгаа бүх хүний амьдралын эх үүсвэр төдийгүй бусад салбартаа жишиг болж явдаг зүйл. Амьдралын хэм хэмжээг тогтоодог, төрийн ажилтны цалин ямар байна бусад салбар түүнийг харж байж цалингаа тогтоодог шүү дээ. Гэтэл манай 1992 оны Үндсэн хуульд эдийн засаг, санхүүгийн засаглалын тухай ганц ч үг, өгүүлбэр, бүр үнэр ч байхгүй. Соёлжсон орнуудад бол Үндсэн хуульдаа санхүүгийн засаглалаа оруулдаг. Тухайлбал, парламент нь Засгийн газраас оруулсан төсвийг нэмж болохгүй гэдэг ч юм уу.
Улс орны эдийн засгийг доройтуулах, улсад хохирол учруулах санал санаачилгыг УИХ-ын гишүүд гаргах эрхгүй ч гэдэг юм уу иймэрхүү заалтууд байдаг. Манайд ямар байна вэ гэвэл 2009 оноос эхлээд Засгийн газар, парламент хоёрын учир нь олдохоо болиод заримдаа Засгийн газар нь УИХ-аа хахуульддаг болчихсон. Үүний нэг жишээ нь 2009 оны төсвийн тодотгол батлагдахгүй болохоор нь "УИХ-ын гишүүдэд нэг, нэг тэрбум төгрөг зарцуулах эрх өгнө” гэсэн чинь долоохон хоногийн дотор нөгөөдөх нь батлагдаад гараад ирдэг байгаа.
Ингэсээр яваад улсын маань төсөв хэт данхайгаад ДНБ-ийхээ 40 хувьд хүрлээ. Социалист нийгэмд, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байхад 36 хувьтай л байсан юм шүү дээ. Үндсэн хуулиараа үүнийг зохицуулахгүй бол үе үеийн УИХ, Засгийн газар өөрсдийнхөө сонирхлоор л яаж л бол яаж өөрчилж, хямрааж болдгийг бид хангалттай харлаа. Ер нь одоогийн байдлаас харахад, манай төрийн тогтолцооны хамгийн эмзэг, хамгийн сул дорой бүтэц нь УИХ, Засгийн газар болоод байна.
-Төрийн албанд ураг төрлийн томилгоо хийгдэж, "цус ойртсон”. Үүнээс болж "Монгол төрийн дархлаа суларч байна” гэж зарим хүн үздэг юм билээ?
-Аргагүй шүү дээ. УИХ нь дандаа амьдралаа сайжруулах хүслээр орж ирсэн хүмүүсээс голчлон бүрдэж байна. Тэгээд тэд зүгээр байхгүй, үр ачаа Засгийн газарт томилдог. Сүүлийн хэдэн Засгийн газрыг аваад үзье л дээ. Ер нь 1996 оноос хойш 11 Засгийн газар солигдсон. Солигдох бүрдээ Засгийн газрын чанар доройтсоор байгаад сүүлдээ ер нь хэн ч хамаагүй очоод сайдын суудалд тухалж болдог, арилжаа наймааны бараа шиг болжээ.
Үүнээс болоод төрийн улс орноо авч явах чадвар суларсан. Өөр нэг асуудал нь түрүүний дурдсанчлан Монголын баялаг, эдийн засаг үндсэндээ гадаадынхны гарт ороод Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнолоо алдлаа. Алдах гэж байна гэж яривал хэдийнээ оройтсон. Бид одоо наад зах нь 30-40 жил төлж барахааргүй гадаад өртэй болчихлоо.
Одоо Монгол Улс дампуурах уу, үгүй юу гэдэг асуудлыг хөнддөг болоод байна шүү дээ. Ирэх онд дампуурах уу, үгүй юу гэж. Ийм болтлоо доройтсон. Эдийн засгийн тусгаар тогтнолоо алдана гэдэг чинь тусгаар тогтнолоо алдахын үндэс, эхлэл. Хэн ч бидэнд шаардлага тавиад, тулган шаардаж болно. Бид хэний ч өмнө өөрийгөө хамгаалах чадваргүй болж байгаа хэрэг л дээ. Энэ бүх асуудлыг шийдэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй болоод байгаа юм.
Өөр бусад асуудал ч бий. Төрийн дотоод аюулгүй байдал ч гэдэг юм уу. Төр маань авлигачдаас өөрийгөө яаж хамгаалах юм бэ, дотроо элдэв өнгийн Үндсэн хуулиа зөрчсөн санаархлууд, элдэв оролдлогоос яаж хамгаалах вэ гэдэг чинь нарийн асуудал. Үүнд анхаарах хэрэгтэй. Гэхдээ гол асуудал нь дээр дурдсан хэдэн зарчмын асуудал Үндсэн хуульд шийдлээ хүлээж байгаа юм.
-Гэхдээ, Та ч бас сая хэллээ, монголчууд ярьдаг даа "Чонын амнаас гараад барын аманд орно” гэж, үүн шиг янз бүрийн бүлэглэл өөрсдийн эрх ашгийг хамгаалсан элдэв янзын санаархлаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нэрийн дор оруулчих юм биш байгаа гэдэг айдас, хар заримд нь байна?
-Үндсэн хуулиа өөрчлөх нэрийн дор ярьж байгаа зүйлүүдийг ажиглахад, гурван үндсэн чиглэл харагдаж байна. Нэг нь энэ гол асуудлуудаа шийдье, төрийнхөө эрх мэдлийг ард түмэндээ өгөөд олигарх засаглал ч гэдэг юм уу энэ гаж тогтолцооноос найдвартай хамгаалах дархлааг бий болгоё гэсэн санал байна. Нөгөөдөх нь, давхар дээл, төрийн боловсон хүчин зэрэг ер нь амьдралд тулгараад байгаа асуудлуудыг тусгайлах нэг санал байна. Энэ бол эрүүл санал.
Харин гуравдах нь Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг нэрийн дор Монголын төрийг бүр толгойгүй болгоод гадаадын хэн ч ирсэн тавган дээр тавиад урдаас нь бариад суухад бэлэн байдалд оруулах ийм байдал ажиглагдаж байна. Бид Оюутолгойн гэрээг баталснаас хойш ер нь Монгол Улс өөрийнхөө баялгийг захиран зарцуулах, өмчлөх чадваргүй юм байна гэдгээ дэлхий нийтэд харуулсан шүү дээ.
Одоо Тавантолгой, тэгээд Харганат, Баянхөндийн гээд том том орд байна. Энэ баялгаас хүртэхээр санаархаж байгаа гадаад, дотоодын элдэв улс ерөөсөө Монголд нэгдмэл төрийн бодлого явуулах боломжгүй болгож, хэн дуртай нь түүнийг шийдэж гэрээнд гарын үсэг зурах байдал руу түлхэж байна л даа. Ийм нөхцөлд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн нөхөд Ерөнхийлөгчийн эрхээ хязгаарлах гэж байгаа юм. Төрийн тэргүүн гэдэг бол төрийнхөө бүх салаа мөчрүүдийн бодлого, үйл ажиллагаанд координац хийж, дотор нь зохицуулдаг хүн байх ёстой.
Тэгж байж л тэр хүн төрийн тэргүүн байна. Ингэхгүй, эрхийг нь хязгаарлаад УИХ-аас сонгодог болъё гэж ярьж байна билээ. Ийм байдалд хүрвэл төрийн тэргүүн УИХ-ын гишүүдийн гарт орчихно шүү дээ. Аз болоход, одоо төрийн тэргүүнээ ард түмнээсээ сонгодог хэвээрээ.Гэхдээ эрх мэдэлгүй, бэлгэдэл төдий Ерөнхийлөгч үлдээх гээд байна шүү. Тэгээд л Ерөнхий сайдын эрхийг нэмье гээд байгаа юм.
Ерөнхий сайд маань маш чухал хүн гэдгийг мэднэ. Гэхдээ бид сүүлийн үед Монгол Улсын Ерөнхий сайдыг гадаадын баячуудын гарт байгаа хүмүүсээс томилдог болсныг харлаа шүү дээ. Сайдууд нь хэн болдог, одоо ч хэн байгааг харж л байна. Сангийн сайд хэн байна вэ. Уул уурхайн сайд хэн байна вэ гэдгийг харж л байна шүү дээ. Ийм нөхцөлд Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмнэ, өөрийнхөө дураар сайдуудаа томилог гэвэл биш л дээ.
-Тэгвэл яг өнөөдөр Үндсэн хуулиа өөрчлөх нь зөв юм уу, үгүй юм уу. Та юу гэж бодож байна?
-Одоогийн санаачлаад хэлэлцүүлж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл бол үг хуйвалдсан, ямар нэгэн байдлаар төрийн эргэлт хийх арга гэж би хувьдаа үзэж байна. Яагаад гэвэл, Монгол төрийг толгойгүй болгож байна. Монгол төрийн шийдвэр гаргах гол асуудлыг хамгийн арчаагүй, сул дорой зангилаан дээр нь буюу Засгийн газарт аваачиж тавих гээд байгаа юм. Ийм нөхцөлд одоогийн Үндсэн хуулийг өөрчилбөл цаашид явуургүй. Одоо нэг улс төрийн хүчин УИХ-ын суудлын ихэнхийг авчихсан, 65 суудалтай, тэгээд түүгээрээ төрөө бариад Үндсэн хуулиа батална гэвэл буруу.
Монгол Улсын Үндсэн хууль бүх ард түмний хувь заяаны асуудал. Түүнд парламентад суудалтай бүх нам, тэр тусмаа Ерөнхийлөгч нь орж байж энэ асуудлыг шийднэ шүү дээ. Гэтэл одоогийн шинэ Ерөнхийлөгчийн санал Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд байхгүй. Миний бодлоор энэ асуудлыг зөв шийдье гэвэл, цаашид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төсөл боловсруулахдаа хариуцлагатайгаар УИХ нь ч, Ерөнхийлөгч нь ч, Засгийн газар нь ч, тэр парламентад суудалтай намууд нь ч ороод энэ төслөө дахиж боловсруулах хэрэгтэй.
Ингэхгүйгээр зүгээр нэг худал үнэн яриа, ухуулга хийж байгаад хууль батална гэвэл бүтэхгүй.Нөгөөтээгүүр, Монгол орон 2000 гаруй жилийн түүхтэй төрт ёсны соёлтой, өөрийн гэсэн орчин нөхцөлтэй, хоёр их гүрний дунд байдаг, хоёр талаас нь яаж ч нөлөөлж болохуйн эмзэг орчинд байгаа улс шүү дээ. Ийм нөхцөлд төр нэг толгойтой байх хэрэгтэй.
Чингис хаан хоёр толгойтой могой тэргэн доогуур орж үхдэг юм гэж сургасан. Одоо Монголын төрийг гурван толгойтой болгох гэж оролдоод байна. Ийм байж болохгүй. Цаашид үүнийгээ харна биз. Мөн давхар дээл, төрийн боловсон хүчний асуудлыг шийдэх л хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол асуудал зарчмаа шийдэхгүйгээр тодорхой хэдэн асуудал нэрлэчхээд цаад талд нь Монголын төрийг сулруулах, яваандаа төрийг нийгмийнхээ өмнө хариуцлага хүлээх чадваргүй болгох ийм алхмуудыг хийвэл аюултай.
-Гадаад, дотоодын хөрөнгө мөнгөтэй хүмүүс УИХ-д суудалтай намуудтай нийлж байгаад өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалсан хууль батлуулдаг гэх юм билээ. Ийм нөхцөлд Үндсэн хуулийг өөрчилбөл яг хэний эрх ашигт нийцүүлэх вэ гэдэг нь эргэлзээтэй л юм байна?
-УИХ-ын дарга хүртэл "Захиалгат хуулиуд явж байна” гэж гомдол тавиад сууж байхыг бид олон удаа харлаа шүү дээ. Гадаадынхны эсвэл нэг компанийн эрх ашигт нийцүүлээд хууль гаргадаг. Тэр нь сүүлдээ өөрчлөгддөг. Тэгээд улс төрийн тогтворгүй байдал, төрийн бодлого нь тодорхойгүй байна гэсэн дүгнэлтэд хүрээд бид чинь түүнээсээ болоод гасалж явдаг улс шүү дээ.
Жишээлбэл, Оюутолгойг ашиглалтад орохын өмнө 2005 оноос эхлээд л лобби бүлэг бий болоод татвар, ашигт малтмалын хуулийг өөрчилсөн. Энэ мэтээр олон өөрчлөлт хийж байгаад арчаагүй гэрээ байгуулаад одоо Оюутолгойн орлого Монголд орж ирэхгүй байна шүү дээ. Тэр байтугай бүтээгдэхүүний ч тооцоонд орохгүй байна. Оюутолгой ашиглаж байгаа хүдрийнхээ хэмжээгээр бол жилд 17 тонн орчим алт гаргадаг. Алтаа тусад нь үнэлж худалдах ёстой. Гэтэл саяхан би ҮСХ-ны мэдээллийг харж байхад манай гадагш нь худалдсан алт энэ жил 5.4 тонн байна л даа.
Тэр нь манай Монголын нутагт алт олборлож байгаа дагнасан үйлдвэрүүдийн гаргасан алт. Оюутолгойн алт бол ерөөсөө тооцоонд ороогүй байна шүү дээ. Тэр 17 тонн алтыг нэг грамм нь 100 мянган төгрөгөөр бодоход хэд болох вэ. Асар өндөр тоо гарна биз дээ. Монголын төрийн ийм арчаагүй байдал нь эргээд эдийн засгийн шинэ колончлогчид, бурхан шиг царайлж, буян амласан гадаадын луйварчид орж ирээд баялгийг маань дураараа эзэмшихэд бэлэн нөхцөл бүрдүүлж байна шүү дээ.
-Сүүлийн үед дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийн бодлогыг их ярьж байна. Ногоон эдийн засгийг хөгжүүлэх зорилгыг тавьдаг болжээ. Манай улсад тогтвортой хөгжил нь ч байхгүй, ногоон эдийн засаг нь ч байхгүй. Энэ нь тогтворгүй улс төрөөс л болсон гээд байх юм?
-Шалтгаан нь олон л доо. Тогтвортой хөгжил гэдэг чинь хөгжлийн огт өөр философи. Хүнээ хөгжүүлэх, амьдрал ахуйг нь өөд татах, хүртээмжтэй байх тухай л асуудал юм шүү дээ. Гэтэл бид цөөхөн хэдэн баячууд нь л болж бүтэж байх бодлого явуулаад байна. Төрийн эрхэнд байгаа улс төрийн намууд маань ч ингэж хандаж байна. Одоогоор улс төрийн аль ч нам, МАН ч, АН ч ялгаагүй үзлийн мухардалд орчхоод байгаа юм. Гаднаас нь хараад зангидаад хэлбэл, либерализмын шавар дотор байгаа чөдөртэй морь шиг л байна шүү дээ.
Чөдөртэй морь тэр шавар дундаас гарч чадахгүй. Улс төрийн намууд маань яг ийм байна. Үзлийн мухардалд орчихсон. Нөгөөтээгүүр, төр засаг нь сонгуулиас сонгуулийн хооронд савлаад, нэг нь гарч ирээд нөгөөгийнхөө хийсэн юмыг үгүйсгээд байхаар зэрэг Монгол орон хөгжлийн чиг шугам дээр хүчээ зангидах боломж бүрдэхгүй. Үүнээс болоод улс орны хөгжлийн цэгцтэй бодлогыг томьёолж, үүн дээрээ нөөц бололцоогоо төвлөрүүлж чадахгүй байна. Монгол Улс 1995 оноос хойш хөгжлийн үзэл баримтлалаа таван удаа баталлаа. Аль нь ч хэрэгжээгүй. Хэрэгжих ч боломжгүй.
Яагаад гэвэл улс төрийн хүчнүүд нь өөрсдөө ингээд цөөн хэдэн баячуудын бүлэглэлд үйлчилж байна. Тэд чинь хоорондоо өрсөлдөөд нэг нь нөгөөгийнхөө юмыг булааж авах, нэгнийхээ хийснийг нөгөөдөх нь үгүйсгэх байдалтай явж байна шүү дээ. Үүнээс гарч байж хөгжлийн тухай асуудлыг ярина. Түүнээс биш ойрын таван жилд энэ тухай ярих үндэс байхгүй.
-Ард түмэн гэнэн итгэмтгий хэвээрээ л байгаа шүү дээ. Эрх баригч хоёр хүчинд итгэл алдрангуут гуравдагч хүчнийг хүсэж байна. Гэтэл үнэндээ гуравдагч хүчин тодотголтой жижиг намууд нөгөө хоёр том намынхаа халаасанд байдаг?
-Гуравдагч хүчин үзлээрээ л гарч ирэх ёстой. Нам гэдэг бол ямар нэгэн бизнесийн байгууллага биш. Нам гэдэг үзлийн байгууллага. Улс орныхоо явах зам мөрийн талаарх үнэн үзэлтэй, түүнийгээ олон түмэндээ хүргэдэг. Гуравдагч хүчин ийм л маягаар төрд гарч ирнэ. Одоо манайд гуравдагч хүчин яагаад гарч ирж чадахгүй байна вэ гэвэл энэ хоёр том нам чинь мөнгөөр сонгуульд орж байгаа юм. Хэдэн зуун тэрбум төгрөгөөр орж байна.
Тайландаа бол бага тоо тавихаа мэднэ л дээ. Ингэхээр бусад жижиг нам олон түмний дунд хүрч ажиллах ямар ч боломжгүй. Мөнгөний сонгууль яваад байна. Харин төрийнхөө эрх мэдлийг ард түмэндээ өгч бариулаад үнэхээр тэд сонголт хийх боломжтой бол улс төрийн хүчин үзлээрээ гарч ирнэ. Одоо бол мөнгөөр гарч ирээд энэ боломжийг нь хаагаад байгаа юм шүү дээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар янз бүрийн санал байдаг л даа.
Түүний нэг нь Ардын их хурлыг сэргээж байгуулъя гэдэг. Тэр бол зөв. Бүх сумаасаа төлөөлөлтэй Ардын их хурал байгуулаад түүнээсээ олон түмэн дэх рейтинг, нэр хүндийг нь харгалзаж хууль тогтоох хурал УИХ-аа байгуулаад Засгийн газрынхаа ажлыг дүгнэдэг, хянадаг болбол мөнгө зарах хэрэггүй болно. Улс төрийн намууд ч жинхэнэ үзлээрээ төрд гарч ирдэг болно. Одоо ингэхгүй, зарсан мөнгөөрөө, тэр мөнгө нь гадаадын хүний ч мөнгө байж магадгүй байхад маш их эрсдэлтэй.
-Сүүлийн үед улс төр ч их савлагаатай байх боллоо. Энэ нь нийгмийн бүхий л салбарт нөлөөлж байна?
-Бид сүүлийн хоёр жил сонгууль хийлээ. МАН-ынхан мэргэжлийн Засгийн газар байгуулаад ард түмний амьдралыг сайжруулна гэж амлаж гарч ирсэн. Ингэхдээ жил тутамд эдийн засгаа долоон хувь өсгөнө гэсэн шүү дээ. Эхний жил нь баахан зовлон тоочиж байгаад өнгөрөөсөн. Сүүлдээ мэргэжлийн засаг ч байхгүй, нөгөө амьдрал сайжруулах зорилго ч байхгүй болсон чинь хүмүүс ууртай байсан л даа. Гэтэл энэ жил дахиад Ерөнхийлөгчийн сонгууль боллоо.
Энэ үеэр болсон үйл явдлуудыг хараад хүмүүс "За даа, манайхан нэг л болохгүй байна” гэдэг ойлголттой л хоцорлоо шүү дээ. Тогтолцоо маань нэг л явж өгөхгүй, зовлонтой байгаа юм байна гэдгийг ойлгосон. Гэтэл өмнөх сонгуулийн үед гарч ирсэн тодорхой асуудлууд буюу 60 тэрбум зэрэг элдэв өнгийн асуудлууд одоо ч олон түмнийг бухимдуулаад байна л даа. Одоо эрх баригч улс төрийн хүчний дотор хүчтэй, том задрал явагдаж байна.
Энэ нь нэг талаасаа эрүүл зүйл. Яагаад гэвэл, бугшсан бузар булай зүйлээ гаргаж цэвэрлэх нь Монголын эрх ашигт нийцнэ, нэг талаасаа. Гэтэл Засгийн газар нь ч бас дотроо зөрчилтэй байна. Ерөнхий сайд, Шадар сайд нь хоорондоо зөрчил тэмцэлтэй байгааг бүгдээрээ л харж байна шүү дээ. Дээрээс нь тагнуул, цагдаа, хүчний байгууллагууд үүн дээр нэмээд Авлигатай тэмцэх газар улс төрийн хараат байдалд орчихлоо шүү дээ.
Энэ нь олон түмнийг улам эвгүй сэтгэгдэлтэй болгоод байгаа юм. Уг нь тагнуул, цагдаа, Авлигатай тэмцэх газар улс төрийн байгууллага биш шүү дээ. Тэд чинь тусдаа, мэргэжлийн байгууллага байх ёстой.
-"Ахаа намайг бодоорой” гээд байгаа юм шиг мөрдэстэй дарга нар нь хэн нэгнийг дагаж намираад эсвэл хормой хотноос нь зүүгдээд байх онцгүй ч өнөөдөр дээр, дооргүй л энэ талаар ярьж, "Сайдынхаа амралтын өрөөнөөс нэг хурандаа гарахаа больж гэнэ” гэх мэтээр л жиг жуг хийцгээж байна шүү дээ?
-Цаад талдаа эдгээр байгууллага өөрсдөө бас цэвэр биш гэдэг нь иймэрхүү байдлаар илэрч харагдаж байгаа юм шүү дээ. Ер нь сүүлийн үед "Авлигатай тэмцэх газраар яадаг юм. Татан буулгая” гэдэг санал хүчтэй явж байна. Харахад, тэр бол үнэн. Авлигатай тэмцэх газар байгуулагдаад 10 гаруй жил боллоо. Юу хийсэн юм бэ.
-Ганцхан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай л тэмцсэн юм биш үү?
-Баахан жараахай шүүчхээд "Би загас барилаа” гэж ярьдаг хүүхэд шиг л харагдах юм байна шүү дээ. Ямар ч чадваргүй. Тэгсэн мөртөө дээшээ, доошоо долигонож, улс төрийн захиалгаар ажилладаг.
Саяхан У.Хүрэлсүхийг аваачаад "Хууль бусаар төрийн эрх мэдэл авах гэлээ” гэдэг дүгнэлт гаргаад прокурорт өгч байгаа юм. Тэр дүгнэлтийг чинь Авлигатай тэмцэх газар ч гаргадаг юм биш. Эрх мэдлийнх нь асуудал ч биш. Эндээс харахад, ер нь энэ байгууллага ажиллах чадваргүй болжээ.
-Саяхан Засгийн газрыг огцруулъя гээд эрх баригч хүчин нам дотроо зөндөө л зөрчилдлөө. Ер нь энэ хэр үндэслэлтэй байсан бэ?
-Засгийн газрыг огцруулж болохгүй. Хэрэв огцорвол Монгол Улс дампуурна гээд ярьж байсан л даа. Монгол Улс эдийн засгийн хүнд байдалд орсон нь хэдэн жилийн өмнөөс. Үүнийг бүгдээрээ л мэдэж байгаа. Бид 2018 онд нэг тэрбум 900 гаруй сая ам.долларын өр төлөх ёстойгоо мэднэ шүү дээ. Энэ нь Засгийн газрыг уях шалтгаан биш. Анхнаасаа л өөрсдийгөө мэргэжлийн Засгийн газар гэж зарлаад, мэргэжлийн биш хүмүүсийг тавьсан.
Уул уурхайн бодлогоо ч цэгцэлж чадахгүй, арчаагүй хэвээрээ л байна шүү дээ. Энэ Засгийн газар анх байгуулагдахдаа мөрийн хөтөлбөртөө боловсруулж оруулсан газрын тос болон зэс боловсруулах үйлдвэр, Багануурын цахилгаан станц, гангийн үйлдвэр хаана байна. Одоо цаана нь хоёрхон жил үлдлээ. Тэд хэчнээн түргэн ажиллалаа ч гэсэн хоёр жилийн дотор үйлдвэрүүдээ босгож амжихгүй.
Ингээд амлалт нь худал болж байгаа юм. Ажиллаж байгаа арга барил нь гэвэл хөрөнгө мөнгөө дотроо хуйвалдаж, хуваагаад тэр баримт нь дэлгэгдэж байна. Концессын гэрээгээр гээд нэг компанид л 820 тэрбум төгрөг өгчхөж болохгүй. Ийм юм хийж байгаа Засгийн газар байх хэрэггүй л дээ, уг нь.
-УИХ-ын зарим гишүүний уваагүй үйлдэл хэрээс хэтэрч, бүр Төрийн ордныг бузарлаж байна. Үүнд ард түмэн бухимдаж, зарим нь УИХ-ын гишүүнийг эргүүлээд татдаг болъё гэдэг саналыг ч гаргаж байна. Гэтэл эргүүлээд "Та нарын л сонгосон хүн. Хохь чинь” гэх өнгө аяс цухалзаад байх юм?
-Одоогийн УИХ-д хүчин, хулгай, танхай дээрмийн хэрэгт холбогдсон хүн байна. Тэднийг хэн гаргаж байгаа юм. Намууд л мөнгө аваад нэрийг нь дэвшүүлж гаргасан шүү дээ. Ард түмэнд сонголт үүсгэхгүй, сонгуульд оролцох эрхийг нь худалдаж байгаа улс төрийн намууд гол хариуцлагыг нь үүрэх ёстой. Яах вэ, тэдэн дотор нийгэм, улсынхаа төлөө зүтгэе гэсэн хүмүүс бий л дээ.
Гэхдээ дийлэнх олонх нь мөнгөөр гарч ирээд байхаар төрийн маань чанар ийм болоод байна шүү дээ. Ер нь одоогийн төрд ажиллаж байгаа хүмүүс дөрвөн жилийн дараа юу ч болоо билээ. Энэ хугацаанд л амжиж амьдралаа сайжруулъя гэдэг хандлагатай болчхоод байгаа юм.
-Манай улс эдийн засгийн тусгаар тогтнолоо алдсан алдаагаа залруулж, цаашлаад хэний ч өмнө нүүр бардам зогсох, эдийн засгийн чадвартай болох боломж байна уу?
-Манай улс бол үлэмж баян орон шүү дээ. Гэтэл байгалийн баялгаа ашиглаж чадахгүй байна. Оюутолгой гэхэд 42 сая тонн зэс, 11 мянган тонн цагаан мөнгө, 1800 тонн алтны нөөцтэй орд юм. Эрдэнэт үйлдвэр 6.6 сая тонн зэсийн нөөцтэй хэр нь 40 орчим жил Монгол Улсын эдийн засагт ямар хүчтэй түлхэц өгч, гол багана нь болоод явж байна вэ.
Гэтэл Оюутолгой нөөцийн төлбөрөө таван хувь болгуулчхаад ашгийн 20 хувиас өөр юу ч өгөхгүй, 34 хувьд чинь зээл өглөө гээд бид харин баялгаа өгсөн биш өөрсдөө өрөнд ороод хоцорлоо. Оюутолгой төр засгийнхантай гэрээ хийхдээ борлуулалтын бүх орлогоо гадаадад байршуулна гээд заачихсан.
Ингээд бид хоосон тоо тэврээд хоцорлоо шүү дээ. Тэдэн сая тонн зэс гарч гэнэ гээд яриад суудаг болохоос биш мөнгө нь Монголд орж ирдэггүй. Баялгаа зөв эзэмшиж чаддаг болбол жижигхэн эдийн засагтай учраас Монгол Улс амархан босно.
Г.ГАНЧИМЭГ МОНГОЛЫН МЭДЭЭ