|

Түнэр харанхуй, хэт хүйтнээс болж үлэг гүрвэлүүд устаж мөхжээ

saikhnaa 2017/01/31 875 0

Түнэр харанхуй, хэт хүйтнээс болж үлэг гүрвэлүүд устаж мөхжээ

 

Уур амьсгалын өөрчлөлтийг судалдаг Германы Потсдамын хүрээлэнгийн мэргэжилтнүүд 65 сая жилийн өмнө динозаврууд мөхөж үгүй болох үед үүссэн нөхцөл байдлыг загварчилжээ.

Өнөөгийн Мексик улсын нутаг дэвсгэрт 10 км-ийн голчтой асар том солир унасны дараа үүссэн түнэр харанхуй орчин, хэт хүйтний улмаас эртний үлэг гүрвэлүүд болон дэлхий дээр байсан амьтдын дөрөвний гурав нь үхэж үрэгдсэн гэх таамгийг Германы эрдэмтдийн хийсэн судалгааны ажил баталж байна. Солир унасны дараа хүхрийн хүчлийн үүл агаар мандалд бий болж, дэлхийг нарны туяанаас халхалсны улмаас уг сүйрэл болжээ.

Ийм сүйрэл болсон гэдгийг 180 км-ийн голчтой, 20 км гүн Чиксулуб гэдэг галт уулын тогоо мэт хонхор газар гэрчилнэ. Агаар мандлын дээд давхаргад үүссэн хүхрийн хүчлийн жижиг дуслууд  нь олон арван жилийн турш нарны туяаг халхалснаар манай гараг дээр тас харанхуй болж, 26 градусаар хүйтэрчээ. Гурван жилийн турш дэлхийн гадаргуу дээр агаарын хэм тэгээс доош байсан бөгөөд 30 жилийн дараа л хэвийн хэмжээндээ дахин хүрсэн байна.

Гэрэл үгүй болж, фотосинтезийн урвал явагдахгүй болсон тул олон төрлийн өвс ургамал устаж, идэш хоолгүй болсон араатан амьтад ч үхэж үрэгджээ. Гүрвэлүүд мөхөж үгүй болсны дараа дэлхий дээр хүйтэнд илүү тэсвэртэй сүүн тэжээлт амьтад болон хүн үүссэн байна.

Солир унасны улмаас асар том шороон үүл нарны туяаг халхалж байсан гэдэг таамгийг эрдэмтэд дэвшүүлж байсан билээ. Харин Потсдамын хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн хийсэн дүгнэлтээр, тухайн үед болсон гамшиг сүйрэл үүнээс ч илүү өргөн цар хүрээтэй байжээ. Тодруулбал, солир унасан даруйд 100 тэрбум тонн хүхрийн хүчил агаарт ууршин, үүл үүсгэн дэлхийг бүхэлд нь хучсан аж. 100 тэрбум тонн гэдэг нь 1991 онд Филиппиний Пинатубо галт уул дэлбэрэх үед үүссэн тоосноос 10 мянга дахин их хэмжээ юм.

Б.Адъяахүү  

Эх сурвалж: Монцамэ

Санал болгох

Сэтгэгдэл

top