|

Б.Ганболд: Шаардлагагүй бол БНСУ-ыг зорихгүй байхыг зөвлөе

munkhod 2015/06/10 993 0

Б.Ганболд: Шаардлагагүй бол БНСУ-ыг зорихгүй байхыг зөвлөе

 

Б.ЗАЯА

БНСУ-д MERS вирусээр халдварласан хүний тоо нэмэгдсээр байна. Амьсгалын замаар халдварладаг энэ аюулт өвчний эсрэг вакцин, эмчилгээ одоогоор гараагүй байгааг олон улсын агентлагууд мэдээлж буй юм. Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Ганболдтой холбогдож цаг үеийн байдлыг тодрууллаа.

-Вирусын халдвар авсан хүн өдөр бүр нэмэгдэж байгаа гэхмэдээллийг бид авч байна. БНСУ-д нөхцөл байдал ямар байна вэ?

-Халдварын талаарх мэдээллийг эндхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон БНСУ-ын Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан Шуурхай ажлын хэсгийн мэдээллээс авч байна. Өнөөдрийн байдлаар халдвар авсан найман хүн шинээр нэмэгдэж өвчтний тоо 95-д хүрээд байна. 500 гаруй хүн хорионоос гарсан ч 3000 гаруй хүнийг тусгаарласан мэдээлэлтэй байна. Өвчний тохиолдол илэрсэн, халдвартай хүн үйлчлүүлсэн 24 эмнэлгийн нэрийг олон нийтэд зарлаад байсан. Энэ тоо өчигдөр орой таваар нэмэгдэж 29 болсон. Эдгээр эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгөх, онцын шаардлагагүй бол үйлчлүүлэхгүй байхыг зөвлөж байгаа юм.

-Монгол иргэдээ халдвараас сэргийлэх талаар та бүхэн ямар арга хэмжээ авч байна вэ?

-Солонгосын Эрүүл мэндийн яам, Засгийн газраас иргэддээ халдвараас сэргийлэх мэдээллийг шуурхай өгч байгаа. Гар утсанд нь мессеж ирүүлж байна. Бид тэдгээр сэрэмжлүүлэг мэдээллийг монгол хэлээр орчуулж яамныхаа цахим хуудаст байрлуулахаас гадна эндхийн монгол хэлээр нэвтрүүлдэг радио, сайн дурын байгууллагууд руу илгээж байна. Оюутан, эмэгтэйчүүд зэрэг 30 орчим сайн дурын байгууллага энд бий. Мөн монголчууд олноор цугладаг үйлчилгээний байгууллага, сургууль, эмнэлэг, Консулын албанд ч сэрэмжлүүлгийг хүргэж байгаа. Гол нь өвчний шинж тэмдэг илэрвэл хамгийн түрүүнд хаана хандаж болох утас, хаягийг өгч байна. Одоогоор манай улсын иргэн өвчилсөн тохиолдол байхгүй.

-Халдвартай иргэд манай улсад орж ирэх вий гэсэн болгоомжлол байна. Анхаарал, хяналт хэр байгаа бол?

-Хил орчмын хяналтын газрууд мэдэх байх. Энэ халдвар ариун цэвэртэй шууд холбоотойгоос гадна дархлаа муутай хүмүүст амархан тусдаг юм байна. Бидний зүгээс энд байгаа иргэддээ нэг зүйлийг зөвлөж байгаа. Ар гэр, найз нөхөд хэн нэгэн тэднийг зорьж Монголоос ирэх гэж байгаа бол өвчний талаарх бодит мэдээллийг сайн өгөөрэй. Онцын шаардлагагүй бол вирусын тархалт намжтал БНСУ-ыг зорихгүй байх нь зүйтэй гэж зөвлөж байна. Монголоос Солонгосыг зорьж байгаа онгоцонд өвчний талаарх сэрэмжлүүлгийг тавих талаар холбогдох хүмүүстэй ярилцаж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top