|

Хүүхдийг ширгэлэх зан үйл

saikhnaa 2016/08/26 1483 0

Хүүхдийг ширгэлэх зан үйл

 

Монголчууд бид хүүхэд айж цочсоноос болж гэнэт уйлвал "Хүүхэд хөлслөө” хэмээж дом шившлэг, ширгэлэх зан үйл хийдэг.

Түүнчлэн өвчин ороомтгой, эсвэл уйланхай хүүхдэд ч энэ арга заслыг  үйлддэг билээ. Хаврын гурван сарын бар, бич өдөр, зуны гурван сарын үхэр, хонь өдөр, намрын гурван сарын луу, нохой өдөр, өвлийн гурван сарын могой, гахай өдрийг "гүйдэлтэй өдөр” гэх учир энэ өдрүүдэд төрсөн хүүхэд уйланхай, өвчин ороомтгой байдаг. Ийм хүүхэд болон хөлссөн хүүхдийн хөлсийг гаргахдаа Сосорбарам бурханы зүрхэн тарни "Сосорбарамаалаа чанцаало, ум ма ни даари базар-ни, махаа бараа-дий саа-ри хум хум, пад пад”-ийг аягатай усанд 3-7 удаа шившин уншиж үлээгээд нар зөв гурав, нар буруу гурав эргүүлэн хүүхэд хөлссөн зүг рүү цацна.

Түүнчлэн бие нь эвгүйрхэж уйлахад үдэш орой тугалга, лаа хайлуулж хүүхдийн дэргэд савтай хүйтэн усанд хийж ямар нэгэн гарсан дүрсийг хүүхдийн өлгий тоглоом зэрэгт зүүдэг ёс одоо ч өргөн дэлгэр дагадаг. Ширгээх дом заслыг манай баруун аймгуудад түлхүү хэрэглэдэг. Асч байгаа гал, цог дээр давс цацахад "пис пис” гэсэн дуу гарах ба энэ үед нь хүүхдээ чармай нүцгэлэн, малгай буруу харуулж өмсгөөд гал болон цог дээгүүр нар зөв эргүүлэн "Ган ширэг суухаа, гангаа ширэг суухаа, ширэг, ширэг, ширэг” /гурван удаа/ гэж амандаа шившин уншина.
Сосорбарам бурханы тарни, Ширгийн тарни аль алийг шившин уншихдаа хөлссөн хүүхдийн цээж рүү гурван удаа үлээж уншина.

Хүүхэд чинь шөнө уйлж, цочиж сэрээд байвал ногоолин чулуу зүүж өгөх арга бас бий. Үүнээс гадна галын чулуу нэртэй тунгалаг шар чулууг хүүхдэдээ зүүж өгвөл маш тайван унтдагийг ч мэдэхэд илүүдэхгүй. Харин уулын болор чулуу хүүхдийг элдэв өвчнөөс хамгаалдаг. Шүр, маргад хоёр хүүхдэд ээлтэй чулуу гэдэг. Хүүхдийн хүзүүнд зүүж байвал арьсны элдэв өвчнөөс хамгаалдаг аж.

Эх сурвалж: Buddha Mongolia

Санал болгох

Сэтгэгдэл

top