|

Б.Нарангэрэл:“Сохо мебель”-ийн захирал Жадамбаагаас охиныхоо амийг нэхмээр байна

tonshuul 2017/06/08 1249 0
 
 

22-хон настай охин ажлын байрны дарамтаас болж өндөр байшингаас үсэрч амиа алдсан мэдээлэл өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээ хүчээ авав.

Тодруулбал, Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороолол хотхоны 22 давхрын салхивчаар 22 настай Ж нь унаж амиа алдсан хэрэг энэ сарын 5-ны орой 17.00 цагийн үед гарсан билээ.

Талийгаач Ж нь тавилгын их дэлгүүр болох "Сохо мебель” компанийн ерөнхий захирал Жадамба гэж хүний туслахаар ажиллаад удаагүй байжээ. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар "Амиа хорлосон” гэж үзэж байгаа бол ар гэрийнхэн нь "Амиа хорлоогүй, гадны нөлөөтөй амиа алдсан байж болзошгүй”. Тиймээс цагдаагийн байгууллагаас үнэнийг зөвөөр олж тогтоож, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхийг хүсэж буйгаа илэрхийлсэн юм.

Энэхүү харамсалтай хэргийн талаар талийгаачийн ар гэрийнхэнтэй нь өчигдөр уулзаж ярилцсан юм. Ид хийж бүтээх насан дээрээ цэцэг цэврүү шиг охиноо алдсанд ар гэрийнхэн гомдолтой байна. Талийгаач айлын хоёр хүүхэд бөгөөд дээрээ ахтай, бүтэн өнчин хүүхэд байж. Аав, ээж нь олон жилийн өмнө нас барсан бөгөөд нагац эгч Б.Нарангэрэл дээрээ 11 настайгаасаа эхэлж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл хамт амьдарч байжээ. Харин төрсөн ах С.Золбоо нь тусдаа амьдралтай нэгэн аж.

Бид 10 хорооллын хуучны цэнхэр 9 давхар байрны....тоотод очлоо. Гэрт нь гадны хүмүүс цөөнгүй байна. Биднийг талийгаачийн нагац эгч Б.Нарангэрэл хүлээж авч гэрт орохыг зөвшөөрсөн юм. Гэрт телевиз болон толийг даавуугаар бүтээчихсэн, хойморт авдран дээр Бурхан багшийн өмнө зул хүж өргөсөн, "Ум маани бадми хум” гэсэн маанийн хөгжмийг тавьчихсан, талийгаачийн найз нөхөд, найзынх нь ээж гээд цугларсан"Үнэхээр харамсалтай юм боллоо. Амиа хорлох хүүхэд биш байсан юм. Хайран сайхан охин, цэцэг цэврүү шиг насанд нь алдсанд одоо ч итгэж өгч чадахгүй байна. Харамсалтай байна” хэмээн халаглаж уй гашуутай сууцгааж байв. Ганц төрсөн ах нь газартаа явсан байлаа. Талийгаачийг энэ баасан гарагт буюу маргааш ажил явдлыг нь өнгөрүүлөхээр болжээ. Талийгаач энэ байранд нагац эгчийнхээ хамт амьдардаг байж. Ингээд хэрэг явдлын талаар талийгаач Ж-гийн асран хамгаалагч буюу нагац эгч Б.Нарангэрэл эгчтэй ярилцлаа.

-Болсон хэрэг явдлын талаар та ярихгүй юу?

-6 сарын 5-нд 17.20 цагийн орчимд Нарны хороололын 18 дугаар байрны 22 давхраас үсэрч амиа алдсан гэсэн мэдээлэл авсан. Гэхдээ би хүн түлхэж амийг нь хохироосон гэж бодож байгаа.

-Амиа хорлосон гээд яриад байгаа. Амиа хорлох шалтгаан нөхцөл юу байсан юм бол?

-"Сохо мебель” компанийн захирал Жадамбаа гэж хүний туслахаар ажиллаад гурван сар болж байсан юм. Анх энэ ажилд зараар орсон бөгөөд хоёрдугаар сарын 20-нд орж тушаал нь гараад 5 сарын 31-н хүртэл ажилласан. Энэ хугацаанд тэр залуу охиныг минь их дарамталсан байх. Их архи уудаг залуу юм шиг байна лээ. Архи уухаараа л дарамталдаг байсан гэсэн. Өнгөрсөн сарын 30-ны орой 23.00 цагийн үед би талийгаач руу утасдсан "Юу хийж байгаа юм бэ, ирэхгүй юмуу” гэхэд "Манай захирал хүмүүстэй архи уугаад байна. Намайг машин бариад гэрт хүргэж өг” гэсэн. Тэгэхээр нь би санаа зовоод "Наадуулаа хаячихаад гараад ир” гэсэн. Удалгүй 20 минутын дараа гэртээ ороод ирсэн. Тэгээд би "Ийм дарамттай ажил юм бол ажлаасаа гар” гэж хэлсэн. Бид хоёр өвөртөө унтсан. Өглөө нам унтсан байсан. Өглөө нь ажлаас нь тасралтгүй утасдаад "Захирал чамайг асуугаад байна” гэсэн дуудлага ирсэн. Ажлаас нь хоцроочихлоо гэж би сандраад таксинд суу гээд мөнгө өгөөд явуулсан. Энэ өдөр бол сарын сүүлийн өдөр буюу 31 байсан. Өдөр 13.30 цагийн үед талийгаач надруу утасдаад "Нараа эгчээ намайг захирал зодчихлоо” гэхээр нь би яваад очъё гэсэн. Удалгүй өөрөө утасдаад "Захирлыг цагдаа нар ирээд аваад явчихлаа. Би гүйцэтгэх захирал Сэлэнгээтэйгээ Хан-Уулын цагдаа дээр явж байна” гэсэн. Цагдаад өөрийн гараараа өргөдөл бичиж өгсөн гэсэн. Өдөр гэртээ хүрээд ирэхээр нь би гэрээс гаргаагүй, ахыг нь дуудсан. Золбоод болсон асуудлаа бүгдийг нь ярьсан.

-Зодох шалтгаан нь юу байсан юм бол. Тэр тухайгаа танд хэлсэн үү?

-Хүнийг ажлын шахалтаар чангалж дарамталж болно. Гэхдээ тэгээгүй юм гэсэн. Надад ярихдаа "31-ний өглөө 10.00 цагийн үед ажил дээрээ очиход захирал гэртээ харьж хоноогүй бололтой согтуу байсан. Цээж нүцгэн өрөөндөө сууж байсан. Наад ширээгээ цэвэрлэ. Чи намайг өчигдөр орой орхиод явдаг хэн бэ” гээд уурласан гэсэн. Нимгэн хар даашинзтай очсон байсан бөгөөд хормой хотыг нь сөхөөд байхаар нь айхдаа ширээ мөргөж унахад араас үсэдсэн гэж ярьсан. Би харахдаа ширээ мөргөөгүй байх. Нүүр нь битүү хүнд зэргийн гэмтэл авсан. Тэгээд шүүх эмнэлгээр гэмтлийн зэргээ тодорхойлуулахаар явсан. Энэ хэрэг бүр зохион байгуулалттай гэж хэлнэ. Яагаад гэвэл энэ сарын 2-ны өдөр цагдаа дээр байцаалт өгөхөөр очиход өгсөн өргөдөл нь ч байхгүй, мэдээлэл ч байхгүй байсан гэсэн. Тэгээд ах нь дагуулж яваад өөрөөр нь дахин өргөдөл бичүүлээд, гэмтлийн зэргээ тодорхойлуулж шинжилгээ өгсөн. Одоогоор хариу нь гараагүй байна. Тэгээд хоёр өдөр эмнэлгээр яваад амралтын өдрүүд таарчихсан. Ингээд энэ сарын 5-нд ах дүү хоёр Хан-Уулын цагдаагийн 306 тоотод өргөдлөө өгсөн гэсэн. Гэтэл өргөдөл нь байхгүй байхаар нь ах нь цагдаагийн Ёсзүйн хороонд хандсан.

-Тухайн үед зодсоныг "Сохо мебель”-ийн камерийн бичлэгээр шүүлгэж болоогүй юмуу?

-Камерийн бичлэгийг шүүлгэхийн тулд цагдаагаас бичиг авдаг юм байна. Тэр бичгийг нь ахтайгаа явж авахдаа машинд солиод бичгээ хийчихсэн юм билээ. Тэрийгээ авахын тулд Цамбагаравт ахтайгаа хамт ирсэн юм билээ. Тэр үед талийгаач "Миний толгой өвдөөд” байна гээд ойрхон Эмийн сангаас эм авч бэр эгчтэйгээ хамт нэг, нэг уусан гэдэг. Удалгүй "өө би хариултаа авахаа мартсан байна” гээд гүйгээд явсан гэсэн. Тэгээд 16.30 цагийн үед алга болчихсон. Ах, бэр эгч хоёр тэр хавиар хайгаад олдоогүй. Удалгүй 17.00 цагийн үед өндөр байшингийн салхивчаар хүнд түлхүүлчихсэн юм шиг байгаа юм. Хамгийн хачирхалтай нь тэр компанийн камерийн бичлэг 3 сар болоод устдаг юм гэсэн. Гэтэл 6 сарын 1-нээс хойшхи бичлэгээ устгасан байгаа нь их нотой санагдсан.

-Цагдаагийн байгууллагаас амиа хорлосон гээд байгаа. Та нарын зүгээс хүнд түлхүүлсэн байх гэлээ. Үүнийг нь нотлох баримт хэр хангалттай олдсон бэ?

-Цонхны шилийг 10 хуруугаар хүчтэй цохиж дарсан мөр нь бий. Мөн гутлынх нь мөр бий. Хана маажиж самардсан мөр ч бий. Их хүчинд автагдаж, тэмцсэн бололтой ул мөрийг нь цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа.

-Захирлынх нь цагдаад өгсөн мэдүүлгээр талийгаачийг 30-нд ажилдаа ирэхдээ зодуулчихсан, хар нүдний шил зүүчихсэн ирсэн гэж мэдүүлсэн байгаа?

-Тэр бол худлаа ташаа мэдүүлэг байна. 30-ны орой 23.00 цагийн үед ажлаасаа таксидаж ирсэн. Би өвөртлөөд унтаад өглөө ажилд нь явуулсан хүн мэдэлгүй яах вэ дээ. Гүйцэтгэх захирал Сэлэнгээ нь улайм цайм худал хэлж, надтай  их ёозгүй харьцсанд нь сэтгэл эмзэглэсэн. Энэ золгүй явдлын дараа би охиныхоо нийгмийн даатгалын дэвтрийг авах гээд "Сохо мебель” дээр яваад очоод "Охин маань бурхан болчихлоо. Жадамбаа гэж захиралтайгаа уулзуулж өгөөч” гэхэд "Захирал байхгүй. Жавхаа 30-ны орой баарны гадаа 2 залууд зодуулчихсан гэсэн ш дээ” гэж худлаа хэлж байгаа юм даа. Шокноосоо ч гараагүй явж байгаа хүн эмзэглэсэн. Тийм зүйл болоогүй, 30-ны өдөр эв эрүүл сав саруул охиноо өвөртөлж унтаад өглөө нь явуулсан.

-Захирал намайг зодсон хэмээн худлаа мэдээлэл өгч айсандаа амиа хорлосон гэх асуудал ч яригдаад байгаа?

-Тийм зүйл байхгүй. Айсандаа амиа хорлоно гэж юу байх уу. Бид нар ямар нэгэн асуудлаар янз бүрийн тайлбар хийгээгүй байхад өөрсдийгөө өмгөөлж хаацайлж худлаа мэдээлэл тарааж болохгүй шүү дээ. Миний охиныг амиа егүүтгэчихлээ гээд байна. Харин ч би тэр Жадамбаагаас хүний амь нэхмээр байна.

-Ажил явдлын үеэр компанийнх нь зүгээс хүн ирж уулзсан уу. Захирал Жадамбаа гэдэг нь ямархуу хүн байдаг юм бол?

-Уй гашуу болсон байхад нэг ч хүн ирсэнгүй. Захирлыг нь утасдах болов уу гэж ажил дээр нь би утасны дугаараа, иргэний үнэмлэхээ хуулбарлаж ч үлдээсэн. Өнөөдрийг хүртэл ярьсангүй. Би тэр хүнийг барьж аваад зодохгүй нь мэдээж. Үнэхээр болсон процессыг үнэн зөвөөр нь хэлсэн бол адаглаад уучлалт ч гуйчих ухамсаргүй хүн юм даа гэж бодож сууна. Өөрийнх нь туслах эмэгтэй нас барчихаад байхад чимээгүй байгаа нь ноотой. Жадамбаа 1979 онд төрсөн, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг залуу гэсэн. Тийм хүн байж жаахан охиныг оролдож чангаасан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ амиа хорлотол нь дарамталж айлгана ичээнэ гэдэг чинь юу гэсэн үг юм бэ.

Охин маань зодуулсан асуудлаар цагдаагийн байгууллагаар явж байтал ажлаас нь аль хэдийнэ халчихсан байгаа юм. Талийгаачийн найз охин нь ажил хайгаад зар хартал "Сохо мебель” компанийн зүгээс "Захирлын туслах ажилд авна” гэсэн зар өгчихсөн байна гэсэн. Энэ хэргийн талаар өөрсдийнхөө толгойг хамгаалаад байгаа нь хачирхалтай.

-Та хэргийн газарт нь очсон уу. Нарны хороолол орчимд камер байсан уу?

-Би хэргийн газарт нь очсон. Гэхдээ дээшээ 22 давхарт нь гарч үзээгүй. Камер бол байсан. Цагдаа нар бичлэгийг харуулсан, талийгаач Приүс-30 машинаас их цоглог бууж ирээд, орц руу яаран яаран гүйж орж байгаа нь харагдсан. Тийм хоромхон хугацаанд амиа хорлох тухай бодож амжина гэж байхгүй. Хэзээ ч амиа хорлох тухай бодох хүүхэд биш. Их сэргэлэн дайчин охин байсан, даанч харамсалтайгаар...16 давхар хүртэл лифтээр яваад 22 давхар хүртэл шатаар явсан байгаа юм. Тэнд нь хүн хүлээж байсан юм болов уу мэдэхгүй байна. Тэр давхруудад нь камер байдаггүй юм билээ.

-Нарны хороололд амьдардаг байсан гэх мэдээлэл үнэн үү?

-Тэр бол худлаа мэдээлэл. Надтай энд амьдардаг байсан. Нарны хороололд таних ч хүн байхгүй, тийшээ очих шаардлага ч байхгүй. Тэгэхээр тэнд хүн дуудсан байж магадгүй хэмээн хардаж байгаа юм.

-Талийгаач зан аашийн хувьд ямархуу хүүхэд байсан бэ?

-2011 онд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд 2015 онд ХААИС-ийг газар тариалан үйлдвэрлэлийн менежмент гэсэн ангиар төгссөн. Охин маань их сэргэлэн, хурц зантай. Хүний асуусан асуултад өөрийн гэсэн хариултыг олоод хэлчихдэг, өөрийгөө өмгөөлж хамгаалах чадвартай хүүхэд. Хятад хэл сурч байсан, англиар ярьчихдаг оюуны потенциал сайтай охин байлаа. Миний охин бүтэн өнчин гэж хэлүүлэх дургүй, тийм нэг шартай шазруун зантай байсан.

-Тантай 11 настайгаасаа эхэлж хамт амьдарсан гэсэн үү?

-Тийм. Аав нь 9 настай байхад нь ээж нь 11 настай байхад нь нас барсан юм. Миний охин бие хаа зүс галбирын хувьд муухай биш. Тийм учраас би байнга санаа зовдог юм.

-Ажилд ороод гурван сар болжээ. Энэ хугацаанд захирал дарамталдаг гэж ярьдаг байсан уу?

-Эхэндээ их аятайхан байсан бололтой. Надад "Манай захирал их сайн байгаа. Олон талын мэдлэгтэй хүнээс авах юм их байх юм” гэж ярьж байсан. Тэгээд 5 сараас эхлээд "Энэ ажлаас гармаар байна” гэдэг болсон. Бид хоёр энэ ажилд нэг зорилготой орсон. Би "Чи зургаан сар ажиллаад нийгмийн даатгал бөглүүлчих. Тэгээд би чамд банкны лизенгээр Приүс-30 машин авч өгнө” гэсэн юм. Энэ зорилгоо биелүүлэх гээд зайлуул их тэвчсэн байх. Эцэстээ тэвчихийн эцэсгүй болтол дарамталж байгаад амь насанд хүрлээ гэж харамсаж байна.

Олон жилийн өмнө Жадамбаагийн найз бүсгүй цонхоор үсэрч амиа алдаж байсан гэх мэдээлэл байгаа юм. Энэ талаар талийгаачийн эгч ярьсан бөгөөд "Тодорхой баримттай эх сурвалж хэлсэн” гэв.

Ар гэрийнхний зүгээс энэ хэргийн үнэн зөвийг л тогтоож өгөхийг хүсч буйгаа илэрхийлсэн.

 О.Сайхан

http://www.zaluu.com/read/13d942ceg

Санал болгох

Сэтгэгдэл

top