|

Төлөөлөх гишүүд нь цөөрвөл хөдөө хөгжлөөс сугарч үлдэнэ

saikhnaa 2016/01/19 999 0

Төлөөлөх гишүүд нь цөөрвөл хөдөө хөгжлөөс сугарч үлдэнэ

 

Эрх баригчид нийслэлд УИХ-ын сонгуулийн тойргийн мандатын тоог нэмэгдүүлэх санал гаргасан нь маргаан дагуулаад байна. СЕХ-ноос УИХ-д өргөн барьсан тогтоолын төслөөр мажоритар буюу тойрогт нэр дэвшиж сонгогдох 48 гишүүний 22 нь нийслэлээс, 26 нь хөдөө орон нутгаас сонгогдох аж. Өмнөх сонгуулиар энэ тоо 14 нь нийслэлээс, 34 нь хөдөө орон нутгаас сонгогддог байв. Бүр өмнө хөдөөнөөс 56 гишүүн сонгогддог байжээ.

Шинэ оны өмнөхөн сонгуулийн хуулийг батлахад энэ асуудлаар нэг ч үг дуугараагүй, улмаар дараа нь СЕХ-ноос тойргийн хуваарилалтыг хуучнаар нь батлахаар оруулж ирсэн атлаа гэнэт ийм юм сэдсэнд бусад намууд таатай хандахгүй байгаа юм. МАН өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, "СЕХ-нд АН-аас үүрэг даалгавар өгч тойрог мандатын тоог өөрчлөх асуудлыг оруулж ирлээ” хэмээв.

Намуудыг уг асуудалд өөр өөрсдийн эрх ашгийн үүднээс хандаж байгаа гэж үзвэл АН яах аргагүй нийслэлээс ахиу суудал авдаг. Дээр нь тэд нийслэлийг удирдаж байна. Түүнчлэн мөнөөх маргаан дагуулсан хар машинаар үнэхээр луйвар хийдэг бол нийслэлд түүнийгээ хэрэгжүүлэх хамгийн боломжтой.

Хөдөөд хүн цөөн, бие биеэ таньдаг учраас сонгуулийн луйвар хийх боломжгүй, АН хотод булхай луйврыг хэрэгжүүлж сурсан гэх яриа ч үүнтэй зэрэгцэн гарч байгааг үгүйсгэх боломжгүй.

Үндсэн хуулийн заалтаар бол сонгуулийн тойрог, мандатын тоог хуваарилахдаа хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээг харгалзах ёстой ч зөвхөн хүн амын тоог харгалзаж байгааг туйлын буруу гэж шүүмжлэх хүн олон байна. Учир нь Монгол Улс гэдэг зөвхөн хүн амын тоо биш бөгөөд өргөн уудам газар нутагтаа хүн амаа хэрхэн тараан байршуулж, хөгжлийг жигд хүртээх вэ гэдэг төрийн бодлого байх ёстой.

Хөдөөг төрд төлөөлөх хүн цөөрөхөөр хөгжихгүй, хөгжихгүй учраас хот руу улам төвлөрнө. Уг нь манай төр засгаас үеийн үед төвлөрлийг сааруулах, өргөн уудам нутаг дэвсгэр дээрээ жигд тархаж амьдрах, хил хязгаараа манах, алслагдсан бүс нутгаа дэмжих бодлогыг явуулж ирсэн.

Үүнийг манай одоогийн эрх баригчид үргэлжлүүлж, хөдөө рүү хүнээ суурьшуулах бодлого гаргаж түүнийгээ "Шинэ сум” төсөл хэрэгжүүлж, амьдрал дээр нотолж байгаа. Мөн бүх аймгуудыг авто замаар холбох гэхчилэн нөгөө бондын мөнгөнөөс ихээхэн зарцуулсан биш билүү. Гэтэл үүний эсрэг хотын төвлөрлийг улам ихэсгэхээр нийслэлийн УИХ-ын гишүүдийн тоог нэмж байгаа нь сонгуульд санал авах заль мэх л гэхээс өөр юу ч биш.

Хэрвээ сонгуулийн мандатыг ийнхүү өөрчлөхөд хүрвэл Улаанбаатарын асуудал улам л ихсэх болно. Хүн амын нягтралыг дагаад утаа, замын түгжрэл, гэмт хэрэг, сургууль цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал зэрэг тулгамдсан олон асуудал улам хурцаар тавигдах нь тодорхой.

Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний ачаалал ихэснэ. Хамгийн гол нь нийслэлийн тулгамдсан эдгээр асуудлыг зөвхөн УИХ шийдэхгүй. Нийслэл, дүүргийн ИТХ гэж орон нутгийн төлөөлөл байна. Хотын засаг захиргаа бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.

Эцэст нь дахин сануулахад асуудлыг ингээд хүч түрээд шийдчихвэл, хөдөө орон нутаг эзгүйрч, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх байдал үүснэ. Аймаг, орон нутгийн ард иргэдийг УИХ-д төлөөлөх боломж багасч, аймгуудад хөрөнгө оруулалт хийх, хөгжих боломж бололцоо улам хумигдах нь тун тодорхой.

Төрийн цэгцтэй бодлого алдагдаад байгаа өнөө үед хаа байсан Увсын хязгаар сумын сургууль, цэцэрлэгийн асуудалд тэндээс сонгогдсон УИХ-ын гишүүн нь л анхаарал тавьдаг нь үнэн. Төрд төлөөлж байгаа УИХ-ын гишүүн л наагуур цаагуур гүйж байж хэдэн төгрөг төсөвт суулган асуудлыг шийдүүлдэг. Хөдөөг төлөөлөх УИХ-ын гишүүн цөөрвөл хөдөө хөгжлөөс сугарч үлдэх нь эндээс тодорхой байна.

Тиймээс сонгуулийн мандатын тоо энэ оруулж ирснээр батлагдах юм бол гурван саяулаа Хүн чулууны хонхортоо амьдарсан нь дээр гэсэн яриа ч дуулдаж байна.

Г.Гэрэл

Санал болгох

Сэтгэгдэл

top