|

2005 ОНЫ "ЛЕКСУС-470"-ЫГ 2006 ОН ГЭЖ МЭДҮҮЛЖ, ХУДАЛДАН АВЧЭЭ

Munkhbat 2015/04/04 1143 0

2005  ОНЫ "ЛЕКСУС-470"-ЫГ 2006 ОН ГЭЖ МЭДҮҮЛЖ, ХУДАЛДАН АВЧЭЭ

 

Архангай аймгийн Аудитын газарт ИТХ-ын зарим төлөөлөгч хэд хэдэн үндэслэлээр Засаг дарга Д.Бат-Эрдэнийг шалгуулахаар материал бүрдүүлж өгчээ. Материалд 2014 оны зургаадугаар сард аймгийн төсөвт тодотгол хийхэд ямар эх үүсвэрээс гаргасан нь тодорхойгүй ч Засаг даргын Тамгын газрын эд хогшлын зардлыг нэмэгдүүлж, дээд байгууллагын зөвшөөрөлгүйгээр хоёр "Лексус-470" маркийн автомашиныг 160 сая төгрөгөөр худалдан авсан гэдгийг баталгаажуулсан байна. Үүнийг аймгийн Аудитын газраас шалгахад 2014 оны төсөвт тодотгол хийсэн ИТХ-ын 2014 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн  08  тоот  тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын эд хогшил худалдан авах зардал дээр 84175.0 мянган төгрөгийг үндэслэлгүйгээр нэмж баталжээ. Үндэслэлгүйгээр баталсан дээрх мөнгөөр хоёр "Лексус-470" мар-кийн автомашиныг 159500.0 мянган төгрөгөөр худалдан авсан нь нотлогдсон байна. Энэ нь Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дахь заалт "Төсөвт зохицуулалт хийхдээ хөрөнгийн болон урсгал зардлыг хооронд нь шилжүүлэх, төсөвт тусгагдаагуй шинэ хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно", 16.5.5 дахь заалт "Батлагдсан төсвийг зохицуулалтын дагуу зарцуулах", 42.4-ийн "Энэ хуулийн 42.2-т заасан төсвийн зохицуулалтыг хийхэд дээд шатны төсвийн зохицуулалтыг хийхэд дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрлийг авна", 42.3.1-д "Төсвийн захирагч нь төсөвт зохицуулалт хийх саналаа харьяалагдах төсвийн төвлөрүүлэн захирагчдад, төсвийн төвлөрүүлэн захирагчдад харьяалагддаггүй бол төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх" гэсэн заалтыг ноцтой зөрчжээ.

 

Угтаа энэ зардлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын урсгал зардлаас салгаж батлах байсан. Гэтэл Д.Бат-Эрдэнэ дарга тийм алхам хийлгүй автомашин худалдан авах ажлыг гүйцэтгэсэн аж. Түүнчлэн, Засаг даргын Тамгын газар 84175.8 мянган   төгрөгийг тодруулахад "2013 оны төсвийн үлдэгдлээс нэмж тодотгосон" гэж тайлбарладаг ч ямар нэг нотлох баримт, үндэслэл гаргаж тайлбарлаагүй юм.

 

Энэхүү автомашин худалдан авах тендерийг Засаг даргын Тамгын газар зохион байгуулж, үнэлгээний хорооны даргаар  Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Оюунчимэг, нарийн бичгийн даргаар  Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Б.Түвшинцэнгэл нар ажиллажээ. Гэтэл тендерийн материал бүрдүүлэлтээс эхлээд но илэрсэн байна.

 

Тухайлбал, бүрдэлт дутуу, худалдах, худалдан авах тухай гэрээ байхгүй байсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 49.2, 49.2.8, 49.2.10 дахь заалтыг тус тус зөрчжээ. Гэвч Засаг дарга энэ  тендерийг  үргэлжлүүлэх  үүргийг тендерийн комисст өгч, "Ай баян" ХХК-иас гаргасан техникийн тодорхойлолтод үндэслэж 2006  оноос хойш үйлдвэрлэгдсэн автомашин авах байсан ч тэгсэнгүй. 2005  онд үйлдвэрлэсэн нэг автомашин авсан байх юм. Гэтэл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга   Б.Лхагвасүрэнгийн 2014 оны тушаалаар томилогдсон тээврийн хэрэгсэл хүлээн авах комисс 2006 онд үйлдвэрлэсэн хоёр "Лексус-470"  маркиин  автомашин хүлээн авав хэмээн  актад тусгасан  байна.  Ингээд тухайн  хоёр  автомашинд 00-03  АРА, 00-04 АРА гэсэн улсын дугаар авчээ.

 

Үүгээр  Засаг даргын  Тамгын  газрын дарга Б.Лхагвасүрэн  Төрийн  аудитын тухай хуулийн 28.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн 13.1.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн байна.  Түүнчлэн, төсвийн тодотголоор Тамгын газрын 2014 оны тавилга, эд хогшил авах зардлын төсвийг тооцоо судалгаагүйгээр, нэмэгдүүлж хуваарилсан Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Гүрсүрэн, худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулаагүй Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн Б.Түвшинцэнгэл, Үнэлгээний хорооны даргаар ажилласан Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Оюунчимэг нарт Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хариуцлага тооцуулах албан шаардлагыг аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлсэн аж.

 

Одоогоор тэдэнд ямар нэг шийтгэл ногдсон гэдэг нь бүрхэг байгаа ч Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвасүрэн 00-04 АРА улсын дугаартай "Лексус-470" маркийн автомашиныг ажил, албаны хооронд хөлөглөж явна. Түүний гэр нь Нутгийн захиргааны ордноос 200 метр ч хүрэхгүй зайд байдаг ч мань хүн татвар төлөгчдийн мөнгөөр автомашинаа түлшээр цэнэглээд хэнэг ч үгүй сэлгүүцдэг гэнэ. Эх сурвалжийн хэлж буйгаар Б.Лхагвасүрэн дарга 2005 онд үйлдвэрлэсэн "Лексус-470" маркийн автомашиныг дүүгээсээ авсан нь хачирхалтай, бас өндөр үнээр авсан гэх хардлага төрүүлж байна.

М.АРИУНТУУЛ /ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ/

Санал болгох

Сэтгэгдэл

top