|

Н.Энхбаяр: Сонгуулийг бохир мөнгөнөөс цэвэрлэж, шударга болгоё

saikhnaa 2015/11/24 828 0

УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Ю.Цэдэнбалын нэр төрийг сэргээж алдар гавьяаг нь мөхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Их хурлын тогтоолын төслийн талаар тодорхой мэдээлэл авсны дараа байр сууриа нэгтгэхээр болсон байна.Мөн Сонгуулийн хуулийн төслүүдийн нэгтгэсэн ажлын хэсэгт эвслийн бүлгээс Д.Тэрбишдагва, Н.Батцэрэг нарыг ажиллуулахаар томилжээ.Бүлгийн хуралд МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн тэргүүн, МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцсон. Тэрээр мэдээлэл өгөх боломжгүй, аливаа асуудлаар байр суурь илэрхийлэхэд эрт байна гэсэн ч сэтгүүлчид түүнээс цөөн асуултад хариулт авч чадсан юм.

 

-Сонгуулийн нэгдсэн хуулийг УИХ-аар хэлэлцэхээр болсон. Энэ чиглэлд намууд байр сууриа тодорхой болгож байх шиг. Танай нам юу гэж үзэж байгаа вэ?

 

-МАН-ын гишүүд, удирдлагууд энэ талаар одоогоор тодорхой зүйлүүд хийгээгүй байгаа байх. Тэд энэ асуудлыг хүлээж аваад ямар байдлаар ярилцах нь уу, түүний дараа асуудал тодорхой болох байх.

 

Би ахмадуудтай уулзахдаа  "Бид дөрвөн үүд, хаалгаар орж гарах бололцоо байна” гэж хэлсэн. Нэгдүгээрт, дангаараа сонгуульд орно, хоёрдугаарт Ардын намтай хамтарна, гуравдугаарт Ардын нам юм уу, Ардчилсан намтай хамтарна гэсэн үг. Ингээд аль нэг намтай хамтрах хоёр хаалга болж байгаа. Дөрөв дэх нь бусад улс төрийн хүчнүүд, бие даагчидтай хамтарч сонгуульд оролцох бололцоо бий. Бид аль нь вэ гэдгийг судалж байгаа. Яг энэ замаар явна гэдгийг шийдэж чадаагүй байна. Нам дээрээ ярина, бусад намтай санал солилцоно. Тиймээс энэ тодорхой  цаг хугацаа орох  үйл явц байх.

 

-Таны хувийн бодлыг сонирхож болох уу?

-Би  энэ дөрвөн байр суурьт л байгаа. Шийдэж чадаагүй учраас аль нэгийг нь гэж тодорхой хэлэх боломжгүй.

 

Танай намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг авлига авсан гэх асуудлаар хорьж байна.Энэ талаар та юу хэлэх вэ?

-Би өмнө нь ч тодорхой хэлсэн. Г.Шийлэгдамба авлига аваад байх хүн биш. Түүнийг ямар асуудлаар мөрдөн шалгаж байгааг мэдэхгүй байна. Тиймээс би нөхрийгөө, дүүгээ гэх юм уу, хамт ажиллаж байсан журмын нөхрийнхөө тухай бодлоо хэлэхэд тэр авлига авах хүн биш. Өөрийнх нь байдал, хүмүүжил, зан төлөвд тийм зүйл байхгүй гэдэгт хатуу итгэлтэй байгаа.

 

-АТГ-аас таныг болон хэд хэдэн хүнийг дуудаж байцаалт авсан гэх юм?

-Тийм зүйл байхгүй.

 

-Танай намын дараагийн Ерөнхий нарийн бичгийн дарга хэн болох вэ?

-Өнөөдөр тэр болно, ингэж ажиллана гэж шийдээгүй байна. Гэхдээ харьцангуй туршлагатай, намын ажлыг нямбай авч явах бололцоотой гэдэг утгаар нь намын  нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг   Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг хариуцаад  хийж байгаарай гэсэн үүрэг өгчихөөд байна.

 

-Үндсэн хуульд өөрчлөлт  оруулах асуудлыг УИХ-ын төвшинд  ярьж байна. Энэ талаар  та ямар байр суурьтай байна?

-Ер нь бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий. Гэхдээ одоогийн Их хурал мөн үү, биш үү, боловсруулсан төслүүд ард түмний хүсэн хүлээж байгаа хүлээлтэд нийцэх үү, үгүй гэдэгт олон санал уралдаж байгаа. Тэр нь зөв, энэ нь буруу гэж хэлж чадахгүй нь. Болж өгвөл Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг нухацтай сууж, шинжлэх ухаанч байдлаар, олон талаас харж, ярьж, ард түмэнтэйгээ  зөвлөж, эрдэмтэн судлаачдаа оруулж, үнэхээр Монгол Улсын хөгжлийг дэмжсэн төсөл боловсруулахыг би хувь хүнийхээ зүгээс дэмждэг. Ийм ажилд  оролцож, хамтран ажиллаж, санал бодлоо хуваалцахад миний бие  бэлэн байгаа. Яг өнөөдрийн төвшинд хуулийн төслийг үзээгүй учраас тодорхой хэлж мэдэхгүй байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа зарим мэдээллээс үзэхэд жаахан дутуу, дулимаг боловсруулчихсан юм болов уу, тоо баримт нь яаж гарч ирсэн бэ гэдэгт хүмүүс ихээхэн бухимдаж ярьж байх шиг. Тиймээс хуулийн  төслийг  харъя гэсэн бодолтой байгаа.

 

-2016 оны сонгуулийг ямар арга барил, тогтол­цоогоор явуулах байр суурьтай байна. "Шударга ёс”  эвслийнбүлгээс хуулийн төсөл өргөн барьсан байгаа шүү дээ?

 

-Бид шинэ сонин санал өргөн бариагүй. Ерөнхийдөө сонгуулийг шударга болгоё гэсэн бодол­той байна. Нэгдү­гээрт, мажоритар болон намын нэрийн жагсаалтад байх тоог 38:38 гэсэн харьцаатайгаар тогтоовол яасан юм бэ. Хоёрдугаарт, намын нэрсийн жагсаалтад орж байгаа хүмүүсийг намын нэрийг биш тухайн хүний нэрийг дугуйлвал ямар вэ, ингэвэл шууд сонгогдох зарчим биелэх байх гэж үзсэн. Гуравдугаарт, сонгуулийн гараанд намуудыг адилхан санхүүжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол зарим нь илүү санхүүжилттэй, зарим нь дутмаг байдаг учраас сонгууль шударга болох асуудал санхүүжилттэй заавал холбоотой байдаг. Зарим нам, нэр дэвшигч асар их хэмжээний мөнгө зарцуулах боломжтой, зарим нь мөнгөгүй. Би нэг орон нутгийн сонгуулийг санаж байна, тухайлбал нэг хүн морин тэрэг уначихсан явж байсан. Ийм тэнцвэргүй байдал сонгогчидтойгоо уулзах бололцоо олгодоггүй, танилцуулгаа хийх цаг нь олддоггүй гэх зэрэг зөрчил байдаг учраас би намуудыг гараан дээр нь адил  санхүүжилтээр дэмжвэл яасан юм бэ. Сонгуульд амжилттай оролцож, тодорхой хэмжээний зардал гаргадаг намуудыг төсвөөс санхүүлвэл ямар вэ. Өнөөдөр хувь хүмүүсээс санхүүжээд, эргээд тэр хүмүүсийнхээ барьцаанд орж, төсвөөс авсан санхүүжилтээс хэд дахин илүү баялгаа тэр хүмүүст өгөөд байгаа, энэ тогтолцоог засъя. Ард түмэндээ тэр баялгаа өгье, ард түмнийхээ татвараас бага хэмжээгээр намууд санхүүжиг. Хэнээс мөнгө авч байна, түүнийхээ өмнө хариуцлага хүлээдэг. Олигархиудаас мөнгө авчихаад тэдний өмнө хариуцлага хүлээх үү, ард түмнээс  аваад  тэдний өмнө хариуцлага хүлээх үү. Аав, ээжээсээ мөнгө авсан бол хүүхэд эргээд аав, ээжийнхээ өмнө хариуцлага хүлээдэг. Өөр хүмүүсээ авсан бол тэдний өмнө хариуцлага хүлээгээд явдаг. Үүнтэй адил. Тиймээс буруу жишгийг засъя гэсэн бодол байна. Энэ  чиглэлд сонгуулийн хуулийг гаргавал ямар вэ. Дээр нь хар машинаар тоолохын зэрэгцээ гар тооллогоор хяналт хийе. Ямар нэг  хувилбараар  нь явахад  гар тооллогын зарчим дэмжигдэх ёстой. Тэгэх юм бол тухайн хүн сонгогдоод УИХ-ын гишүүн болсон тохиолдолд өөр нам руу явлаа гэхэд мажоритар тогтолцоогоор сонгогдсон бол дахин сонгууль зарлая, намын жагсаалтаар сонгогдсон бол дараагийн хүн шууд сонгогддог болъё. Яагаад гэвэл тэр хүн сонгогчдоо хуурчихаад байна шүү дээ. Би энэ намын, энэ эвслийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж сонгогдчихоод сүүлд нь өөр нам руу явчихвал тэр сонгогчдоо хуурсан гэсэн үг. Тэгэхээр сонгогчид ийм байдалд орсон бол дахиад төлөөллөө сонгох эрхийг нь олгоё. Намын жагсаалтад орсон бол дараагийн эрэмбэлэгдсэн хүн орж ирэх бололцоотой гэсэн саналыг манай эвслийг бүлгээс сонгуулийн хуульд оруулсан байгаа. Сонгуулийг аль болохоор шударга болгоё, ард түмний саналыг тусгадаг болгоё, санхүүжилтийн эх үүсвэрийг цэвэр мөнгөөр, ард түмний татвараас хийе. Ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээе гэсэн ийм л зарчим байгаа.

 

Ч.ЗОТОЛ 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top