Монгол Улсын Засгийн газрын 45 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын 18 дугаар тушаал, МХЕГ-ын даргын баталсан 01/48 дугаартай удирдамжийн дагуу Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 8 хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөө байхгүй, ажилтнуудад зориулсан гар угаах нөхцөлийг бүрдүүлээгүй, амны хаалт, нэг удаагийн бээлийний нөөцгүй, агаар сэлгэлт хийх нөхцөл бүрдүүлээгүй, ил задгай хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан зэрэг нийт 23 зөрчлийг илрүүлж, газар дээр нь 78% буюу 18 зөрчлийг арилгуулсан байна.
Мөн хадгалах хугацаа нь дууссан 18 нэр төрлийн 91 ширхэг буюу 83950 төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан зөрчлийг илрүүлэн, дотоод хяналтаар устгуулж, 3 нэр төрлийн 17 ширхэг буюу 30550 төгрөгийн БНХАУ-ын бэлэн гоймон, ОХУ-ын жигнэмэгийг шалгалт хийсэн тухай тэмдэглэл, бараа хураах, устгах тухай акт үйлдэж, Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Захиргааны журмаар Эд зүйл хураах, устгах, улсын орлого болгох орон тооны бус зөвлөлд хүргүүлэхээр хураажээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.