|

"Үл үзэгдэгч хүмүүс" Э.Лхагвадоржийн зургийн үзэсгэлэн

bayaraa 2015/01/06 5995 478

 "Үл үзэгдэгч хүмүүс" Э.Лхагвадоржийн зургийн үзэсгэлэн  	 	Тэд бол зэргэлдээ ертөнцийн оршин суугчид. Бид тэдэнтэй тааралддаг ч хараагүй мэт зөрж, тэднийг огт байхгүй мэт

аяглацгаадаг. Тэд ч биднээс холуур тойрон өнгөрнө. Тус тусынхаа орчинд, хэн хэнээсээ аягүйцэж, эмээн явцгаасаар. Харин энэ бүхэн Э.Лхагвадоржийг эмзэглүүлдэг. "Өвгөнтийнхөн" хэмээн нэрлэдэг тэр хүмүүс түүний бүтээлүүдийн гол сэдэв нь. 2011 оны  наймдугаар сард "Занаду арт" галерейгаас анхны бие даасан "Нэргүйдэл" үзэсгэлэнг нь толилуулснаар тэрбээр урлагийн хүрээнд танигдаж  эхэлсэн  юм. Тэнд дэлгэсэн хар, цагаан өнгөтэй хайпер-реализм (пуреггеацяп) буюу өндөр нягтаршилтай гэрэл зургийг санагдуулам бодит дүрслэл бүхий ажлуудад ороо бусгаа цаг, нийгмийн шилжилтэд хөлөө олж чадалгүй төөрөлдсөн үеийнхнийг харуулсан байв.

Тухайлбал, "Тал нутаг дахь амьдрал минь"-д архиндаа "тасарсан" нэгнийг хоньтой  нь дүрсэлжээ. Тэр хүн өмнө нь малчин байсан ч мал нь зуданд үгүйрч, үлдсэнийг нь зараад хотод ирсэн аж. Хамгийн сүүлийн итгэл найдвараа өвөртлөөд нийслэлийг зорьсон тэрбээр эцэстээ ийн төгсөх.  "Хэрвээ малтайгаа байсан бол..." хэмээн харуусан өгүүлсэн талаар нь зураач ярив. Энэ мэтчилэн түүний зураг бүрийн  цаана  бодит  дүр  бий. Э.Лхагвадорж    байнга    гадуур явж, тэдэнтэй ярилцаж, зургийг нь хальснаа буулгаж судалгаагаа хийдэг. "Заримдаа тэд их цааргалж, нүүр буруулна. Мөнгө нэхэх нь ч бий.  Гэхдээ ихэнх тохиолдолд ярилцаж, түүхийг нь сонсох тусам тэд ч бас өмнө нь хэн нэгний хань, аав, хүү, нэр төртэй албан хаагч явж, бахархал, үнэт зүйлтэй байсныг нь ойлгож, өөрөөр харж эхэлнэ" хэмээж байна. Тэрбээр "Нийгмийн бохирдол" үзэсгэлэнгээ өнгөрсөн баасан гаригт "Улаан гэр" галерейд нээсэн юм.

Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүд сэдэв, арга барилын хувьд төдийлэн өөрчлөгдөөгүй ч өнгөний хувьд хар цагаанаас хальж, хүйтэн, дулаан өнгөнүүдийн хослолыг ч ашиглах болжээ. "Дөрвөн жилийн өмнөөс энэ сэдвээр зурж эхлэхэд хар цагаанаас өөр өнгө төсөөлөгдөөгүй. Тэгвэл одоо илэрхийлэх гэсэн санаа, дүрслэлийг хар, цагаан дангаар гаргаж чадахгүй байна. Тиймээс завсрын өнгүүдийг түлхүү оруулж эхэлсэн". Түүний шинэ ажлуудын нь нэг "Тэнгэр газрын хүлээлт"-ийн баатрыг зарим хүн таньж байж ч магадгүй. "Нарантуул" зах дээр дуу дуулж мөнгө оддог энэ хүн уг нь хоёулаа байж. Нэг нь тэнгэр өөд харж, нөгөө нь газар ширтэж дууддаг тэр хоёрт захынхан "Тэнгэр, газар" гэдэг нэр өгсөн гэнэ. Саяхан "Тэнгэр" нь тийшээгээ явж, "Газар" ганцаар үлдсэн нь зураачийн дуранд буусан нь энэ.

Э.Лхагвадоржийн бүтээлүүд чимээ аниргүй... Магад үүнд баргар өнгө, ганц, ганцаараа энд тэнд хэвтсэн, тасарсан дүрүүд нь нөлөөлдөг байж болох юм. Үгүйрэл хоосрол, гуниг гутралаар дүүрэн тэдний хөргүүдээс. зовж шаналсандаа бухимдаж, "нэргүйдсэндээ" бачимдсан аяс ч үнэндээ мэдрэгдэхгүй. Харин ч тэр бүхнийг хүлцэнгүйгээр хүлээн авч, дасал болсон байдал л анзаарагдана. Гал нь унтарсан нүд, нунж дорой төрх. Тэгээд олонх нь "тасарч" унасан, заримдаа бүр үхсэн мэт үзэгдэнэ. Үүнийг зураач тэдний өмнөх амьдрал, зүүд мөрөөдөлтэй сүлж зарим ажилдаа тусгадаг нь ч тун аятайхан шийдэл болсон болов уу. Тухайлбал, "Морьтой ч болоосой"-д морио зүүдэлж буй хөдөөх эр, өмнө дурдсан малчин асны харуусал, "Нисэх хүсэл"-ээс хэзээ ч биелэгдэхгүй тэр хүслүүд бас хүсэхээсээ ч эмээх айдас нь харагдана.

"Нэгэн удаа хотын төвийн өндөр шилэн барилгын урдуур цагаан шуудай үүрсэн хир даг болсон хувцастай хүмүүс явж  байхыг хараад их хүчтэй сэтгэгдэл төрсөн. Тэр үед буюу 2010 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгсөхөөр дипломын ажлын судалгаагаа хийж байсан учраас тэднийг зурахаар шийдсэнээс одоогийн ажлууд маань үүдэлтэй" хэмээн Э.Лхагвадорж ярилаа. Тэрбээр "Нэргүйдэл"-д орон гэргүй, хог түүж өдөр хоногийг залгуулдаг тэднийг нүүр буруулалгүйгээр шууд тусгаж, бие хүн болоод хувь хүний пшнжээ алдсаныг нь харуулсан бол "Байгаа, байхгүй"-д тэдгээр хүн нийгэмд хамаарч байгаа эсэх, өөрөөр хэлбэл бидний дотор тэднийг гэх орон зай байгаа, эсэхийг асуудал болгон дэвшүүлсэн юм. "Орон гэргүй, архичдыг устгаж, зайлуулснаар нийгмээ цэвэрлэх хэрэгтэй гэсэн утгатай яриаг би олонтаа сонссон.

Гэтэл тэдний түүхийг сөхвөл, ойлгохыг хичээвэл ингэж ярих нь шударга бус. Жишээ нь тэдний дотор үр хүүхэд, гэр бүлтэй хүн олон бий. Гэр бүлийнхэн нь ч эргээд ирэхийг хүсдэг ч тэд хүүхдүүддээ тээр болохыг хүсдэггүй. Үүнээс гадна тэр орчиндоо улам дасал болж, шигдсээр байдаг. Нийгмийн золиос гэж хэлж болох тэдний зургийг галерейд авчирснаар хүмүүс ч бас арай өөр өнцгөөс харж, хараагүй, мэдээгүй мэт дүр эсгэдэг нь багасах болов уу. Түүнчлэн энэ бүхнийг хүмүүс хэчнээн үл ойшоосон ч бидний нийгмийн, түүхийн нэг хэсэг гэдэг нь маргаангүй".

 

 


Б.Эгшиглэн /Засгийн газрын мэдээ/

Санал болгох

Сэтгэгдэл

top