|

С.ЖАВХЛАН, О.БААСАНХҮҮ ХОЁР БАРЬЦ СОНГОХ ЭРХТЭЙ

munkhbat 2018/11/21 581 0

С.ЖАВХЛАН, О.БААСАНХҮҮ ХОЁР БАРЬЦ СОНГОХ ЭРХТЭЙ

 

МАН-ын бүлгийн 27 гишүүн завгүй байна. Бүлгийн даргын суудлаасаа буусан Д. Хаянхярваа тэргүүтэй гишүүд Ардын Засгийн унагахаар завгүй яваа. Төрийн түшээд Төрийн ордонд сэм цуглаж, Засгийн газрыг огцруулах хуйвалдааныг зохион байгуулж байгаа дүр зургийг л ард түмэн харж байна.

Тэд ЖДҮХ сангаас нэр бүхий УИХ-ын гишүүд, сайд дэд сайдууд, төрийн байгууллагуудын дарга нар  зээл авсан дуулиан Засгийг унагаахад хүргэж байгааг мэдэгдэж буй. УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр МАН үнэмлэхүй олонх болсон.  Гэтэл УИХ-д 64 суудалтай МАН-ынхан өөрсдийн байгуулсан Засгийн газраа өөрсдөө унагаахаар гарын үсэг цуглуулж, эгнэж зогсоод хэвлэлийн хурал хийж ард түмний зэвүү дургүйг хүргэж эхэллээ. Засгийнхаа эсрэг хөтлөлцөн гарч ирсэн 27 гишүүнийг ард түмэн ад үзэж байна. Цахим орчинд ч тэдэнд дэмжлэг алга. Чулуу өрж айл гэр болж тоглож суугаад уйдахаараа хаяад гэр лүүгээ гүйж байгаа жаал шиг аашилж байгаа үйл явц МАН-ын түүхийг хараар будаж байна. 

Засаг огцруулахтай зэрэгцэн АН улстөрийн зөвлөлөө хуралдуулж шийдвэр гаргажээ. Мэдээж тэд хуралдаанаар У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахыг дэмжих нь зүйтэй хэмээн байр сууриа нэгтгэсэн. Ард түмэн хийгээд улсын эрх ашиг бол тэдэнд огт хамаагүй. Гагцхүү МАН муухай харагдах бүхнийг сөрөг хүчнийхэн хоёр гараа өргөн дэмжиж бичигдээгүй хуультай шүү дээ. Өнгөрсөн он жилүүдэд Монгол төрийн толгойд заларч ирсэн ялгарах юмгүй хоёр намын дүр зураг үнэндээ ийм. МАН-ын Засаг унагахаар шийдсэн "өшөө авагчдыг” АН-ынхан дэмжсэнээр тэдний бохир төлөвлөгөө биелэхэд илүү дөхөм болчихлоо. Гэхдээ шийдвэр гарахад хүч дутна. Энэ удаад С.Жавхлан, О.Баасанхүү хоёр барьц сонгох эрхтэй болж байгаа юм. Парламент дахь гурав дахь хүчний төлөөлөл УИХ-ын гишүүн О.Баасанхүү, бие даагч гишүүн С.Жавхлан нарын саналаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох эсэх нь хамаарна гэсэн үг. Тэдний кноп үнэд хүрнэ.

Тэгвэл  УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ талаар "Засгийн газрын зарим нэг сайдуудыг огцруулах шаардлага байгаа. Миний хувьд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг судалж байна. Өргөн барьсан бичигт дурдсан үндэслэлийг харвал огцруулахыг дэмжихээс аргагүй. Гэхдээ үндэслэлүүдийг хэр бодитой вэ гэдгийг харах хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлж байна. Харин С.Жавхлан гишүүн одоогоор байр сууриа илэрхийлээгүй байна. 

Тэд ямар барьц сонгохоос Засгийн ирээдүй шийдэгдэнэ. Тэдэнд эрх нь байна. 

П.ГОО
Оллоо.мн

Санал болгох

Сэтгэгдэл

top