|

Эрүүл ахуйн бичиггүй махны худалдаа ихэсч байна

namuunaa 2015/10/28 1420 1

Өнөөдрийн байдлаар махны үнэ өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад харьцангуй хямд үнээр худалдаалагдаж байна. Учир нь өнгөрсөн зун нийт нутгийн 60 гаруй хувьд ган болсонтой холбоотойгоор энэ өвөл зуд болох магадлалтай гэсэн мэдээллийн улмаас махны нийлүүлэлт өндөр хувьтай байна.

Хэдийгээр махны үнэ хямдарч байгаа нь хот суурин газрын иргэдийн тухайд таатай мэдээлэл боловч нөгөө талаас малчдад тодорхой хэмжээний хохиролтой. Энэ асуудлыг дагаад Эрдэнэт хотын хэмжээнд ил задгай-гаар зөвшөөрөлгүй мах худалдаалах явдал ихээр гарч байна. Харин зөвшөөрөлгүй цэгт, ямар нэгэн шинжилгээнд хамрагдаагүй ил зад-гайгаар мах худалдаалах нь хууль бус үйл ажиллагаа гэдгийг албаны хүн хэлж байна.

Баян-Өндөр сумын тухайд амьд малын худалдааг Дөмөг захын урд байгуулсан бөгөөд тус газарт малыг төхөөрөх, нядлах ажиллагаа хориотой. Харин Тосгон дахь Бубу ХХК-ийн мал нядалгааны газарт мал нядлах боломжтой бөгөөд тус цэгээс тухайн мах гарал үүсэл болон шинжилгээний бичилттэйгээр хүнсний захууд болон хоолны газар, сургууль цэцэрлэгийн гуанзнуудад очих ёстой.

Гэтэл ил задгай-гаар худалдаалагдаж байгаа мах хэдийгээр хямдралтай үнээр худалдаалагдаж байгаа ч эрүүл ахуйн шаардлагад нийцсэн гэх шинжилгээний ямар ч бичиггүй, гарал үүсэл тодорхой бус худалдаалагдаж байгааг иргэд анхаарах хэрэгтэйг хэлж байна. Баян-Өндөр сумын засаг даргын тамгын газраас ил задгай-гаар худалдаа эрхлэх зөвшөөрөл бүхий цэгүүдийг тогтоосон ч тус цэгт малын мах, сүү сүүн бүтээгдэхүүн зэрэг хүнсний бүтээгдэхүүн худалдаалах нь хориотой.

Тиймээс хууль тогтоомжийн дагуу гарал үүсэл болон эрүүл мэндийн бичиггүй худалдаалагдаж байгаа махыг хураах, худалдаалж буй иргэдэд арга хэмжээ тооцох ажлыг өнөө маргаашгүй эхлүүлнэ хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн энэ жилийн тухайд өнгөрсөн жил бэлтгэсэн нөөцийн махны үлдэгдэл мөн махны нийлүүлэлт өндөр байгаа зэргээс үүдэн зах зээл дэх махны илүүдэл үүсч байгаа бөгөөд махны үйлдвэрүүдтэй малчдыг холбож өгөх ажлыг төр захиргааны байгууллагаас зохион байгуулах шаардлагатай байгааг онцоллоо.

Erdenetinfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top