|

Ерөнхий сайдыг огцруулах “ажиллагаа”-нд УИХ-ын гишүүд гарын үсэг зурсаар байна

namuunaa 2015/09/21 1663 10

 Монгол улсын Үндсэн хуулийн 25-р зүйлийн нэг хэсгийн 6, УИХ-ын тухай хуулийн 7-р зүйлийн 3, Засгийн газрын тухай хуулийн 4-р зүйлийн  2-т заасныг тус тус үндэслэн  Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг  УИХ-ын гишүүн Г.Уянга өргөн  барихаар өнгөрсөн  сараас эхлэн УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулаад байгаа.  


Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  АНЭУ-д айлчлах үеэрээ  Оюутолгойн орд газрыг  ашиглах гэрээний нэг тал болох Рио Тинто болон  өөр компанитай "Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө” гэгчид  Монгол улсын  Засгийн газар гарын үсэг зурахдаа УИХ-д мэдээлэлгүйгээр "далд уурхайн санхүүжилт” нэрээр Оюутолгойн  ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан нь өөрөө огцрох үндэслэл гэдгийг  Г.Уянга гишүүн тогтоолын төсөлдөө тусгаад байгаа.  


Одоогоор уг тогтоолын төсөлд  Г.Уянга, Ц.Даваасүрэн,  Х.Болорчулуун,  С.Ганбаатар, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ, Р.Амаржаргал, О.Баасанхүү, Ж.Энхбаяр нарын  10  гаруй гишүүн гарын үсэг зураад байна.

Хэрвээ 20 орчим УИХ-ын гишүүн гарын үсэг зурвал тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх боломжтой болох юм.

 Тиймээс Г.Уянга гишүүн  гишүүдийн гарын  үсгийг цуглуулах ажиллагаагаа үргэлжлүүлэх бөгөөд УИХ-ын намрын ээлжит чуулганаар  тогтоолын төслөө өргөн барьж, хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгааг эх сурвалж мэдээлж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top