|

Битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

batdorj 2019/01/23 957 0

Монгол түмний уламжлалт баяр болох Цагаан сар болоход хэдхэн хоног үлдлээ.  Уншигч та бүхэндээ битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлсийг хүргэж байна.

-Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэх, айлд хонохыг цээрлэнэ. Айлд хоносон хүн шинэ ондоо тэнүүлчилнэ, мөн айлд хоновол сүнс төөрнө гэдэг. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг юм.

-Битүүний өдөр нохой зодохыг цээрлэнэ. Зодвоос урган гарах шинэ онд гай гамшиг тохиолдоно хэмээгээд харин нохойг цадтал нь хооллодог.

-Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус, угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл чөтгөр ам долоож, яр шарханд баригдана.

-Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунираа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэдэг. Чөтгөр хорлоно  хэмээн үздэг байна.

-Өлмөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэхийн учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.

-Гэр орондоо хэл ам хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга бархирахыг цээрлэнэ. Эс тэгвээс шинэ ондоо хэрүүл тасрахгүй айл гэр, улс орон амар тайван бус байна хэмээн үздэг.

Шинийн нэгэнд:

-Энэ өдөр гол горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ.Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой.

-Үйл мэтгэн оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэнэ. Шинээр оёдог. Энэ нь сайн сайхны билэгшээл болж урт удаан наслахын зөн гэгддэг.

-Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир гэвээс гарзын үүд нээгдэж олзын үүд хаагдана. Бусдад өглөггүй, бусдаас авлагагүй байхыг хичээ.

-Уйлах, хэрэлдэхийг цээрлэ. Зөрчвөөс жилйин турш хэрүүл шуугиан, зовлон үл тасрана.

-Зуух, тулганы үнс хогоо гаргаж хаяхыг цээрлэнэ. Шинэ он гарахаас өмнө гэр орон орчин тойрноо цэмцийтэл цэвэрлэж сайхан болгодог.

-Билэг дэмбэрэлгүй үгс хэлэх, мал нядлах, ан гөрөө хийж, араатан амьтны амь тасалваас үхэл хагацал нүүрлэнэ хэмээх нь бий.

-Шинэ сарын шинийн долоонд ах дүү, амраг садан, айлд очиж золгохыг цээрлэнэ. Эл өдрийг хар өдөр гэх тул ийнхүү цээрлэдэг байна.

-Эхнэр, нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэдэг. Золговоос хагацаж сална.

-Архи ууж агсам согтуу тавьж хөлчүүрхэж шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захыг ёс жаягийг зөрчихийг цээрлэнэ.

-Биедээ мэсний зүйл авч явахыг хориглоно.

 

 


Санал болгох

Сэтгэгдэл

top