|

МОНГОЛЧУУДЫН ЦЭЭРЛЭХ ЁСНООС: ГАДНЫ ХҮНИЙ ДЭРГЭД ҮЙЛДЭЖ БОЛОХГҮЙ ҮЙЛДЛҮҮД

marsbold 2016/07/02 1568 0

Хүн хүнээ хүндлэх гэдэг хорвоогийн ёс. Тэр дундаа дээл захтай, хүн ахтай гэгчээр манай Монголчууд нэгнээ хүндэлж ирсэн арвин баялаг түүхтэй. Мөн ардын сургааль ч асар их бий. Хүнийг хүндлэх, эс хүндлэхийг ардын цээрлэх ёсны хураангуй толиос хүргэж байна.

— Хүнд юм өгөхдөө шидэх, чулуудах, хаяхыг цээрлэнэ. Заавал хоёр гараэр барих буюу баруун гартаа барин зүүн гараараа тохой дороос нь түшиж өргөн барина

— Хүнд юм өгөх, хүнээс юм авахдаа хуруундаа өлгөх, гарын салаагаар авах, өгөхийг цээрлэнэ. Зөрчвөөс хишиг буянд муу гэх буюу ичгүүргүй, Ёс мэдэхгүй гэгдэнэ.

Хүний (хар элгийн хүн) хажууд хүүхэд багачуудаа загнан зандрах, зэмлэхийг цээрлэнэ. Гаднын хүн байхад зайлшгүй анхааруулах болон зөөлөн дуугаар сануулах, тун болохгуй бол нүднийхээ харцаар зэмлэнэ. Үл хэрэгсвээс хүүхдийн зан эвдэрнэ, үг үнэгүй болно гэнэ.

— Хүний дэргэд хэхрэх, унгахыг цээрлэнэ. Зөрчвөөс болхи толхи, заваан гэгдэнэ. Басхүү жигшигдэнэ.

— Хүний дэргэд хамар амаа ухахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс бүдүүлэг гэгдэнэ. Дургүйг хүргэнэ.

— Хүний дэргэд амаа халхлахгүй эвшээх, биеэ маажих, гутлаа тайлахыг цээрлэнэ. Тийн үйлдвээс бусдын ойг гутаана, өөрөө үнэ хүндээ барна.

— Хүний дэргэд өмдеө тайлах, өмнөх мөн өмдний тэлээ, товчоо тайлах , товчлох, гэлээлэхийг цээрлэнэ. Галзуу солиотой, эргүү мунхаг, эрээ цээр мэдэхгүй

. бүдүулэг хүн л тийн үйлдэх бөлгөө.

— Хүний дэргэд болон орон гэр, олны хөлийн газар нус цэрээ хаях, нусаа нийхийг цээрлэнэ. Зөрчвөөс нэр нүүр гутна, бохир балиар гэгдэнэ.

— Хүний дэргэд эр, эм хүмүүн үнсэлдэх, бие биеэ сэртэндэх, хурьцал үйлдэхийг цээрлэнэ. Зөрчвөөс адгуус малаас дор хэмээн жигшигдэнэ.

— Хүний дэргэд эм хун хүүхдээ хөхүүлэхээс бус цагт дэлэн хөхөө ил гаргахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс ёс журамгүй, эрээ цээргүй, савсаг шалиг хэмээгдэнэ.

— Хүний дэргэд айл гэрийн эр эм хоёр хэрэлдэх, муу муухайгаа дуудах, өвөр хоорондоо нууцыг дэлгэхийг цээрлэнэ. Тийн үйлдвээс нэр хүндээ барна, дорд үзэгдэнэ.

— Хүний дэргэд гуя хасаа ил гаргах, хүнд хөнгөнөөр гадаалахыг цээрлэнэ. Зөрчвөөс нэр нүүргүй болно.

— Хүний дэргэд хүүхэд багачууд, нохой, малаа зодохыг цээрлэнэ. Зодвоос зочин. айлчиндаа дургүйцлээ, төвөгшөөлөө, ад үзлээ гэх санаа төрүүлнэ.

— Хүний дэргэд аяга тагш, сав суулгаа чанга тавих, дуугарахыг цээрлэнэ. Хэрэв тийн үйлдвээс айлчин, зочин, андын холбоотон, ахан дүүсийн хэн аль нь гэрийн эздийг уурлаж, дургүйцэж байна хэмээн ухаарна, Санаандгүй үйлдвээс заавал өршөөл уучлал гуйн цагаашруулна.

— Хүний (айлын) ширээ өрийг алгадах, дэлдэх, хумслах, хутга мэсээр сэвтээхийг цээрлэнэ. Ширээ өрийг гэрийн эзний нүүр царайтай адилтган үздэг тул тийн үйлдвээс алгадсан, зодсон. сэвтээж гэмтээснээс өөрцгүй үзэн жигшинэ.

— Хүний бие, толгой хөлд дураараа гар хүрэх, цохихыг цээрлэнэ. Хүнээс эрхэм эрдэнэ хорвоод үгүй хэмээн дээдлэх учир тийнхүү цээрлэнэ.

— Хүний амар мэндийг асуухдаа хугаслах, тоочлохыг цээрлэнэ. Заавал бүтэн үгээр «Сайн байна уу?», «Амархан сайн байна уу?», «Амар амгалан уу?» гэх мэтээр асуух нь хүндлэх, мэндлэх ёсоо мэддэг журамтанд тооцогдоно.

— Хүний өөд болсны дараа дөчин ес хоногийн дотор мал хөнгөлөхийг цээрлэнэ. Хөнгөлвөөс нүгэл нь зузаарна гэх буюу төрөл олоход нь саадтай, төрөл олж хүн амьтан болбол сувай судар, үр төлгүй, эр эм нь мэдэгдэхгүй манин болно гэнэ.

Хүнийг өөд (төрөл садны) болсны дараа 49 хоног дотор мал нядлах, амьтны амь бүрэлгэхийг цээрлэнэ. Зөрчвөөс нүгэл аривжина.

Хүнтэй уулзахдаа хомхой (долоовор) хуруугаа гозойлгох, заахыг цээрлэнэ. Зөрчвөөс нүдэнд нь хуруугаа хийлээ гэх буюу харааж зүхсэнтэй адилтган үзнэ.

Хүнтэй ярилцахдаа гараа савчих, дохиж зангах, дал мөрөө хавчихыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс хөнгөмсөг, ёргио, ёс мэдэхгүй гэгдэнэ.

Хүнтэй ярилцахдаа өөдөөс нь шүлсээ үсэргэх, ханиах, найтаах, хялайх, ярвайх, тамшаалах, хөмхийгеө зуух зэргийг цээрлэнэ. Зөрчвөөс заваан бүдүүлэг, ихэрхэг сагсуу гэгдэнэ.

— Хүнд зүүн гараар юм өгвх, авахыг цээрлэнэ, Монголчууд зүүн гарыг буян хишгийн, ба- руун гарыг өглөгийн гар гэх тул баруун гараар өгөх, авахыг хүндлэх ёсонд нийцнэ хэмээн үздэг.

— Хүний адуунд дураараа уурга барихыг цээрлэнэ. Эзэн нь гуйсан, зөвшөөрсөн бол сая уурга барих бөгөөд эзан нь байхгүй байхад уурга бариваас хэн алиныхаа хишиг буянд муу гэнэ.

— Хүнийг «үхлээ» хэмээн хэлэхийг цээрлэнэ. Өөд болов, нас барав, бие барав, бурхан болов, нөгчлөө, бүрлээч, талийгаач боллоо гэх мэтчилэн хэлдэг заншил буй. Үүнд хаан хүнийг халив, тэнгэр болов гэх буюу ихэс дээдэс, хутагт ламыг өед боллоо, таалал төгслөө гэнэ.

— Хүнийг ганц хуруугаараа заах, чичлэхийг цээрлэнэ. Зөрчвөөс үл хүндэлсэн, малаас дор хэмээн хараасантай адилтган үзнэ.

— Хүнээс зээлж авсан, эс бөгөөс юмтай ирсэн савыг хоосон буцаахыг цээрлэнэ. Заавал идээ будааны зүйл хийж буцаана. «Бэлгийн савыг хоосон буцаадаггүй» нь өгсөн, авсандаа өлзийтэй, хишиг буяны даллагатай гэхийн учир тийн белгөө.

Х.НЯМБУУ, Ц.НАЦАГДОРЖ

МОНГОЛЧУУДЫН ЦЭЭРЛЭХ ЁСНЫ ХУРААНГУЙ ТОЛИОС Улаанбаатар 1993

Санал болгох

Сэтгэгдэл

top