|

Ахлах байлдагчид хилийн манаагаа орхин оргожээ

saikhnaa 2016/01/07 1071 0

Ахлах байлдагчид хилийн манаагаа орхин оргожээ

 

Сэлэнгэ аймаг дахь Хилийн ... дугаар ангид алба хааж байсан цэргүүд оргож, тэднийг барьсан тухай мэдээлсэн. Цэргийн алба хаагчид Булган аймгийн Тэшиг, мөн аймгийн Сэлэнгэ сумаас 2015 оны нэгдүгээр ээлжээр татагдан Сэлэнгэ аймагт алба хааж байсан ахлах байлдагч Г, Б нар байжээ. 

 

Тэд энэ оны нэгдүгээр сарын 6-ны өдөр хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байгаад байрлалаа орхин оргосон байна. Хоёр байлдагч 2016 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн 23.00 цагаас, нэгдүгээр сарын 06-ны өдрийн 07.00 цаг хүртэл хилийн манаанд томилогдон үүрэг гүйцэтгэсэн боловч тогтсон хугацаандаа харуулын байрлалдаа ирээгүй аж. 

 

Улмаар тэд байрлалаа орхин оргосон нь тогтоогджээ. Тухайн цэргийн алба хаагчид нь  байлдагч хилийн манааны табелаар олгогдсон зэвсэг, морин уналга, холбооны хэрэглэлтэй явжээ. Байлдагчид оргох замдаа Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд аж төрдөг хувь хүний тээврийн хэрэгслийг дээрэмдэн хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн байна.

 

Хил хамгаалах байгууллага, хилийн тагнуулын алба, цагдаагийн байгууллага цаг алдалгүй нягт хамтран ажилласаны үр дүнд уг хугацаат цэргийн албан хаагчдыг Сэлэнгэ аймгийн Орхоны гүүрэн дээр саатуулсан. Тухайн хугацаат цэргийн албан хаагчдыг хууль хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.

 

Цэргийн алба хаагчид хилийн манаагаа орхин оргосон шалтгааныг тогтоохоор ХХЕГ-аас бүрэн тусгай бүлэг томилогдон хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

 

Б.Буд

Санал болгох

Сэтгэгдэл

top