|

З.Батбаяр: Үргэлжилсэн баяруудын үеэр Үндсэн хуулийг өөрчлөх гэж байна

bayaraa 2015/01/19 1222 0

З.Батбаяр: Үргэлжилсэн баяруудын үеэр Үндсэн хуулийг өөрчлөх гэж байна  -Монголчууд жил бүрийн нэгдүгээр сарын 13-ныг Үндсэн хуулийн  өдөр хэмээн орон даяар тэмдэглэн

өнгөрүүлдэг. Гэхдээ баяр цэнгэл болгож өнгөрүүлдэг шиг санагддаг. Уг нь энэ өдөр ярих зүйл арай өөр баймаар. Та юу гэж үзэж байна?

-Тантай санал нэг байна.  Уг нь энэ өдөр баяр ёслолд хөл алдаж, шагнал урамшуулалд бялуурах ёсгүй байгаа юм.Даанч монголчууд бөх барилдуулаад ирэхээрээ баярлаж цэнгэх ёстой гэж ойлгоод архи дарс руу яваад орчихдог.Шинэ Үндсэн хууль  1992 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр батлагдаж 13-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэхүү Монгол Улсын дөрөв дэх Үндсэн хууль маань амьдралд хэр нийцэж байна, эерэг болон сөрөг үр нөлөө нь ямар байна, тухайлбал аль нь давамгай байна,  эрхзүйн хэм хэмжээ нь ямар байна гэдэгт үнэлэлт, дүгнэлт өгч байх учиртай өдрөө баяр наадам, түүнийг дагасан шагнал урамшуулалд  бялуураад өнгөрөөчих юм. Өөрөөр хэлбэл, үндсэн  бөгөөд гол асудулаа ярихгүй байна шүү дээ. Ер нь бол энэ 23 жилийн өндөрлөгөөс харахад, Монгол Улсын дөрөв дэх Үндсэн хууль  өөрийнхөө өмнө , түүхийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн, эсэх. Тэр үүргээ гүйцэтгэж дууссан уу, үгүй юу. Цаашид энэ Үндсэн хуулиар явахад Монгол Улсын нийгэм, эдийн засгийн болоод улстөрийн, оюун санааны, өв уламжлалын гэхчлэн олон арван салбаруудад эерэг болон сөрөг зүйл нь юу байна гэдэгт дүгнэлт өгөх ёстой.

-Улстөрчид, зарим намыг харж байхад өөрсдийн алдааг Үндсэн хууль руу чихэж, тэгээд өөрчлөх ёстой гэж ярьдаг юм билээ.  Үндсэн хуулийн эрхзүйч хүний хувьд та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ. Тухайлбал, Үндсэн хуулийг өөрчлөх, эсэх талаар?

-Миний хувьд  Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийг маш сайн хууль буюу шилжилтийн үеийн үүргээ амжилттай хэрэгжүүлж дууссан гэж ойлгодог. 23 жилийн турш Монгол Улс шмилжилтийн үед явж байгаа. Хэрэв Үндсэн хуулиа өөрчлөхгүй бол бид шилжилтийн үеэс гарахгүй юм байна  гэдэг үүднээс шинээр Үндсэн хуулиа баталъя. Тухайлбал, Монгол Улсын тав дахь Үндсэн хуулийг цоо шинээр гаргаж ирье, энэ тухай ярья гэдэг асуудлыг дэвшүүлж байгаа, миний зүгээс.

-Шинээр Үндсэн хууль батлах, эсвэл шинэчилж өөрчлөлт оруулах тохиолдолд ард түмнээсээ асуух ёстой гэж бид ойлгодог. Энэ талаар...?

-Аль ч тохиолдолд  нь Үндсэн хууль баталж гаргах субьектийг бид тодорхойлох ёстой. Ямар нэгэн маргаан байхгүйгээр эцсийн шийдвэрийг гаргах ёстой субьект нь Монголын  ард түмэн. Даанч 2000 онд "Дордуулсан долоон өөрчлөлт” гэгчийг хийхдээ манай улстөрчид ард түмнээсээ асуугаагүй. Хэдийгээр тэгснээр эрхзүйн хэм хэмжээг дээрдүүлсэн, дордуулсан алхин болохыг дүгнэхэд хэцүү ч гэсэн 14 жилийн турш хэрэгжээд ирсэн тэр өөрчлөлтийн эцсийн үр нөлөө дандаа сөргөөр тусч ирсэн учраас "Дордуулсан” гэж нэрлэхээс аргагүй болоод байгаа юм. Тэр өөрчлөлтийг бид ард түмнээсээ асуугаад хийчихсэн бол, нөгөөтэйгүүр ялангуяа Үндсэн хууль гэсэн үг болгон нь хоорондоо ил болон далд хэлбэрээр холбоотой, тэгээд бүхэл бүтэн нэг цогц систем дотроос ганц нэгийг нь салгаж аваад өөрчлөх нь ямар аюултай байдгийн тодорхой жишээ тэр юм.

-Тиймээс л Үндсэн хуулийн өдөр энэ тухай ярих ёстой байсан, тийм үү?

-Тэгэхээр эхлээд шинэ Үндсэн хууль батлах цаг нь болсон уу, үгүй юу. Болсон гэж үзвэл шинэ Үндсэн хуулиа ярья, болоогүй гэж үзвэл одоо байгаа дээрээ юуг нь өөрчлөх вэ гэдгээ ярья гэсэн ийм л байр суурийг  Үндсэн хуулийн өдөр ярих ёстой л доо. Харамсалтай нь та  түрүүнд асуусан шүү дээ,  нөгөө баяр наадам тэмдэглэж идэж уугаад өнгөрсөн гэдэг асуудал. Бас нэг харамсалтай юм болсон ч хэвлэл, мэдээллийнхэн чимээгүй байгааг гайхаж байна.

-Тэр нь юу билээ?

 -Нэгдүгээр сарын 13-нд оройн цагаар Монгол Улсын Их хурлын дарга захирамж гаргаад есөн хүний бүрэлдэхүүнтэй, тодруулбал Н.Батбаяр гишүүнээр ахлуулсан Үндсэн  хуульд өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулах ажлын хэсгийг  байгууллаа. Тэр байтугай хаврын чуулганд багтааж Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулж ирэх үүрэг өглөө. Энэ нөгөө баяр тэмдэглэж, шагнаад байсны цаадах утга учрыг алдагдуулж байгаа юм. Хэрэв Үндсэн хуулийг өөрчлөх байсан юм бол баяр наадам хийж, бие биеэ ортой, оргүй магтаалаар булах ямар шаардлага байсан юм. Дээр нь өөрчлөлтийн асуудлыг хаврын чуулганы эхэнд оруулж ирэхийг даалгалаа. Гэтэл өнөөдөр эдийн засгийн хямрал, хүндрэл бэрхшээл гарч, арга хэмжээ авах гэж оролдож: байгаа үе, удахгүй Цагаан сар айсуй, түүний дараачаас  үргэжлээд баахан баяр цэнгэл болно. Энэ олон баяр наадмыг далимдуулан, тэр үеэр нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх тухай ярьж байгаа нь Үндсэн хуулийн үзэл санаанд зөрчилдөөд зогсохгүй ерөөс ард түмнээсээ нууж улстөрчид  хуйвалддаг, өөр юманд анхаарлыг нь хандуулж байгаад үндсэн юмаа шийддэг арга барил харагдаж байна уу гэж хардаж байна.

-Үндсэн хуулийг өөрчлөх тухай Их хурлын З.Энхболд даргын захирамжид  ард түмнээсээ асууя гэсэн үг, өгүүлбэр алга гэж үү?

-Захирамжаас харах юм бол тэнд Үндсэн хуулийг өөрчлөх журмын тухай хууль гэж байна. Тэр хуульд зааснаар нэмэлт болон өөрчлөлт гэж тус тус зүйлүүд байна. Дээр нь шинэ Үндсэн хууль гэсэн бас нэг ойлголт байгаа. Өөрөөр хэлбэл, ийм гурван ойлголт байгаа юм. Энэ гурван ойлголтын тухайд нэгд, шинэ Үндсэн хуулийн асуудал байна. Нэмэлт гэдэг бол өмнө нь байгаагүй  юмыг нэмнэ гэсэн үг. Өөрчлөх гэдэг нь аливаа заалтуудыг өөрчлөх тухай гэж ойлгож болно. Тэгвэл одоогийн ажлын хэсэг нь одоо байгаа зүйлүүдийг  ямар нэгэн хэмжээгээр өөрчлөх юм байна гэж ойлгогдож байгаа. Гэтэл ард түмэн өөрчлөлт хийх үү, үгүй юу гэдгийг шийдээгүй, тодруулбал виз өгөөгүй байхад Их хурлын дарга болон гишүүд ингэж шийдэх нь зөв үү, буруу юу. Асуудлын  гол нь энд байгаа юм. Зарим хов живийн чанартай ам дамжин ярьж буй зүйлүүдээс авч үзвэл, Их хурлын гишүүдийн бүрэн эрхийн хугацааг өөрчилвөл юу болох вэ. Дөрвөн жил байсныг нь хоёр эсвэл зургаан жил болгочихлоо гэж бодоё, үүнийг жишээ нь ард түмнээсээ асуухгүйгээр шийдэж болох уу, үгүй юу. Ийм  асуудлууд гарч ирж байгаа учраас, хэдийгээр би шинэ Үндсэн хууль батлах ёстой гэж ярьж байгаа хүн ч гэсэн Үндсэн хууль ийм байдлаар  гар хүрч хэзээ ч болохгүй гэж хэлнэ. Энэ дотроо  хамааруулж бас нэг зүйлийг хэлэхэд, Үндсэн хууль гэдэг маань хүний биетэй адил цогц юм. Тухайлбал, Үндсэн хуульд хүний тархи, толгойтой адилтгаж болохоор хуулийн зорилго гэж бий. Тэр зорилгоо бид хүмүүнлэг, ардчилсан нийгмийг байгуулах гэж тодорхойлчихсон байгаа. Энэ зорилгоо бид тодорхойлох ёстой. Дээр нь тархи, зүрхтэй адил үүрэг гүйцэтгэдэг Монголын нийгмийн үнэт зүйл юу вэ гэдгээ тодорхойлох учиртай. Үнэт зүйлүүдийнхээ зэрэгцээ Монголд байгаа хүн бүрийн эрхийг тодорхойлох асуудал бий. Энэ эрхүүд, үнэт зүйлүүдээ тодорхойлсны дараа хамгаалж авч үлдэх тэр эрхийг баталгаажуулах төрийн байгууламжууд байх ёстой. Өөрөөр хэлбэл, төрийн байгууламж гэдэг маань хүний амьд явах зүрх, тархи,элэг бөөр гэсэн эрхтэн биш хүнийг авч явдаг хөл гартай адил зүйл байгаа юм. Гэтэл зөвхөн хөл гарыг нь засварлах тухай асуудал яриад байгаа. Жишээ нь хумсаа будах гэж буйтай адил, эсвэл бөгжөө аль хуруундаа зүүх вэ гэдэгтэй агаар нэг асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлт болгож яриад байгаа нь өөрөө маш том алдаа. Тиймээс эхлээд үнэт зүйлүүдээ тодорхойл гээд байгаа юм. Орчин үеийн анагаах ухаанд бөөрөнд асуудал байна гэж үзэх  бус бүх бие эрхтэн, нийтэд нь дархлааг сайжруулж болно гэж  авч үздэг шиг Үндсэн хуулийг цогцоор нь авч үзэх ёстой гэсэн ойлголт тэр. Гэтэл улстөрчид  энэ асуудлыг авч үзэхдээ зөвхөн арга хэрэгсэл, эсвэл техникийн шинжтэй асуудлуудыг авч үзээд байгаад учир байна. Тухайлбал, УИХ-ын асуудал эсвэл Засгийн газрын асуудал, эсвэл тэдний хоорондын харилцааны асуупдал гэх мэт жижиг асуудлуудыг том болгож тавьснаас Үндсэн хууль маань өөрөө утга чанараа алдаад байна.

 

 

Ч.ОЛДОХ /ЗУУНЫ МЭДЭЭ/

Санал болгох

Сэтгэгдэл

top