|

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр

saikhnaa 2016/06/01 1194 0

Монгол улс жил бүрийн зуны сарын эхэн буюу 6-р сарын нэгнийг Хүүхдийн баярын өдөр болгон 59 жилийн тэртээгээс тэмдэглэж эхэлсэн юм.

Энэхүү түүхэн хугацаанд 6-р сарын 1-нийг 1995 оноос Эх үрсийн баяр болгосон боловч зарим тодорхой шалтгааны улмаас 2003 оноос эргүүлэн Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрчээ. Өөрөөр хэлбэл энэ баяр нь Эх үрсийн баяр бус Хүүхдийн баяр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр юм.
 
Түүнчлэн 2011 оноос эхлэн Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд 2012 онд "Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриаг дэвшүүлж байна.
    
Хүний эрхийн тухай түгээмэл тунхаглал хүүхдэд хамааралтай байдаг боловч олон шалтгааны улмаас хүүхдэд тусгай хамгаалал, онцгой анхаарал шаардлагатай байдаг учир 1924 онд анх "Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж байжээ.



Өөрөөр хэлбэл энэ цаг үеэс хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай ойлголт бий болж, тусгайлан авч үзэх болсон юм.

Үүний дараа 1959 онд 11-р сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей "Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталж байсан бөгөөд энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон бусад хүний эрхийн талаарх олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдаатай байлаа.

Дээрх тунхаглалд "Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж заасныг НҮБ анхааралдаа авч хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай хэмээн үзсэн байна.
    
Ийнхүү Хүүхдийн эрхийн тухай конвенц 1989 оны 11-р сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, түүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн конвенц болж чадсан юм.

Монгол улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн "Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан, 1996 оны 5-р сарын 8-нд батлан гаргаж бөгөөд энэ оны 6-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top