УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай, Ард нийтийн санал асуулгын тухай УИХ-ын тогтоолын тухай, УИХ-ын сонгууль өөрчлөлт оруулах тухай нэр бүхий гишүүдээс өргөн барьсан гурван хуулийн төсөл зэрэг нийт зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч үдээс өмнөх хуралдаанаар зөвхөн Ард нийтийн санал асуулга явуулах эсэх тухай хэлэлцэж, маргалдсаар 13:40 цагт Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулахыг байнгын хорооны хуралд оролцсон 16 гишүүний ес нь дэмжиж, долоо нь татгалзан 56.2 хувийн дэмжлэгтэйгээр УИХ-ын нэгдсэн чуулганд хэлэлцүүлэхээр болсон юм.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо А.Бакей даргатайгаа
нийлээд 19 гишүүнтэй. Тэгвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ард
олны санал асуулгаар шийдэх эсэхийг дэнсэлсэн энэхүү чухал хуралдаанд
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын дэд
дарга Л.Цог, парламентад хамгийн олон удаа сууж байгаа Д.Лүндээжанцан
зэрэг гишүүд гэгээн дүрээ харуулаагүй юм.
Ингээд 1995 онд хууль нь гарсан ч өнгөрсөн жилүүдэд ганц ч удаа
хэрэглэгдээгүй Ард нийтийн санал асуулгын талаар УИХ-ын Төрийн
байгуулалтын байнгын хорооны гишүүд ямар саналтай байгааг сонирхлоо.
МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд
Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар
оруулж ирж байгаа нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу, үгүй юу гэдэгтэй
холбогдон орж ирж байгаа асуудал юм.
Уг нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий юу гэвэл мэдээж
байгаа. Өнгөрсөн 20 гаруй жилд болж өнгөрсөн үйл явдлууд, төрийн
тогтолцоогоо эргэн харвал Үндсэн хуульд засч янзлах, анхаарах асуудлууд
байгаа боловч яг өнөөдөр засах, өөрчлөх боломж, бололцоо байхгүй гэж
үзэж байна.
Нэгдүгээрт Дээд шүүхэд бүртгэлтэй улстөрийн нам
өнөөдрийн байдлаар 22 байгаагаас парламентад таван нам байгаа. Өнгөрсөн
есдүгээр сарын 6-ны өдөр Монголын улстөрийн бүх намуудын удирдлагуудыг
урьж Үндэсний зөвшилцлийн 12 дахь удаагийн уулзалтыг хийсэн.
2013 оноос хойш хийж байгаа Үндэсний зөвшилцлийн 12 дахь удаагийн
уулзалтын үеэр парламентад суудалгүй 17 намын удирдлагууд "Үндсэн
хуулийн өөрчлөлтийн энэ удаагийн УИХ хийх боломжгүй шүү” гэдгийг санал
нэгтэйгээр хатуухан мэдэгдэж байсан. Харин улс орны өмнө тулгамдсан өөр
асуудлуудыг ярилцаж, шийдэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлцгээсэн.
Хоёрдугаарт Үндсэн хуулийн өөрчлөлт оруулахаар
өргөн барьсан асуудлууд нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн
гишүүдийн санал бодлыг бүрэн дүүрэн тусгаагүй юмнууд олон байгаа юм.
Жишээлбэл Үндсэн хуулийг Эх хууль гэснийг ажлын хэсэг дээрээ
ярилцаагүй. УИХ-ын 76 гишүүнийг 99 болгох төслийг ажлын хэсэг дээрээ огт
ярилцаагүй. УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгохыг ч ажлын
хэсэг дээрээ яриагүй байна лээ. Түүгээр ч зогсохгүй Ард нийтийн санал
асуулгын талаар ч ажлын хэсэг дээр ярилцаагүй юм билээ. Ийм зүйлүүдийг
ажлын хэсэгт орсон гишүүд нь хэлж, "Нэг хүн хуйвалдааны журмаар бүхнийг
шийдэх гэж байна” гэж ярьцгааж байна.
Тэр ч байтугай "Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой "гэсэн
дүгнэлтийг гаргасан УИХ-ын дэд дарга Л.Цог өнөөдөр энэхүү төсөлд гарын
үсгээ зураагүй байгаа. Бүр тодруулвал есөн хүнтэй ажлын хэсгээс хоёр
гишүүн гарын үсгээ зураагүй байна. Төсөлд байгаа "УИХ-ын гишүүдийг 99
болгох, эрхийн хугацааг таван жил болгох, нэрийн асуудал” зэргээр МАН-ын
бүлгийн хоёр гишүүн нэрээ татвал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын
хэсгийн 50 хувьд хүрэх үү үгүй юу гэдэг асуудал яригдаж эхэлнэ. Тийм
учраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах энэ төслийг хэлэлцэхэд ихээхэн
хүндрэл үүснэ.
Гуравдугаарт нэг үйл ажиллагааг хийхийн тулд өөр
нэг хуулийг өөрчилж байгаа нь буруу. Нэг компани, нэг хүнд зориулж хууль
гаргадаггүй зарчим бий шүү дээ. Тэгтэл өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт
оруулахын тулд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг өөрчлөх гэж
байна. Ард нийтийн санал асуулгын дараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт
оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулна. Тэгж байж Үндсэн хуульд
өөрчлөлт оруулах эрх зүй бүрдэнэ.
Тэгэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд Үндсэн хуулийг
хамгаалдаг, хадгалж байдаг бүх хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болж
байна. Одоо он солигдоход 40-50-хан хоног үлдсэн үед энэ бүх ажлыг хийж
яагаад ч амжихгүй.
Дөрөвдүгээрт улстөр, эдийн засаг, санхүүгийн
систем, нийгмийн байдал бүхэлдээ самуурсан, дампуурсан нь Үндсэн хуулийн
буруу биш шүү дээ. Энэ Үндсэн хууль 25 жил мөрдөгдөхдөө сүүлийн
гуравхан жилд нь л Монгол Улс өнөөдрийн хямрал, дампууралд автсан
гэдгийг бид бүгдээрээ мэдэж, ойлгож байгаа. Өмнө нь тодорхой дутагдал
байсан ч улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг зохицуулаад явж болж
байсан хууль шүү.
Тийм учраас цаг хугацааны хувьд, хууль эрх зүйн орчны хувьд,
санаачилсан гишүүдийн гаргаж байгаа байр суурийн хувьд, Монголын бүх
улстөрийн намуудын гаргаж байгаа байр суурийн хувьд ч Үндсэн хуульд
өөрчлөлт оруулах цаг нь одоо биш гэдэг байр суурин дээр УИХ дахь МАН-ын
бүлгийн гишүүд санал нэгдсэн. Энэ УИХ бүрэн эрхийнхээ хугацааны төгсгөл
дээр ингэж яарч, сандарч Үндсэн хуульд гар хүрэх эрх зүйн чадамж
байхгүй.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
Өчигдөр /уржигдар/ өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг
МАН-ын бүлэг хэлэлцээд дэмжихгүй гэдэг шийдвэрийг 25 гишүүн гаргасан.
Ингэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын 76 гишүүний буюу 57 хувийн
дэмжлэгтэйгээр өөрчлөх ёстой гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй.
Харин Ард нийтийн санал асуулга явуулах гэж байгаа бол "УИХ-ын
гишүүдийн тоог 99 болгохыг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй” гэсэн хоёр
вариантаар л санал асуулга явуулах ёстой юм. Тэгээд ард түмний санал
асуулгаар "УИХ-ын гишүүний тоог 99 байхыг зөвшөөрнө” гэвэл энэ асуудлыг
хэзээ ч, хэн ч өөрчлөх боломжгүй болно. Гэтэл эрх баригчид ийм санал
оруулаагүй.
Н.Батбаяр нарын өргөн мэдүүлсэн төсөлд "УИХ-ын гишүүдийн өргөн
мэдүүлсэн төслийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй” гэдэг томьёололоор ард
түмнээс "Дэмжинэ, дэмжихгүй”-гээр санал хураана гэсэн юм л явж байгаа.
Тийм юм байхгүй шүү. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хоёр л арга бий.
Эхнийх нь УИХ-ын 76 гишүүний 57 нь зөвшөөрөх, нөгөөх нь Ард нийтийн
санал асуулгаар зөвшөөрүүлэх хоёр л зам байгаа. 2010 онд батлагдсан
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмыг Н.Батбаяр нар ер нь уншсан
юмуу. Надад бол дээрх хуулийг эд нар огт уншаагүй гэсэн хардлага төрж
байгаа.
Огт уншаагүй болохоор дээрх журмын хуулийг зөрчсөн томьёолол оруулж
ирээд биднийг оволзуулж байгаад зөвшөөрүүлэх гэж дайраад байна. Тэгвэл
мань мэт нь энэ зэргийн хууралтад дөнгүүлэхгүй түвшинд хүрчихсэн хүн л
дээ. Эд нар иймэрхүү хууран мэхлэлт явуулж чадахгүй. Ямар ч байсан 2010
оны хуулийг хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд маш сайн судлах
шаардлагатай. Тэр хуульд "Үндсэн хуулийн суурь зарчмыг өөрчилсөн аливаа
нэмэлтийн тухай огтхон ч ярьж болохгүй” гээд заачихсан байгаа. Жишээлбэл
Үндсэн хуулийн суурь зарчимд Монгол Улсын Ерөнхийлөгчийг бүх ард
түмнээс сонгодог зарчим орно.
Яахаараа ард түмнээс шууд сонгогддог Ерөнхийлөгчийг УИХ-ын гишүүд
хуйвалдааны аргаар томилох ёстой юм. Энэ бол Үндсэн хуулийн суурь
зарчимтай шууд зөрчилдөнө. Одоо Үндсэн хуульд хөнгөн хэлбэрийн өөрчлөлт
оруулна гэвэл 2010 оны хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж цаашаа явахгүй
бол огт бүтэхгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа
гишүүд нь хуулиа уншаагүй, мэдэхгүй болохоор би үнэндээ хэлэх үг
олдохгүй байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан
Ард нийтийн санал асуулгын тухай хууль 1995 онд батлагдан гарсан
хууль байгаа. Өнгөрсөн хугацаанд нэг ч удаа хэрэглэгдээгүй. Өөрөөр
хэлбэл Монгол оронд шууд ардчиллын зарчим нэвтрэлгүй 1990 оноос хойш 25
жил боллоо гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Ард нийтийн санал асуулгын
хуулийнхаа процедурыг Сонгуулийн хуультайгаа холбох хэрэгтэй. Тооллогыг
нь автомат систем рүү оруулах саналыг агуулгын хувьд дэмжиж байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг миний бие дэмжиж байгаа. УИХ-ын бүх л
гишүүдтэй ярилцахад 1992 оны Үндсэн хуулийг өөрчлөх цаг болсныг хүлээн
зөвшөөрдөг. Харин Үндсэн хуулийг өөрчлөхөөр хэлэлцэх процесс нь маш
нарийн чимхлүүр асуудал байдаг. Хамгийн гол нь хууль санаачлагчид энэ
асуудалд маш сайн анхаарах шаардлагатай. Жишээлбэл Ард нийтийн санал
асуулгын тухай хуулийн 4.3-т "Санал асуулгыг хоёроос дээшгүй асуудлаар
явуулна” гэж заасан. Тэгэхээр хуулиараа дээд тал нь хоёр асуудлаар ард
нийтийн саналыг авна гэсэн үг шүү дээ.
Уг нь Үндсэн хуулиа өөрчилсөн шиг өөрчилье гэвэл ард нийтээс 20-30
асуудлаар санал авах шаардлагтай. Одоо бол Ард нийтийн санал асуулгын
хуульд өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа зүйлүүдийг аваад үзвэл зүгээр л
нэг хэлбэрийн төдий юм яваад байгаа юм. Бид үнэхээр Үндсэн хуулийн
агуулгыг үндсээр нь өөрчилж чадвал Монгол оронд хувьсгалын шинжтэй
өөрчлөлт хийх болно. Харин 1999 оных шиг хуурах гэж байгаа бол өнөөдрийн
хямралыг улам л гүнзгийрүүлэхээс өөр ямар ч дэвшил авч ирэхгүй.
Н.Батбаяр гишүүний Үндсэн хуулийг өөрчилье гэж зүтгүүлээд байгааг би
дэмжиж байгаа.
Харин оруулж ирсэн хуулийн төслийнх нь тал нь ард түмний дэмжлэг
авахааргүй юм явж байна. Түүнээс гадна Ард нийтийн санал асуулгын тухай
хуулийн 3.2-т "Ард нийтийн санал асуулгад зөвхөн эх орондоо байгаа
18-аас дээш насны иргэд оролцоно” гэж заасан нь гадаадад байгаа олон
зуун мянган иргэнийхээ эрхийг зөрчиж байгааг эргэж харах ёстой. Мөн Ард
нийтийн санал асуулгын зардлыг улсын төсвөөс гаргана гэж байгаа. Бид
саяхан улсын төсвөө батлачихсан болохоор төсвийн хуулиа эргэж харах
шаардлагатай болж байна.
Энэ мэтчилэн Ард нийтийн санал асуулгын тухай хуульд процедураас
гадна өөрчлөх, эргэн харах, тодорхой болгох ёстой олон зүйл байгаа юм.
Түүнчлэн 1992 оны Үндсэн хуульд Үндсэн хуулийн эдийн засгийг огт суулгаж
өгөөгүй нь Монгол Улсын эдийн засаг, төсөв дампуурах хамгийн гол
буруутан болсныг бид сайтар тунгааж Үндсэн хуулийнхаа өөрчлөлтөд Үндсэн
хуулийн эдийн засгийг маш сайн суулгаж өгөх шаардлагатай. Засгийн
газраас өргөн барьсан улсын төсвийг УИХ дандаа маш их дордуулж батладаг
нь Үндсэн хуулийн эдийн засаг байхгүйтэй шууд холбоотой.
Үндсэн хуулийн эдийн засагтай орнуудад Засгийн газраасаа оруулж
ирсэн улсын төсвийг парламент нь дандаа сайжруулж батладаг жишиг байдаг.
Харин Н.Батбаяр гишүүний оруулж ирсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөвт
эдийн засагтай холбоотой нэг ч заалт байхгүй байна лээ. Тийм учраас энэ
асуудалд УИХ-ын гишүүд маш анхааралтай хандах ёстой.
УИХ-ын гишүүн М.Батчимэг
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд аль болох улстөржилгүй,
сэтгэлийн хөдөлгөөнөөр хандалгүй улс орныхоо эрх ашиг, ирээдүйг харсан
байдлаар хандах ёстой юм. Хамгийн гол нь УИХ-д суудалтай нам, эвслүүд
энэ асуудлыг тал талаас нь маш сайн нягтлан ярилцаж зөвшилцөлд хүрэх
шаардлагатай. Миний хувийн итгэл үнэмшлээр бол хэрвээ боломж л байвал
УИХ-д суудалтай улстөрийн нам хүчнүүд зөвшилцөлд хүрэхийн төлөө бүх хүч
чадлаа дайчлаад явах цаг тулж ирчихээд байна.
Яагаад гэвэл дараагийн УИХ өнөөдрийн УИХ-аас нэр хүнд нь улам
битгий уначихаасай, дараагийн дөрвөн жилд Монголын эдийн засаг улам
битгий хямарчихаасай, энэ УИХ шиг ийм олон сайд, дарга нарыг огцруулж,
сандал ширээний хуваарилалт хийсээр хамаг цагаа битгий бараасай,
дараагийн дөрвөн жилд Монголчуудын амьдралыг өөд татах боломж гараасай
гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Үүний тулд 23 жилийн дараа Үндсэн
хуульдаа зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай байгаа юм. Миний хувьд
зөвшилцөлд хүрээд байгаа, хамгийн эхлээд шийдэх ёстой нэг гол асуудал
байна гэж харж байгаа.
Тэр нь Засгийн газарт бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж өгч, Ерөнхий
сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх тухай л асуудал юм. УИХ дотор байдаг
улстөржилтөөс ангид, хүчтэй Гүйцэтгэх засаглал ажиллаж байж өнөөдрийн
эдийн засаг, санхүүгийн хямралаас аль болох хурдан гарах нөхцөл бүрдэнэ.
Ерөнхий сайд өөрөө танхимынхаа сайд нарыг томилдог болох, УИХ сайд
нарыг огцруулах асуудлыг эцэс төгсгөлгүй хэлэлцэж, улс орныг тогтворгүй
байдалд оруулдаг өнөөдрийн гажигийг даруйхан засах ёстой. 2012 онд
өөрчилсөн сонгуулийн тогтолцоо ч өнөөдрийн эдийн засаг, санхүүгийн
хүндрэл үүсэхэд багагүй үүрэг гүйцэтгэснийг ч хүлээн зөвшөөрөх ёстой.
Энэ УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд хийх ёстой хамгийн гол ажил бол
Засгийн газар бие дааж ажиллах бололцоог нь олгох, УИХ зөвхөн хуулиа
батлаад явдаг тогтолцоонд шилжүүлэх Үндсэн хуулийн түүхэн өөрчлөлтийг
хийх зайлшгүй шаардлагын өмнө бид тулж ирээд байна. Хийх боломж байна уу
гэвэл гарц харагдаж л байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын
тухай хуульд нэг, хоёрдугаар хэлэлцүүлгээ хийчихээд ард түмнээсээ асууж
болно гээд заачихсан байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээсээ
асууж хийхээр болвол нэг хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа асуугаад явахыг л
заачихсан байна.
Харин Ард нийтийн санал асуулгын тухай хуульд санал асуулгыг
ойлгомжтой, үр дүнтэй болгох үүднээс нэг удаа хоёроос дээш зүйл асуухгүй
гээд заачихсан. Энэ нь Үндсэн хуульд оруулах бүх өөрчлөлтөө жагсааж
байгаад асуу гэсэн үг биш, эхлээд УИХ-аар хэлэлчихээд гарсан үр дүнгээ
ард түмнээсээ асуу гэсэн санаа л энэ хуульд логикоор уялдаад тусчихсан
байгаа юм.
Тийм учраас УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зөвшилцөлд хүрчихвэл
нэг хоёрдугаар хэлэлцүүлгээ хийж, нийгэмд хэлэлцүүлгийг зэрэгцүүлээд
явчих боломж, бололцоо байгаа. УИХ-ын 2016 оны сонгууль зургаадугаар
сарын хоёрдугаар хагаст болно гэвэл бид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах
цаг хугацаа бүрэн байна. 1992 оны Үндсэн хуулийг 430 төлөөлөгч 60 хоногт
хэлэлцэн батласан байдаг. Одоо бол бид зөвшилцөлд хүрсэн ганц хоёрхон
асуудлыг үлдэж байгаа 60 хоногт хэлэлцээд батлах бүрэн боломжтой л гэж
харж байна. Монгол хүн бууриа цэвэрлэчихээд нүүдэг жишгээр дараагийн
дөрвөн жилд Засгийн газар хүчтэй, тогтвортой ажиллах, ард түмний амьдрал
сайжрах хөрс сууриа бид бэлтгэж өгөх ёстой, үүрэгтэй.
Эх сурвалж:"Өглөөний сонин"