|

Эрхэм гишүүд Хөгжлийн банкны шалгалтын дүнг сонсох сонирхолгүй байна

saikhnaa 2016/12/14 954 0

Эрхэм гишүүд Хөгжлийн банкны шалгалтын дүнг сонсох сонирхолгүй байна

 

Бондын хөрөнгийг баруун, солгойгүй цацсан гэгдээд байгаа Хөгжлийн банкийг тойрсон асуудал он дамнасан олны анхаарал татсан сэдэв болж үлдэх бололтой. Учир нь засаг аваад л эхлүүлсэн Хөгжлийн банкны шалгалтын дүнг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөө хэр нь Их хуралд танилцуулж чадсангүй.

Хөгжлийн банкны шалгалтын дүнг Байнгын хороодоор сонсох тов байсхийгээд л гардаг. Харин ямар нэг шалтгаанаар хойшилсоор. Сүүлдээ энэ дүн сүрхий улс төрийн өнгө аястай болох шинжтэй. Энэ долоо хоногт Хөгжлийн банкны асуудал дахин сөхөгдсөн. Гэтэл шалгалтын мэдээллийг нийтэд ил болгохоос урьтаж УИХ дахь АН-ын бүлэг мягмар гарагт байр сууриа илэрхийлэв.

Тэд хөгжлийн банкны шалгалт санхүүгийн биш улс төрийн шалгалт байсан. Бүтээн байгуулалт хийсэн 2,000 аж ахуй нэгжийг хэлмэгдүүлэх гэж байна гэсэн мэдээллийг өгч мөн л эрх баригч намыг буруутгасан. Харин өчигдөр 14:00 цагт Эдийн засаг, Хуульзүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын мэдээллийг сонсох тов гарсан ч бас л хойшиллоо.

Хоёр намын гишүүд бүтэн хоёр цаг гаруй биеэ хүлээсэн дүр эсгээд ирц бүрдсэнгүй гээд тарцгаасан юм.

Бондын хөрөнгөөс МАН ч авсан, АН ч авсан болж байна. Хэд хэдэн гишүүний нэр холбогддог, эсвэл шууд эзэмшлийн компаниуд бондын хөрөнгөөс овоохныг хүртсэнийг олон нийт мэдэж авсан. Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр цахим хуудастаа бондоос зээл авсан компаниудын нэрийг тавьсан.

Б.Энхбаяр сайд мөн Хөгжлийн банкинд шалгалт хийхэд 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн гэж мэдэгдсэн юм. Тэрбээр "...Хөгжлийн банкны үйл ажиллагаанд бүхэлдээ хууль ёсны зарчим алдагдсан байна. "Чингис” бондын 1.5 тэрбум ам долларыг Хөгжлийн банкинд ам.доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүгийн зөрүүнээс Засгийн газрын хүлээж байгаа алдагдал 694 тэрбум төгрөг болсон байна.

Эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй, мэргэжлийн бус хандсаны төлөөс энэ. Мөн "Самурай” бондын иенийн ханшийн алдагдал гэхэд 130 тэрбумаар хэмжигдэхээр болсон байна.Удирдлагын багийн хувьд Хөгжлийн банк "Хөгжлийн бэрхшээлтэй банк” болчихсон байсан нь тогтоогдсон.

1.3 их наяд төгрөгийн асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлж байгаа” гэсэн мэдээллийг олон нийтэд өгсөн юм. Аймшигтай том тоо. Маш их мөнгө. Үүний дараагаас л бондын хөрөнгөөс зээл авсан гишүүд ээлж дараалан мэдэгдэл хийж эхлэв. Тэд манай компанийн авсан зээл эрсдэлгүй гэх буюу би ямар ч зээл аваагүй гэж байгаа.

УИХ дахь АН-ын бүлэг ч энэ сэдвээр дахин дахин мэдээлэл хийх болсон. Тэд хэлэхдээ "...Хөгжлийн банкнаас гарсан зээлийн 60 гаруй хувийг МАН-ын гишүүд эзэлж байгаа” гэсэн.

Чухамдаа дээрх мэдээллүүдийн аль нь үнэн бодит болохыг одоогоор мэдэх бололцоогүй байгаа юм. 1.3 их наяд төгрөгийн зөрчилд хэн буруутай вэ гэдэг бас маш том асуудал болж хувирсан гэцгээж байна. Чухамдаа МАН, АН энэ асуудал дээр тохироо хийж байж, үйл явдал цааш үргэлжлэх болж байгаа бололтой.

Ямартай ч яг одоохондоо Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг, МАН-ын ч, АН-ын ч гишүүд сонсох сонирхолгүй байна. Товчхондоо, үүний цаана олон улстөрчийн хувийн ашиг сонирхол байна гэсэн үг юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top