|

"Миний дүүг ухаан балартал нь зодсон" гэв

batdorj 2019/01/24 524 0

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг уржигдар золгүй байдлаар амиа алджээ. Уг хэргийн талаар талийгаачийн төрсөн ах Б.Эрдэнэбатаас тодруулга авлаа.

-Танай гэр бүлд тохиолдсон явдалд эмгэнэл илэрхийлье. Талийгаачийг амиа алдсан өдөр юу болсон юм бол?

-Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр бүх юм тодорхой болох байх. Миний дүүг тэр өдөр зодсон байгаа юм. Шарх, сорви нь биен дээр нь ил байж байна. Дүүг минь өглөө хөнжил, пүүгээг нь бариулаад гүйлгэсэн гэсэн. "Гүйж чадахгүй нь ээ” амьсгаа давчдаад байна гэхэд нь баашиллаа гээд нүдэж. Хамт байсан цэргүүд нь тэгж хэлж байна лээ. Дараа нь цэргийн казармд ороход нь ухаан нь балартчихсан, куртикээ өлгөж чадахгүй орж ирээд ухаан алдаад унасан гэсэн. Тэрнээс хойш ямар ч арга хэмжээ авалгүй, тусламж үзүүлэлгүй байсаар цагийн дараа эмч үзээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн гэсэн.

-Талийгаачийг зодсон гэх ахлагчтай та уулзав уу?

-Үгүй. Надтай уулзаагүй. Түүнийг одоогоор саатуулаагүй байгаа болов уу. Ямар ч байсан барьж хориогүй байх. Хэрэг явдал гарсны дараа би Эрдэнэтээс очиж, талийгаачийн шарилыг авсан. Талийгаачийг ирэх даваа гаригт хөдөөлүүлэх байх. Биднийг очиход талийгаачид задлан хийчихсэн байсан. Цахим орчинд яваад байгаа нурууныхан зураг нь харин ч гайгүй гарсан зураг байсан. Миний дүүг нүдээд, дэвссэн үү яасан юм бүү мэд. Ухаан нь балартаад хувцсаа өлгөж чадахгүй унахад нь нэг нь хойноос нь өргөөд орон дээр хэвтүүлсэн гэсэн. Тэгээд тэр чигтээ амьсгал хураасан байгаа юм. Би бодохдоо зодоод алчихсан байх гэж бодож байна.

-Талийгаач хэзээ цэрэгт татагдсан бэ? Цэрэгт татагдахаас өмнө эрүүл саруул, хууч өвчингүй хүүхэд байв уу?

-Энэ намар сургуулиа төгсөөд цэрэгт явсан. Эрдэнэтэд сургуулиа төгссөн. Миний хамгийн бага дүү. Дээрээ хоёр ахтай. Би том ах нь. Манай аав 2012 онд бурхан болсон.

-Холбогдох байгууллагад та өргөдөл гомдол өгөв үү?

-Энэ асуудлаар яаманд өргөдөл өгье гэж бодож байна. Мөн энэ асуудлыг улстөржүүлж болохгүй. Хэн нэгэн хүнийг би шахаж шаардаагүй. Гагцхүү эрүүл саруул дүүгээ би цэрэгт явуулсан. Миний дүү одоо босч ирэхгүй шүү дээ. Үүнийг одоо л ярихгүй юм бол цаашдаа хэдэн хүний хүүхдээр тоглох бол гэдгээс эмээж байна. Эрүүл саруул, хүний хүүхдийг очоод зодож, нүднэ гэдэг хэвийн үзэгдэл үү. Миний дүү нэгэнтээ босоод ирэхгүйгээс хойш энэ асуудал үүгээр дуусаасай гэж бодож байна. Хүний сайхан хүүг авч явчхаад нүдээд алчихдаг юм гэж юу байх вэ. /уйлав/

УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТЭЭР 19 НАСТАЙ ЦЭРЭГ ГАДНЫН НӨЛӨӨГҮЙ АМИА АЛДСАН

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодруулахад "Уг хэргийн дуудлага нэгдүгээр сарын 22-ны өдрийн 17.30 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Тус цэргийн ангид 2018 оны арваннэгдүгээр сард хугацаат цэргийн алба хашиж байсан Эрдэнэт хотод оршин суугаа хаягтай, 19 настай А амиа алдсан нь тогтоогдсон. Шүүх шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр талийгаач А-ийн биед ямар нэг гаднын нөлөө байхгүй гэсэн хариу гарсан. Хуульд заасан хугацаа буюу 21 хоногийн дотор дүгнэлтийн хариу гарна. Ар гэрийнхний зүгээс талийгаачийг зодуулсны улмаас амиа алдсан гэх мэдээллийг гаргаад байгаа юм. Үүнийг бид эцэслэн шалгах үндсэн үүргийнхээ дагуу ажиллана. Одоогоор уг хэргийг Сайншанд дахь цагдаагийн газар шалгаж байна” гэлээ. Мөн уг хэргийг одоогоор ЗЖША-аас ажлын хэсэг гаран ажиллаж байгаа бөгөөд үдээс хойш дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэсэн тайлбарыг өглөө.

Э.Ариун 


Санал болгох

Сэтгэгдэл

top