|

Гранатын тэсрэлтэд өртсөн цэргийн нүдийг эмчилж байна

saikhnaa 2017/02/20 607 0

Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид сургуулилтын гранатын тэслэгч дэлбэрч, 19 настай байлдагч хоёр нүдээ хүндээр гэмтээж, зүүн гарынхаа гурван хурууг түлсэн хэрэг  энэ сарын 14-ны өдөр гарсан байна.
 
 Тус ангид  ангид сургуулилтын гранатын тэслэгч дэлбэрч, 19 настай байлдагч Х гэгч хоёр нүдээ хүндээр гэмтээж, зүүн гарынхаа гурван хурууг түлсэн золгүй хэрэг гарчээ. Гэмтсэн цэрэгт Орхон аймгийн түргэний эмч нар яаралтай тусламж үзүүлэн оройн 20.00 цагийн орчимд нийслэлд авчран Цэргийн госпиталийн төв эмнэлэгт хэвтүүлэн улмаар  Улсын нэгдүгээр төв эмнэлэг  рүү шилжүүлж, хоёр нүдэнд нь хагалгаа хийсэн байна. УНТЭ-ийн нүдний их эмч Н.Энхзул ” байлдагч Х-ийн баруун нүдний гэрлийн бүрхүүл цоорсныг мэс заслаар нөхсөн. Одоогоор  нүд бүрэн эдгэж, хараа орох эсэхийг хэлэхэд эрт байна” гэлээ. Энэ сарын 20-нд  "Болор мэлмий” эмнэлэгт үзүүлж, зүүн нүдэнд хагалгаа хийлнэ, хэд хоногтоо боолтыг нь авч болохгүй гэдгийг эмч нар анхааруулжээ.
 
 Орхон аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын байцаагч, 186 дугаар ангийн хуульч нарын хамтарсан хэргийн газрын эхний үзлэгээр байлдагч гар гранатын тэслэгчийн аюулгүй ажиллагааг хангалгүй, шууд хамаагүй оролдсон нь дэлбэрэх шалтгаан болжээ. Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлснээр хэрэгт Орхон аймгийн Цагдаагийн газар эрүү үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ. Осол гарсан даруйд тус цэргийн ангийн дарга Зэвсэгт хүчний жанжин штаб руу шуурхай мэдээлж,  цэргийн эмчилгээ, эцэг эхийнх нь ирж очих зардлыг эхний ээлжид харьяа цэргийн ангиас гаргасан байна. Өмнө нь цэргийн анги байгууллагуудад гар гранат дэлбэрсэн осол гарч байгаагүйг Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ”агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

top