|

Монголчууд бид таарснаа идэж харснаа худалдаж авсаар байх уу

tonshuul 2015/02/11 1547 1

Монголчууд бид таарснаа идэж харснаа худалдаж авсаар байх уу

 

Монголчууд бид таарснаа идэж, харснаа худалдаж авсаар байгаад өөрсдийн эрүүл мэндээ онц ноцтойгоор хохироодог. Уг нь Үндэсний аюулгүй байдалд хүнс гэдэг зүйл маш их холбоотой. Монгол ядуу, дээрээс нь үйлдвэрлэгч биш хэрэглэгч учраас хүнсний аюулгүй байдал гэдэг нэн тэргүүнд тавигдах ёстой чухал асуудал юм. Гэтэл бид сүүлийн арав гаруй жилийн турш гадаадаас орж ирж буй импортын бараа бүтээгдэхүүнд хориг тавья гэж амаа чилтэл ярьдаг ч ачир дээрээ арга хэмжээ авч байгаа нэгээхэн ч албан тушаалтан байхгүй нь харамсалтай.
 
Өнгөрсөн хугацаанд мэргэжлийн хяналтын байгууллага шалгалт хийж янз бүрийн зөрчил илрүүллээ гэж ярьдаг. Гэтэл тэдний илрүүлсэн зөрчил дутагдлыг тэрүүхэн үедээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьж байгаад бас л мартдаг. Уг нь яаж ч бодсон хүнсний аюулгүй байдал нь улс орны хамгийн нэн тэргүүнд тавих ёстой чухал асуудал. Гэтэл манайхан энэхүү чухал асуудлыг умартан дээр дооргүй албан тушаалын наймаа, амин хувийн ашиг хонжоогоо хайж бас л мартдаг.
 
Мэдээж бидний нэрлэж заншсанаар баячууд бол борчууд шиг хэзээ ч хугацаа нь дууссан хуурамч чанаргүй хүнсний бүтээгдээхүүнийг хэрэглэнэ гэж байхгүй. Тэд бол өөрсдийнхеө идэж уудаг хоол хүнсийг гадаадын өндөр хөгжилтэй орон руу захиалж онгоцоор тээвээрлүүлж авчирдаг гэх юм билээ. Гэтэл ар хударгаар нь гэдэс бүсээ чангалсан ард иргэд нь хуурамч, чанаргүй хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж элдэв янзын хорт хавдар тусч байгаа нь нууц биш. Тиймээс л эрх баригчдыг хүнсний аюулгүй байдлаа нэн тэргүүнд анхаараачээ гэж албаны хүмүүс олон удаа хэлдэг боловч тэдний үгийг сонсдог дээдсүүд байхгүй нь хармасмаар. Аргаа бараад иргэд өөрсдийн худалдаж авсан бараа бүтээгдэхүүнээ өнгө үзэмж муутай харагдвал түүнийг        мэргэжлийн байгууллагааар шинжлүүлж сайн муугий нь ялгуулдаг. Харин ч энэ тал дээр мэргэжлийн хяналтын байгууллагын хэдэн байцаагч нар хөлөө цуцтал том, том худалдааны төв, дэлгүүр хоршоогоор явж чанаргүй гэх хүнсний бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийж устгалд оруулж байна.
 
Тиймээс бидний ганц найдах газар бол МХЕГ болчихоод байна гэсэн үг. Ингээд тус байгууллагаас өнгөрсөн долоо хоногт Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд Монгол улсын "Төрийн хяналт шалгалтын тухай”, "Ариун цэврийн тухай”, "Хүнсний тухай”, "Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас гаргасан стандарт, дүрэм журмын хэрэгжилтэнд хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтаар хуурамч, хугацаа нь дууссан бүтээгдэхүүнүүдийг хурааж устгалд оруулжээ. Тодруулбал, шалгалтад дүүргийн хүнсний захууд, хүнсний худалдаа эрхэлдэг 33 аж ахуй нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгч 162 иргэн хамрагдсан бөгөөд хүнсний бүтээгдэхүүнийг шинжилгээний бичиггүйгээр худалдаалах, хүнсний ногоо, өндөг, мах, сүү, цагаан идээг мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй, жингийн баталгаажилтгүйгээр борлуулах зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ.
 
Мөн цагаан будаа, элсэн чихэр, хадны чанамал, хүнсний ногоо, жимс, жимсгэний найман дээж, цагаан идээ, мах махан бүтээгдэгдэхүүн, бууз баншны 23 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулан, хүнсний худалдаа эрхэлдэг 23 аж ахуйн нэгж, иргэдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар зөвлөмж хүргүүлсэн байна. Харин хадгалах, хадгалалтын хугацаа дууссан хоёр нэрийн 16 ширхэг, есөн хайрцаг, 160700 төгрөгний хүнсний бүтээгдэхүүн /масло, зөөлөн чихэр/, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, шинжилгээ баталгаажилтгүй, улсын байцаагчийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн дөрвөн ширхэг, 32000 төгрөгийн зөгийн бал тусгай зөвшөөрөлгүй худалдаалсан таван төрлийн, 37 ширхэг, 367500 төгрөгийн архи, 11 төрлийн 82 хайрцаг, 234800 төгрөгийн тамхийг хураан авч Нийслэлийн Засаг даргын дэргэдэх захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг устгах, үнэлэх, орон тооны бус шилжүүлэн, хоёр аж ахуйн нэгж байгууллагад 826.000, 23 иргэнд 345.000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч ажилласан байна. Эндээс харахад өнгөрсөн шинэ жилийн баяраар тус газраас худалдааны төвүүдэд шалгалт хийхэд мөн л ийм зөрчил илэрч байсан.
 
Гэтэл сар гаруй ч хугацаа өнгөрөөгүй байхад дахин ийм зөрчил гарч байгаа нь хүнсний аюулгүй байдал манай улсад алдагдсныг гэрчилж өгч буй хэрэг юм. Тиймээс бид хоол идээд байна уу, хор хэрэглээд байна уу гэдгээ  ч мэдэхээ болчихлоо.
 
Өглөөний сонин
Р.Төгс

Санал болгох

Сэтгэгдэл

top