|

Дэлхийн улс орнууд “Мартын 8”-ыг хэрхэн тэмдэглэдэг вэ

saikhnaa 2016/03/08 4462 0

Дэлхийн улс орнууд “Мартын 8”-ыг хэрхэн тэмдэглэдэг вэ

 

Мартын 8-ны орчин үеийн түүх 1857 оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхтэй гэж үздэг. Энэ өдөр Нью-Йорк хотноо нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаал зохион байгуулж, цалингаа нэмэгдүүлэх, ажлын нөхцлийг сайжруулахыг шаардаж байсан аж. Тэр өдрөөс хойш Мартын-8 буюу олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэж ирсэн түүхтэй. Манай улс энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж байгаа бөгөөд бусад орнууд ч гэсэн амралтын өдөр болгон тэмдэглэдэг аж.

Харин одоо дэлхийн  Улс орнууд хэрхэн тэмдэглэдэг талаар мэдээлэл хүргэе. Гуравдугаар сарын 8-ны өдөр буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг ихэвчлэн эрчүүд эмэгтэй найз нөхөд, ээжүүд, эхнэрүүд, үерхдэг бүсгүй, охин ангийн охид гэх мэт охид бүсгүйчүүддээ бэлэг өгч,  баярлуулан тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Харин Болгар, Румын зэрэг улсад энэ өдрийг зөвхөн "Ээжүүдийн баярын өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд хүүхдүүдэд нь ээжүүд, эмээ нартаа бэлэг өгч баярлуулан өнгөрүүлдэг аж.

Хятад: Эрчүүд энэ өдрөөр хайртай бүсгүй болон ээждээ ямар их  хайртайгаа илэрхийлдэг


Жил бүрийн энэ өдрийг манай урд хөршийн ард түмэн эмэгтэйчүүдийн амралтын өдөр болгон өргөн дэлгэр тэмдэглэдэг байна. Хятадын зарим хотууд бүр хоёр өдрийг амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ. Эрчүүд энэ өдрөөр хайртай бүсгүй болон ээждээ ямар их  хайртайгаа илэрхийлэн бэлэг өгч баярлуулдаг аж.


Орос: Гэр бүлээрээ оройн зоог барьж, оргилуун дарс буудуулан тэмдэглэдэг


Манай хойд хөрш маань мөн л адил тус өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлажээ. Урин хаврын эхэн үед болдог тул ихэнх хүмүүс гэр бүлээрээ оройн зоог барьж, оргилуун дарс буудуулан тэмдэглэдэг аж. Харин зарим нь найз нөхдийнхөө гэр бүлд зочлон өнгөрүүлдэг байна.

Герман: Бүх ээжүүд гэрийн ажлаас 100 хувь чөлөөлөгддөг


Германчууд Мартын 8-нд албан ёсоор амардаггүй. Хуучин Зүүн Герман энэхүү өдрийн тэмдэглэдэг байсан байна. Харин Баруун Герман огт тэмдэглэдэггүй байжээ. Тиймээс хоёр Германи нийлснээс хойш Мартын 8-ны баярыг өргөн хүрээнд тэмдэглэхээ больсон. Тэд албан ёсоор жил бүрийн тавдугаар сард "Ээжүүдийн баяр”-ыг тэмдэглэдэг. Энэ өдөр бүх ээжүүд гэрийн ажлаас 100 хувь чөлөөлөгддөг юм байна. 

 

Итали: Охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд хотынхоо томоохон ресторануудад хүлээн авдаг


Итали улсын хувьд Мартын 8-ны баяр албан ёсны баяр биш ч гэлээ охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд нь өргөн хүрээнд тэмдэглэдэг байна. Яагаад охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд гэж тодотгож байна вэ гэхээр хамгийн сонирхолтой нь Мартын 8-ны баярыг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй хамт тэмдэглэдэггүй. Охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд хотынхоо томоохон ресторануудад хүлээн авалт зохион байгуулж хоорондоо бэлэг солилцдог уламжлалтай.

 

Болгар: Охид, бүсгүйчүүдэд хүндэтгэл үзүүлдэг

Болгарчууд Мартын 8-ны баярыг мөн л өргөн хүрээнд тэмдэглэдэггүй. Тэд Мартын 8-ны өдрийг ЗХУ-ын үеийн цуурай гэж хэлэх дуртай. Энэхүү өдөр охид, бүсгүйчүүдэд хүндэтгэл үзүүлдэг. Эрэгтэйчүүд гэхээсээ илүүтэй эмэгтэйчүүд нэг нэгэндээ баяр хүргэж, баяраа хамт өнгөрүүлэхийг илүүд үздэг байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top