|

Жирэмсэн эмэгтэйчүүд тэмбүүгээр өвчлөх нь өсжээ

magnai 2015/10/02 954 0

Жирэмсэн эмэгтэйчүүд тэмбүүгээр өвчлөх нь өсжээ

БОЭТ-ийн Бэлгийн замаар дамжих халдварын кабинетаар үйлчлүүлж буй иргэд дундаас жирэмсэн эмэгтэйчүүд тэмбүү өвчний халдвартай оношлогдох нь нэмэгджээ. Энэ үзүүлэлт 2013 оноос хойш тогтмол өсөж байгаа гэнэ. Энэ онд гэхэд БОЭТ-д үзлэг, шинжилгээнд хамрагдсан жирэмсэн 15 эмэгтэй тэмбүү өвчний халдвартай байсан нь тогтоогдсон байна.

Түүнчлэн өнгөрсөн онд манай аймагт төрөлхийн тэмбүү өвчтэй 5 хүүхэд мэндэлжээ. Харин энэ он гарсаар БОЭТ-ийн төрөх тасагт төрөлхийн тэмбүү өвчтэй нэг хүүхэд мэндэлсэн байна.

Дээрх буюу тэмбүү өвчтэй төрж буй хүүхэд болон оношлогдсон эхчүүд нь зөвхөн манай аймгийн иргэд биш гэнэ. Учир нь БОЭТ нь бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг тул Хөвсгөл, Булган зэрэг аймгаас ирж хяналтад орж буй эхчүүд тэмбүү өвчтэй байх нь цөөнгүй байдаг аж. Жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдүүд тэмбүү өвчтэй төрж байгаа нь эрчүүдээс олон талаар шалтгаалдаг талаар эмч мэргэжилтнүүд ярьж байна.

Тиймээс эхнэр нь жирэмсэн болсон эрчүүд бэлгийн замаар дамжих халдвартай эсэхээ заавал шинжлүүлэх хэрэгтэй байдаг байна. БОЭТ-ийн Бэлгийн замаар дамжих халдварын кабинет нь жирэмсэн эмэгтэйчүүдийг дараалалгүй, үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулдаг байна. Гэхдээ "эрчүүд шинжилгээнд хамрагдахдаа хойрго ханддаг” гэж БОЭТ-ийн Бэлгийн замаар дамжих халдварын кабинетийн эмч хэллээ.

Энэ оны эхний найман сарын байдлаар манай аймагт халдварт өвчний 747 тохиолдол бүртгэгдсэний 19 хувь нь тэмбүүгээр өвчилсөн байна. Энэ нь зөвхөн эмнэлэгт хандсан иргэд дундаас илэрч байгаа хэсэг нь тул цаана нь энэ өвчний халдвар авсан олон хүн байж болзошгүй гэж эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Энэ өвчнөөр өвлөгчдийн ихэнх хувийг 20-35 насныхан эзэлдэг байна.
 
 
erdenetinfo.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

top