|

Э.Ариунболд: Орон нутагтаа урологийн дурангийн хагалгаа хийж эхэлсэн нь бидний давуу тал

nomun 2022/02/22 64 0

 

 

Э.Ариунболд: Орон нутагтаа урологийн дурангийн хагалгаа хийж эхэлсэн нь бидний давуу тал

 

Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал анхаарлын гадна хоцордог учраас эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү жил ирэх тусам нэмэгдэж байна. Монгол эрэгтэй хүний дундаж наслалт 65 бол эмэгтэй хүнийх 75 байдаг. Иймд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулах шаардлага байгаа юм. Энэ талаар БОЭТ-ийн эрэгтэйчүүдийн их эмч Э.Ариунболдтой ярилцлаа.


-Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсрол ямар түвшинд байна вэ? Эмчид үзүүлэхээр ирж буй хүмүүсийн хандлага ямар байдаг вэ?

-Эрэгтэйчүүд эмнэлэгт хандахдаа эмэгтэйчүүдийг бодвол маш хайнга байдаг нь ажиглагддаг. Ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрч, зовуурь шаналгаа нэмэгдсэн үед л эмнэлэгт хандаж байна. Энэ нь нэг талдаа завгүй байдагтай холбоотой байх. Нөгөөтэйгүүр эмнэлгийн амбулаторийн үзлэгийн цаг бусад байгууллагын ажлын цагтай давхцаж дуусдагтай холбоотой. Үүнээс улбаалан ажлын бус цагаар үзүүлэх боломж нь хомс байдаг. Ингэж явсаар эрүүл мэндээ анхаарч, тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамрагдахгүй явсаар өвчин нь ужгирсан байдаг.

-БОЭТ-д өмнө нь эрэгтэйчүүдийн ганцхан эмч ажилладаг байсан бол одоо кабинетын системд шилжсэнээр олон давуу тал гарч байгаа биз дээ?

-БОЭТ-ийн эрэгтэйчүүдийн кабинет 2018 онд байгуулагдсан. Урьд нь эрэгтэйчүүдийн эмчтэй байсан боловч кабинетын системд шилжээгүйгээс үүдэн цаг авч, зорьж ирээд үйлчлүүлэх боломж байгаагүй байх. Харин кабинетын системээр ажиллаж эхэлснээр эрэгтэйчүүд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах, зонхилон тохиолддог түрүү булчирхайн үрэвсэл, томрол, хавдар, шээс дамжуулах замын өвчлөл гэх мэт маш олон төрлийн өвчнийг эрт илрүүлэх, эмчлэх боломжтой болсон. Анх БОЭТ эрэгтэйчүүдийн кабинеттай боллоо ирж үйлчлүүлээрэй гэх мэтээр сурталчилгаа ихээр хийдэг байлаа. Эхний жил 50 гаруй хүн үйлчлүүлж байсан бол энэ жил давхардсан тоогоор 2900 гаруй хүн үйлчлүүлсэн байна.

-Эрэгтэйчүүдэд зонхилон тохиолддог ямар өвчнүүд байдаг вэ? Мөн урологийн дурангийн хагалгааг орон нутагтаа хийдэг болсноор үүсч буй давуу тал юу байна вэ?

-Эмч дэд хөтөлбөрийн хүрээнд эрэгтэйчүүдийн кабинетад 120 сая төгрөгийн урологийн мэс заслын багаж, тоног төхөөрөмж нийлүүлсэн. Ингэснээр эрэгтэйчүүдийн түрүү булчирхай, бөөрний үрэвсэл, шээс дамжуулах замын өвчлөлийн үед дурангийн хагалгаа хийх боломж бүрдсэн. Өмнө нь зөвхөн андрологи, урологийн нээлттэй хагалгаа хийдэг байсан бол өнгөрсөн жилээс эхлэн дурангийн хагалгаа хийдэг болсон. 2021 онд эрэгтэйчүүдийн түрүү булчирхай, давсагны хавдар, бөөрний стент тавих, давсагны чулуу авах зэрэг нийтдээ 100 гаруй дурангийн хагалгааг амжилттай хийсэн.


Өмнө нь зөвхөн андрологи, урологийн нээлттэй хагалгаа хийдэг байсан бол өнгөрсөн жилээс эхлэн дурангийн хагалгаа хийдэг болсон. 2021 онд эрэгтэйчүүдийн түрүү булчирхай, давсагны хавдар, бөөрний стент тавих, давсагны чулуу авах зэрэг нийтдээ 100 гаруй дурангийн хагалгааг амжилттай хийсэн.


Бас байгууллагуудын урьдчилан сэргийлэх үзлэгт эрэгтэйчүүдийн эмчийн үзлэгийг оруулж өгснөөр маш зөв шийдвэр байсан. Үүний үр дүнд залуучууд эмчийн үзлэгт тогтмол хамрагдах боломж нээгдсэн.

-Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр танай байгууллага өсвөр үеийнхэнд чиглэсэн сургалтуудыг зохион байгуулдаг. Сургалтын үр дүн хэр байдаг вэ?
-Хүмүүст эрүүл мэндийн боловсрол олгохын тулд хүүхэд байхаас нь эхлэн цэгцтэй мэдээллээр хангах нь чухал. Тиймээс ч сургуулиудаар явж анги ангиар нь суулгаж байгаад сургалт орсон. Эцэг эхчүүдэд хүүхдүүдийн эрүүл мэнд, хөвгүүдийн ариун цэвэр, аль өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Үүний үр дүнд эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулж ирээд эмчийн үзлэг хийлгэдэг, зөвлөмж зөвлөгөө авдаг болсон. Ингэснээр хүүхдүүд цаашид тогтмол эмнэлгийн байгууллагад ханддаг болох зөв эхлэл болж байгаа гэж харж байна.

-Орхон аймагт эрэгтэйчүүдийн эмнэлэг, эмч хэр хүрэлцээтэй байдаг вэ?
-Орхон аймаг 100 гаруй мянган хүн амтай. Эдгээр хүн амд үйлчилдэг БОЭТ-д эрэгтэйчүүдийн ганцхан эмч ажилладаг. Өдрийн цагаар амбулаторийн үзлэг, өдөр тутмын яаралтай хагалгаа, сургалт сурталчилгааг бүгдийг нь нэг л эмч хийж байна. Тиймээс хүн болгонд хүрч үйлчлэх боломж хомс байдаг. Мөн ойролцоох аймгуудаас ирж үзүүлэх, хагалгаа хийлгэх тохиолдлууд нэмэгдсэн. Үүнээс манай аймаг бусад аймаг орон нутгаас эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээрээ нэг шат дээгүүр явааг илтгэх нэг гол үзүүлэлт болж байна гэж харж байна.
-Ярилцсанд баярлалаа.

Санал болгох

Сэтгэгдэл

top